КАТМАНДУ. /Reuters/. Балбын газарчин /ширваа/ Ками Рита Эверестийн оргилд 28 дахь удаагаа гарч дээд амжилт тогтоосон талаар холбогдох албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. К.Рита сүүлийн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан нь энэ юм.
МОСКВА. /TASS/. Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуэй тавдугаар сарын 26-нд ОХУ-д айлчилна гэж эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.
ВАШИНГТОН. /CNN/. Флорида муж улсын захирагч Рон Десантис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлах гэж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. БНХАУ-аас АНУ-д суух шинэ Элчин сайд Се Фэн Хятад, Америкийн харилцааг зөв голдиролд оруулахын тулд Хятадтