sonin.mn

Багын дуулж, бүжиглэх авьяастай байсан бяцхан охин урлагт хөл тавиад өдгөө 40 орчим жил болжээ. Өнгөрсөн хугацаанд урлагийн тайзнаа хувираагүй, бүтээгээгүй дүр гэж түүнд үлдээгүй биз ээ. Ингээд Монголын хошин урлагийн алтан үеийн төлөөлөл болох МУГЖ Б.Туяа эгчийгээ энэ удаагийнхаа дугаарын зочны хойморт урин ярилцлаа. Уншигч авхай таны оюуны мэлмий таалан хүлээн авна уу.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авсанд баярлапаа. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Эх орны дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэд түгдэг 74 жилийн түүхтэй "Эх орны манаа" сонинд ярилцлага өгч байгаадаа тун баяртай байна. Би хамгийн сүүлд Дорнод аймгийн Дашбалбар сумын ард иргэдэд урлагаар үйлчлээд ирлээ. Мөн хүүхдийн дууны "Мөрөөдлийн" нэртэй цомгоо гаргаад удаагүй байна. Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн дууны уран бүтээл дээрээ илүү түлхүү ажиплаж байна даа.

-Хүүхэд багачуудад зориулж гаргасан "Мөрөөдлийн" хүүхдийн дууны тань шинэ цомогт ямар уран бүтээлүүд багтсан бэ. Та өөрөө бас дууны шүлэг бичдэг байх аа?

-Ганц нэг дууныхаа үгийг өөрөө бичсэн. Шинэ цомогт миний өөрийн дуулсан "Яагаад", "Муухай жаал", "Хэргийн эзэн", "Дэгдээхэй", "Мөрөөдлийн цэрэг" зэрэг хүүхэд багачуудын дуулах дуртай болоод шинэ уран бүтээлүүд багтсан байгаа. Гэрэлт-Одын үг, ая "Мөрөөдлийн цэрэг"' дуу их сайхан уран бүтээл болсон. Хүүхдүүдэд маш их таалагдах байх.

"Би дарийн утаа үнэрлэж үзээгүй
Дайсны араас мөрдөж мөшгөөгүй
Онгоцоор нисч ч үзээгүй
Жагсаалд явж ч үзээгүй
Гэхдээ би дэлхийн талыг мориор туулсан дээдсийн удам аа
Бургасан шилбүүр морио унаад
Бууны оронд саадгаа агссан
Би мөрөөдлийн цэрэг ээ..." Төгсгөлд нь,
"Хороо цэргийн жанжин байлаа
Хотон дотроо баатар нь явлаа
Хонинууд ноомхон" гэж дуусдаг юм.

-Та хэзээнээс хүүхдийн дуу дуулах болсон бэ?

-Би бага байхын л дуулдаг охин байсан. Миний тав, зургадугаар ангид байхдаа дуулж байсан,
"Аавын авч өгсөн алаг эрээн бөмбөгөө
Өөрийн муугаас болоод хаяж орхилоо яана даа би..." дуу Монголын радиогийн алтан фондонд одоо ч бий. Анх би 1976 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж байлаа.

Тэндээс миний хүүхдийн дүрд тоглох гол тулгуур эхэлсэн. Өөрөө ч мөрөөдөж байсан. Түүнээс үүдэн хошин урлагийн театрыг 1990 онд байгуулж бие даасан номер хийж эхэлсэн. Миний бие даасан хүүхдийн болон томчуудад зориулсан бүх номерууд өөрийн гэсэн дуутай. Ялангуяа хүмүүсийн сайн мэддэг "Жаахан цэрэг" гэдэг номер байна. Хошин юм аа яриад, жаахан цэргээ шоглоод дуулдаг. Бас "Наймаачин" гэдэг номер байна. Наймаанд яваад шатсан эр нөхрүүдийн тухай. Дараа нь эхнэрүүд нь наймаанд яваад наймаачин болоод дуулдаг гэх мэтчилэн хошин урлагаа дуутай болгочих юмсан, мюзикль тал руу нь хөгжүүлэх юмсан гэдэг үүднээс бүх номеруудаа хийж байлаа.

Хошин урлаг гэдэг цаг үетэйгээ их холбоотой. Ялангуяа ганцаарчилсан номер. Тэр дундаа томчуудад зориулсан номерууд тухайн цаг үед мартагдаж, дуу нь дуулагдахаа больдог. Энхрий бяцхан үрс минь энх өсөн торниж байгаа учраас хүүхдийн сэдэвт дуу олонд их хүрдэг. Одоогийн хүүхдүүд голдуу том хүний дуу дуулдаг болж. Тиймээс аав ээж нь тэдэнд зориулсан хүүхдийн дууг дуулуулах хүсэлтэй байна. Би хамгийн анх 2006 онд "Хэргийн эзэн" хүүхдийн дууны цомог гаргасан. Хүмүүс дахин хүүхдийн дууны цомог гаргаач гэж хүсч байна. Ингээд би хүүхдийн дууныхаа хоёр дахь цомгийг. гаргасан.

-Ингэхэд та ээжээсээ хэдүүлээ вэ. Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ. Хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг баяр бол яах аргагүй зургадугаар сарын 1. Энэ баярыг багадаа яаж тэмдэглэдэг байв?

-Би таван хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Манай эгч хөгжим их гоё тоглоно. Харин эмэгтэй дүү, бид хоёр дуулна, бүжиглэнэ. Хоёр эрэгтэй дүүтэй. Нэг нь их томоотой. Бүр суумал бурхан нэртэй. Дуугардаг ч үгүй, сууж л байдаг тийм хүүхэд байсан. Нөгөө дүү минь манайхыг Налайхаас хотод шилжиж ирэхэд хожуу төрсөн болохоор нэлээд эрх байсан. Би цэцэрлэгт нь хүргэж өгдөг байлаа. Намайг төрөхөд манай гэр одоогийн Соёлын төв ордны буйран дээр байсан юм.

Мөн "Зориг сан"-ийн байгаа байранд ясли, цэцэрлэгт явдаг байсан юм билээ. Аав минь Налайхын Намын хороонд томилогдож манайх тэндхийн айл болсон. Би бага байхын л дуулдаг, нугардаг, бүжиглэдэг охин байлаа. Налайхын Хүүхдийн секторын дугуйланд явна. Маш олон концертод оролцож дуулна. Бас албан газрын концертод дуулдаг байлаа, Тэр үед Налайх руу автобус цөөхөн явдаг байсан юм. Хот руу ихэнхдээ вагоноор явна. Энэ хоёрын хооронд ирж буцах замдаа купе болгоноор орж дуулаад хормой дүүрэн чихэртэй вагоноос буудаг байж билээ. Манай гэрийнхэн баяр ёслолыг албан ёсоор их сайхан тэмдэглэнэ.

Намайг бага байхад одоогийнх шиг юм ямар элбэг байсан биш. Ээж минь их гоё юм оёдог болохоор баяраар охин дүү бид хоёрт ижил даашинз хийж өгөөд түүгээр нь гангарна. Нэг удаа ээж надад нугарахад өмсдөг хувцас хийж өгөх гээд сунадаг материал хайсан олддоггүй ээ. Гэтэл Налайхын секторын эрхлэгч Нарангэрэл эгчтэй автобусанд явж байгаад цонхных нь хөшиг хайж байсан материалтай нь адилхан байсан тул жолоочоос нь гуйж аваад надад майк, турсик хийж өгч байсан юм. Тэгээд бодохоор ээж минь намайг урлагийн хүн болгохын төлөө их зүтгэсэн. Ингэж миний анхны уран бүтээл Налайхын тайзан дээр эгшиглэж байлаа.

-Хүүхэд бүр бага байхдаа том болоод ямар мэргэжилтэй болохоо мөрөөддөг шүү дээ. Таны хувьд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Миний ээж эмч мэргэжилтэй болохоор намайг эмч болгоно гэдэг байсан. Би" өөрөө ч эмч болно гэж боддог байлаа. Гэтэл 1974 онд "Нэг ангийн хоёр" кинонд тоглосноор би Монгол кино үйлдвэртэй холбогдсон юм. Яасан гэхээр, кинонд тоглосны дараа орчуулгын болон уран сайхны кинонд дуу оруулдаг болсон. "Мартагдашгүй намар" киноны Сарнай, "Илүү сартай зун" киноны Оюунаа, "Гарын таван хуруу" киноны Оюунцэцэг зэрэг маш олон кинонд дуу оруулснаас гадна орчуулгын кинонд бас оролцоно.

Хичээлээ тараад оройны 21.00 цагаас эхлээд шөнөжин дуу оруулна. Ингэж байхдаа Монгол кино үйлдвэрийн алтан үеийнхэн болох Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Н.Дагийранз, Л.Дамдинбазар Бат-Өлзийгийн аав мэнгэт Осор, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, М.Бадамгарав зэрэг олон сайхан жүжигчидтэй шөнөжин хамтдаа байж, тэдний дуу оруулж байгааг харна, цайг нь зөөнө. Ингэж явахдаа энэ мэргэжилд дуртай болсон. Тэгээд л наймдугаар ангиасаа жүжигчин болно гэж шийдсэн дээ.

Жүжигчин гэдэг зүгээр дуулаад, бүжиглээд явах биш ийм сайхан, кинонд дуу хийнэ гэдэг ийм гоё байдаг юм байна гэдгийг мэдэрсэн гэх үү дээ. Ийм учраас зүрх сэтгэлээ хөдөлгөж олон ч кинонд дуу оруулсан. Хүмүүсийн сайн мэдэх, хуучин ЗХУ-ын "Сургуулийн вальс", "Зүүдэнд ч оромгүй явдал" зэрэг киноны гол дүрийн охидуудад дуу оруулсан. Мөн "12 жил", "Буурдай" зэрэг маш олон хүүхэлдэйн кинонд дуу орууллаа. "Дамби" олон ангитай хүүхэлдэйн киноны бүх дүрд ганцаараа дуу оруулж байсан. Энэ мэтчилэн сүүлдээ ажилдаа тун дуртай болж, улмаар Хүүхэлдэйн театрт анх жүжигчнээр орсон юм.



-"Нэг ангийн хоёр" МУСК-д тоглосноор таны жүжигчин болох зам нээгдсэн гэдэг. Киноны гол дүрд анх хэрхэн тоглохоор болсон тухайгаа ярьж өгөөч?

-Намайг долдугаар ангид сурч байхад Монгол кино үйлдвэрийн найруулагч УГЗ, кино найруулагч Х.Дамдин, Сэлэм Тогмидод тоглодог МУГЖ Ц.Цэрэндорж ах нар хотын сургуулиудаар явж кинонд тоглуулах хүүхдүүдийг сонгоход нь би шалгардаг юм байна. Ингээд бөөн баяр. Тэгсэн бүх хүүхдүүдийг шүлэг уншуулахаар боллоо. Би ч "Америкийн офицерийн нинжин сэтгэлийн тарчилгаанд..." гээд "Солонгосын Зояа" гэдэг ганц мэддэг шүлгээ уншсан. Гэтэл хасагдчихлаа. Ингээд хоёрдугаар ээлжээр гарсан хүүхдүүдээ нэг нэгээр нь ор гээд дуудахаар нь өөрийгөө асуусан чинь тэнцээгүй байх гэлээ.

Тэгэхээр нь, "Би орно оо" гэтэл зарим хүүхдүүд, "Хасагдчихаад орж яадаг юм" гэхэд, зарим нь ч, "Миний урдуур орчих" гэлээ. Тэгэхээр нь би шүүгч нар дээр ороод шууд л уйлчихав. Тэгсэн надаас, "Яагаад уйлаад байгаа юм?" гээд асууж байна. "Би шүлэг уншиж чадахгүй ч гэсэн жүжиглэж чадна" гээд хэлчихэв. Тэгсэн шүүгч нар "Битгий уйл" гэж хэлээд надаар этюд хийлгэлээ. Ингээд яахав ангийн хүүхдүүдийн тоонд нь орчихдог юм байна. Хэсэг хугацаанд шалгарсан хүүхдүүдээ судалж байгаад гол дүрийн Туяад тоглуулах гурван хүүхдийг шалгаруулахад миний нэр түүнд нь багтчихсан байдаг байгаа.

Ингээд гол дүрд тоглох болоход зохиолын гол дүр нь надтай адил нэртэй учир Туул болгон өөрчилсөн юм. Шапгаруулалтын дараа кино үйлдвэрээс ирж авна гээд хэлчихсэн болохоор хичээлээ тараад шууд гэртээ ирнэ. Нэг хэсэг концерт энэ тэр гэж явахаа больсон. Орой болгон хэзээ ирж авах бол гээд хүлээнэ. Тэгсэн чинь нэг өдөр хаалга тогшлоо. Онгойлгоод өгтөл кино үйлдвэрээс явж байна гээд нэг хүн ороод ирдэг юм. Бөөн баяр бололгүй яахав. Ингээд дэлгүүрүүдээр орж хувцас үзнэ гээд дагуулаад явахаар нь дотроо, "За ямар ч байсан кинонд тоглохоор болж" гэж бодсон. Маргааш нь шууд зураг авалт эхэлж, хөөрхөн эрээн шуба, томоо үнэгэн малгай өмсгөөд анхны зураг авалтад орж байлаа даа.

-Киноны зураг авч эхлэхэд их сандарсан уу. Тэр үед хөгжилтэй, дурсамжтай явдал хэр олон тохиолдсон бэ?

-Тайзан дээр дуулж, бүжиглээд нүүр хагарчихсан, их нээлттэй охин байсан учир тэр үед сандарч, ичих юм байгаагүй л дээ. Ерөөсөө кинонд тоглоно гээд зорьсон болохоор маш зоригтой байсан. Муу тоглож болохгүй гэдэг даалгавар хүртэл өөртөө тавьсан. Тийм болоод ч тэр үү, зураг авалтын үеэр найруулагчдаа загнуулж, уйлах шалтгаан гарч байгаагүй юм байна. Одоо заримдаа би өөрийгөө их гайхдаг юм. Онгоц нисгэх гэж байгаа хэсгийн зургийг натурт гарч авсан. Баянчандманийн хойд талын Мухар ууланд бүх хүүхдүүдийг авч очоод нэг гэрт байрлууллаа. Миний хувьд анх удаа гэрээсээ хол явж байгаа нь тэр.

Зураг авах болтол бороо ороод, гэрээсээ гарч үзээгүй би чинь гэрийнхнийгээ санаад уйллаа. Гэтэл туслах найруулагч биднийг хоорондоо муудалцсан байна гэж ойлгож л дээ. Тэр надаас яагаад уйлав гэж асууж байна. Би гэрээ санаад гэж хэлэхээс ичээд, "Миний гэдэс өвдөөд байна" гэж орхилоо. Эм өгөхөөр нь уусан болчихоод "За болъё болъё" гээд уйлахаа больж билээ. Тэнд бараг cap шахам болсон, Одоо бол сарын хугацаанд бүрэн хэмжээний уран сайхны кино хийчихэж байна шүү дээ. Ингэж "Нэг ангийн хоёр" кинонд тоглоод би хоёр юмаар их баян болсон доо.

Тухайн үед хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн кино байгаагүй болохоор үе тэнгийн хүүхдүүдээс бараг 3000 орчим найзлая гэсэн захидал ирсэн. Зусланд амрахад бүх хүүхдүүд намайг таньдаг юм шиг найзууд болцгоосон. Түүнчлэн кинонд тоглосны дараа дуу оруулдаг ажилтай болсон. Тэр үед кинонд тоглосон гэж 1500 төгрөгөөр шагнуулж, амьдралдаа анх удаа асар их мөнгө гар дээрээ тавьж үзэж байлаа. Аав, ээж хоёр маань ч тийм их мөнгө барьж байгаагүй. Ямар ч байсан гэр бүлээ их мөнгөтэй баян болгож бараг найр наадам хийх дөхөж байсан санагдана.

-Таны хувьд жаахан хүүхдээс хөгшин эмгэний дүрийг хүртэл маш чадварлагаар бүтээж чаддаг. Энэ бүх дүрдүүдэд орж, түүнийгээ үзэгчдэд хүргэнэ гэдэг их хэцүү байх даа?

-Би Хүүхдийн театрт 15 жил ажилласан. Энэ хугацаанд нэлээд хэдэн жүжгийн гол дүрд тоглосон юм. 1980-аад он гарсны дараа УГЗ Г.Доржсамбуу найруулагч Хүүхдийн театрт "Хүний санаа" жүжиг тавихаар болсон. Энэ нь МУ-ын Төрийн шагналт, зохиолч Ч.Чимэд гуайн хамгийн сүүлийн жүжиг л дээ. Тэр үед орост суралцаж байсан тайзны зураач Б.Төмөрхуяаг, Г.Доржсамбуу найруулагч хоёрын дипломын нь ажил байсан юм. Намайг ёстой хүн болгосон жүжиг дээ. Эндээс л анх жүжигчин хүн дүрийн судалгааг юунд үндэслэж яаж хийх ёстой, гол санаа, далд утга нь юу юм, үг нь үйлдэлтэйгээ зөрчилдөх үү, үгүй юу гэдгийг мэдэрч байлаа.

Тэгээд ч анх удаа хүүхэн хүний дүрийг авсан. Гэхдээ тэр нь бүр нэлээд танхай, задгай маягийн араншинтай хүүхэн шүү. Тийм учраас өмнө нь миний тоглож байсан туулайн бүжин энэ тэрээс тэс ондоо байлгүй яахав. Ер нь жүжигтээ ороод ирэхээр миний ухаан санаа бүх зүйл түүндээ маш сайн төвлөрдөг. СУИС-ийн багш, "Эрхэм илч"-ийн С.Нарангэрэл бид хоёрын гэр ойрхон болохоор түүнийг шөнө ч хамаагүй дуудаад энийг ингэвэл яах вэ гээд асуудаг байлаа. Тэгсэн нэг өдөр С.Нарангэрэл манайд очсон чинь хүн байхгүй болохоор буцаад явж байтал өөдөөс нь дуу дуулсан согтуу хүүхэн ирж явна гэнэ. Тэгсэн нөгөөх нь би байхгүй юу.

Учир нь би чихэвч хийчихсэн, дүрдээ орчихсон явж байгаа нь тэр. Ард манай өвгөн намайг дагаад алхаж байгаа юм. Энэ мэтчилэн хаана ч явсан дүрээ бодож явдаг. Би хүүхдийн парк, Энхтайваны гүүр хоёрыг сэтгэлдээ хайрлаж явдаг. Учир нь дүр аваад үгээ цээжилнэ. яаж тоглохоо бодно, тайзан дээр байгаа юм шиг хэлж үзэх гэнэ. Ингээд өглөө эртлэн Энхтайваны гүүрэн дээгүүр алхана аа. Тухайн үед автомашин ямар одоогийнхтой адил олон байсан биш. Гэхдээ дуу чимээ гарвал хурдхан шиг парк руу гүйгээд орчихно. Ингээд тэндээ алхаж байгаад Эмнэлэг гэгээрлийн ордон дээр ирдэг. Сүүлдээ вагон депогийн тэр хавиар явж театр дээрээ ирдэг болсон. Ер нь ихэвчлэн явган явж үгээ цээжилдэг. Ингэж дотроо өөрөө дүр дээрээ ажилладаг байсан.

-Жүжигчин хүнд өөрийн нь бүтээсэн дүр бүхэн үнэ цэнэтэй байж таарна. Гэхдээ таны хувьд өнгөрсөн хугацаанд бүгээж байсан дүрүүдээс тань хамгийн хайртайгаа нэрлээч гэвэл?

-Яг тэр энэ гэж онцлохын аргагүй. Бүх жүжиг, бүх дүр үнэтэй. Тэр дундаас хошин урлагийн театрт байхдаа "Азтай бадарчин"-д зориулж анх удаа бие даасан "Хэрвээ би эр хүн байсан бол" бүтээлээ хийж байсан. Хүүхдийн театрт жүжигчин болж ороод жүжигчин хүн бүрт хувийн номер гэж байх ёстойг ойлгосон. Үүнд шүлэг яруу найраг, ёгт үлгэр багтана. Гоё эгч нар, "Сэгс цагаан богд", "Хүүгийн эцэгт бичсэн захидал" зэрэг найраглалыг яруу сайхан уншиж байхад би өөртөө таарсан хувийн номертой болох ёстой гэж бодсон л доо. Гэхдээ би тэдэнтэй адил том хүний номер уншиж чадахгүй.

Надад зохихгүй шүү дээ. Ингээд би өөртөө таарсан хүүхдийн номеруудыг уншиж эхэлсэн. Эндээс миний одооны бие даасан хүүхдийн тоглолтын эхлэл гарсан гэж хэлж болно. Мөн МУГЖ Л.Жанчивдорж, СТА Г.Дашхүү ах нартай жижиг номеруудыг хамтарч тоглодог байлаа. Түүнийгээ сонин уншлагын цаг, албан байгууллагуудын баяр ёслолоор очиж тоглодог байсан. Намайг 1976 онд Хүүхдийн театрт анх ороход "Инээдэм-76" нэртэй хөтөлбөрийг УГЗ, кино найруулагч И.Нямгаваа ирж тавьж байсан юм. Тэгэхэд яруу найрагч Б.Лхагвасүрэн, шог зохиолч Ж.Барамсай ах хоёр өөрсдийн зохиолыг авч ирээд бидэнтэй хамтарч тоглож байсныг би маш сайн санаж байна.

-Магадгүй тэгвэл одоогийн хошин урлагийн эхлэл тэгэхэд тавигдаж байжээ дээ?

-Тийм, Эхэлж байсан гэж хэлж болно. Гэхдээ тэр үед Хүүхдийн театрт зөвхөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулж тоглосон. Түүнээс хойш МУГЖ Л.Жанчивдорж, СТА Г.Дашхүү ах нартайгаа хамт албан газруудаар урилгаар очиж цомхон тоглолт хийдэг байсан. Ингээд МУГЖ Б.Батзаяа маань 1978 онд Хүүхдийн теарт ирэхэд би түүнтэй хос болж тоглодог болсноор бид бүрэн бүтэн болсон. Үүнээс үүдэлтэй 1990 онд Монголын анхны хошин урлагийн театрыг байгуулах эх үүсвэр тавигдсан.

Түүний өмнө 1987-1988 оны үед И.Цэвээнравдан, Х.Латип ах нар "Тоншуул" сэтгүүлийн дэргэд хошин театр байгуулъя гэж цуглараад намайг урьсан юм. Тэгэхэд би Хүүхдийн теартынхаа ажлын хажуугаар хэдэн үзүүлбэрийн сургуулилт хийж байсан. Гэтэл тэдний театр байгуулах ажил бүтээгүй. Тэр үед нийгэм хатуу, чанга байлаа шүү дээ. Ингэхэд би яагаад хүмүүс намайг инээдмийн жүжигчнээр хараад байдгийг ойлгодогүй шүү дээ. /Инээв.Сур./

Тэгсэн чинь дараа нь Бадар-Ууган гуай эмэгтэй алиалагчтай болмоор байна. Туяа чи эмэгтэй алиалагч болчих гэж гуйлаа. Би өөрөө ч болъё гэж бодоогүй л дээ. Манай нөхөр бас циркийн жүжигчин байсан. Нөхөр маань, "Эмэгтэй алиалагчаар яах юм. Хүүхдийн театртаа бай" гэхээр нь би театраа орхиж чадахгүй нь гэж хэлээд больсон. Ер нь би Хүүхдийн театраа орхиж чаддаггүй байсан даа. Дараа нь бас УГЗ Д.Доржсамбуу найруулагч намайг Драмын театрт ирээд жүжигчин болчих гэхээр нь очиж сургуулилт хийж байгаад, "Ерөөсөө би Хүүхдийн теартраа орхиж чадахгүй юм байна" гэж хэлээд бас л больсон. Би ер нь нэг юм хийхээрээ салж чаддаггүй, хуучинсаг үзэлтэй. Түүндээ үнэнч л юм шиг байгаа юм.



-Монголд хошин урлагийн эхлэлийг хэн хэн хэрхэн тавьж байсан түүхээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Хүүхдийн театрт байхад МУГЖ Л.Жанчивдорж, СТА П.Дашхүү ах хоёр бүтэн нэг тоглолттой, МУГЖ Б.Батзаяа бид хоёрын бас нэг бүтэн тоглолт байсан. Ингээд бригадаар явна. МУГЖ Л.Жанчивдорж, СТА П.Дашхүү ах хоёр хэсэг хүмүүстэй нэг тийш бригадаар явна. Очирбат, Галсанжанцан гуай хоёртой МУГЖ Б.Батзаяа бид хоёр явна. Бид дөрөв чинь Хүүхдийн театрын хоёр баганых нь нэг байлаа шүү дээ. Тэгж явахдаа л голдуу хошин үзүүлбэр үзүүлнэ. Энэ нь одоогийн хошин урлагийн эхлэлийг тавьж байж. Бага тайзад ердөө хоёрхон үзэгдлийг нь бичүүлсэн байдаг юм. Цаана нь хэд хэдэн үзэгдэл байсан. Түүнийгээ бичүүлье ч гэж байсангүй.

Бидний үед их амгалан байж. Театрт бол нэг тоглоод л дуусчихна. Телевизэд тэр үед шууд тоглочихдог болохоор бас хадгалдаггүй байж. Зарим бичсэн нэгийг нь хальс хэрэгтэй болоод удаалгүй дарчихдаг байсан биз. Тэр үед маш олон уран бүтээлүүд тоглогдож байсан хэдий ч өнөөдрийн байдлаар үлдсэн уран бүтээл гэвэл үзэгчдийн сэтгэлд л байхаас энэ байна гээд үзүүлчих дүрс бичлэг алга байна шүү дээ. О.Энхтуул, МУГЖ И.Одончимэг хоёр маань дөнгөж сургууль төгсөөд ирчихсэн, МУГЖ Б.Батзаяа, би, Хүүхэлдэйн теартын МУГЖ Л.Чимэддорж ахын хүү Амгалан бид хэд хошин урлагийн театрыг байгуулахаар Урлагийн ажилтны холбооны дэмжлэгтэй анх 1990 онд гарч байлаа.

Энэ үед бидэнд I сургуулийн урд байрлах Ю.Цэдэнбал агсны орон сууцыг бэлтгэлийн байр болгон гарж өгч байлаа. Ингээд анх бид автомашинаар Сэлэнгэ, Дарханы чиглэлд гарлаа даа. Тэгээд Баруунхараа, Зүүнхараад тоглоод Дархан руу яг очиход 20 дугаар тогтоол гардаг байгаа. Энэ тогтоол гараад бүх юмны үнэ уначихаар бид яахав. Замаасаа буцсан. Гэхдээ театраа бүр хаячихаагүй. МУГЖ Б.Батзаяа маань хүмүүсээ цуглуулаад байж байтал О.Энхтуул, МУГЖ И.Одончимэг хоёрыг УГЗ Д.Доржсамбуу найруулагч аваад явчихпаа.

Ингээд МУГЖ Б.Батзаяа бид хоёр үлддэг юм байна. Гэтэл МУГЖ Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч хоёрыг авч ирээд мөн Цолмон гэж О.Энхтуулын ангийн залуу, Өлзий-Орших гэж жүжигчин болох сонирхолтой залуу бид хэд нэг гэрэлтүүлэгчтэй болж аваад Эмнэлэг гэгээрлийн ордон буюу хуучин Хүүхдийн теартынхаа тайзан дээрээ буцаж ирлээ. Энэ хэцүү цагт хөгжмийн зохиолч Лхагвасүрэн багштайгаа өглөө бүр дасгал хийдэг байсан. Ингээд 1990 оны аравдугаар сард Соёлын төв ордонд "Монголын нэг өдөр" анхны тоглолтоо хийсэн.

-Нийгэм хүнд хэцүү үед ард иргэд хошин урлагийн тоглолтыг анх яаж хүлээн авч байсан бэ?

-МУГЖ Б.Батзаяа бид хоёрын хувьд уран бүтээлээрээ дамжуулаад тодорхой хэмжээнд хүмүүст танигдчихсан байсан л даа. Тиймээс ч тоглолтоороо жинхэнэ шүүмжлэл гэдгийг гаргах, нийгмийн өлсгөлөн байдал, мөнгөний ханш унаад ард иргэдийн амьдрап цөхөрсөн зэрэг маш олон зүйлийг гаргаж харуулахыг оролдсон. Ялангуяа МУГЖ Б.Батзаяа маань маш олон төрлийн зохиол бичиж, шөнө бараг гэртээ харихгүй тайзан дээр сургуулилт хийж байлаа. "Монголын нэг өдөр" хөтөлбөр бараг хоёр сарын хугацаанд тоглогдсон. Ямар сайн даа Соёлын төвийн касснаас ЗГ-ын ордон, Хэвлэлийн комбинат хоёрын хооронд хүртэл дугаарлаж байгаад тасалбар авдаг байлаа шүү дээ.

-20 гаруй жилийн өмнө анх эхлэл нь тавигдсан хошин урлаг өнөөдөр ч гэсэн үзэгчдийн хамгийн их сонирхон үзэх дуртай үзүүлбэрийн нэг яах аргагүй мөн. Үүний нууц нь юунд байгаа гэж та боддог вэ?

-Хошин урлагийн нэг онцлог нь яг өнөөдрийн цаг үедээ тохирсон байдаг. Маш хурдтай. Нийгэм нь ч өөрөө их сониуч болсон байна. Тийм учраас хошин урлаг өөрөө энэ нийгэмд тохирсон урлаг. Шүүмжлэлтэй юу шүүмжлэлтэй, инээдэмтэй юу инээдэмтэй, нулимстай юу нулимстай гээд хүний амьдралын бүх зүйл энд багтана. Хоёр цагийн үзүүлбэрт 5-6 номер гарч байна. Үүнийхээ хэрээр жүжигчид ч өсч байна. Яагаад гэхээр эхэндээ жүжигчид дасч чаддаггүй л байсан байхгүй юу. Үүнийхээ хэрээр заримд нь уйлна, дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ. Бүх дүрд хувирч чадаж байна. Маш их хувиралтай, сэтгэдэг, үр дүнгээ хурдан илэрхийлдэг. Гэтэл нэгхэн үзэгдэлд эхлэл, өрнөл, төгсгөл нь байдаг. Энэ хурд үзэгчдэд бас таалагддаг. Энэ мэтээсээ эхлээд хошин урлаг хоцрохгүй байгаа нь сайхан хэрэг.

-Ингэхэд таны хувьд хэр үндсэрхэг үзэлтэй хүн бэ. Эх орон гэдгийг хэрхэн төсөөлж, илэрхийлэх бол?

-Хүн бүр янз бүрээр хэлдэг. Өөрийнхөө мөн чанараар хэлбэл би гадаад, дотоод маш олон газраар явлаа. Би их хуучинсаг хүн гэж түрүүнд хэлсэн. Энд тэнд явахдаа ямар ч байсан агаар, усаа хамгийн түрүүнд санадаг. Тийм болохоор Монголынхоо агаар, усанд их хайртай. Улаанбаатарын зарим зүйл нь муухай ч гэсэн түүний сайхныг мэдрэх боломж бий шүү дээ бидэнд. Миний хувьд хотын захад байшин бариад тэндээ агаарт амьдардаг. Ер нь улс эх орон гээд ярихаар маш олон зүйлийг ярьж болно.

Түүнээс илүүтэй Монгол Улсын тусгаар тогтнол нь элэг бүтэн гэр бүл, амар амгалан амьдралд орших болов уу. Бид цэвэр цэмцгэр, аз жаргалтай амьдрах нь миний гэр бүлээс эхлэнэ. Айл бүхэн сайн сайхан байвал Монгол Улс, үндэстэн маань сайхан байна. Түүнэх хэн нь, хаана юу ч хийж явж болно. Ялангуяа залуу охидуудад хэлэхэд үнэнч байна гэдэг их чухал. Ер нь бүх юманд үнэнчийг шаарддаг шүү дээ. Амьдралд үнэнч байна гэдэг өөртөө үнэнч байхыг хэлнэ. Өөртөө үнэнч байна гэдэг удам судартаа үнэнч байхыг хэлнэ. Удам судартаа үнэнч байна гэдэг Монгол эх орны минь хувь заяа үнэнч байна. Тэгэхээр эх орон гэдэг зөвхөн надаас, миний гэр бүлээс эхэлнэ.

-Хошин урлагийн номеруудад хил, хилчдийн талаар бас цөөнгүй туссан байдаг. Ингэхэд та хил, хилчдийнхээ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бид бүх л зүйлээс инээдийг хайдаг. Инээдэм гэдэг өнөөдөр заримдаа зүгээр шоолоод инээж байгаа боловч ард нь байгаа, байж болзошгүй олон дутагдлуудыг илэрхийлж, тодруулан гаргаж ирдэг учраас тэндээс хүмүүс өөрсдийн болж, болохгүй байгаа, яагаад инээдэмтэй болсон шалтгааныг олж дүгнэлт хийх ёстой. Монгол Улсын торгон хилийг маш олон аав, ээжийн хөвгүүд сахин хамгаалж байна. Миний хувьд олон удаа хилчиддээ хүрч тоглож байсан.

Гэхдээ яг хилчдэд зориулж тоглоогүй боловч очсон газраа хилийнхэндээ хөнгөлөлттэй үйлчлэхийг боддог. Хүмүүс надаас Монгол Улсаа тойрч үзсэн үү гэдэг юм. Тэгэхээр би надаас тэгж битгий асуу. Түүний оронд хэдэн удаа тойрч үзсэн бэ гэж асуу гэдэг. Ингээд хэд тойрсон бэ гэж асуухаар би тоогоо алдчихлаа гэдэг. Би үндсэндээ 38 жил урлагт зүтгэж хавар, намрын бригадаар явж хөдөөний ард түмэнд үйлчлэх ажлыг хийж байна.

Энэ хооронд хэд явсан байж таарах уу? Тоогоо алдсан. Ямарч байсан Монгол Улс байгаа цагт хил хязгаарыг хэн нэг нь хамгаалах л учиртай. Хамгаалсаар ч ирсэн. Хамгаалах ч байх. Энэ хил хязгаарыг амь насаа үл хайрлан хамгаалж байгаа аавын сайхан хүүхдүүд Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа. Нэг жил гэхгүй эх орноо манаад зогсч байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэднийг харахад л хайр хүрдэг юм шүү.

-Та бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөж байна. Нийт хилчиддээ хандаад юу хэлэх вэ?

-Би өөрөө цэргийн хүний гэргий. Би цэргийн хүний жавхаатай байдалд дуртай. Цэргийн хувцас өмсчихөөд жагсаалд унжийсан юм явбал би бас дургүй шүү. /Инээв. Сур/ Их сайхан, хувцсандаа таарсан цоглог, жавхаалаг байх юм бол цэргийн алба нэг жил гэхгүй сайхан шүү дээ. Заавап чи өндөр, сайхан байх албагүй. Хувцсаа тэвхийтэл сайхан өмсөөд, гутлаа гялалзтал нь тослочихоод цэх шулуухан "тип тап" алхаад явбал цэргийн хүний гоё нь тэндээ байдаг. Хил дээр, тэр дундаа хилийн застав дээр байгаа болон Монголынхоо бяцхан хөөрхөн хүүхдүүдэд удахгүй болох баярын мэнд хүргэе.

Яагаад хүүхдийн баяр жилд ганц байх ёстой гэж. Бид өдөр бүхэн хүүхдүүдээ баярлуулж байх ёстой шүү дээ. Үүнтэй адил хилчид маань өдөр бүр эх орноо хамгаалж, торгон хилийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө чин үнэнчээр хандаарай. Нэг өдөр хилчин таны нүд жаахан удаан анивал торгон хил минь сэвтэх вий. Тийм учраас манаандаа гарч буй цэргүүд нь үнэнч зогсоорой, амарч байгаа цэргүүд нь тавтай сайхан амраарай. Монгол Улсын иргэн бүр хилчид та бүхэнд амь нас, монгол цусаа даатгаж байгаа шүү. Газар нутаг, үндэс угсааг минь хамгаалж буй хилчид та бүхэндээ эрүүл, энх аз жаргалыг хүсье.

-Баярлалаа. Таны цааш цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Ярилцсан ахлагч О.Алтанцэцэг

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин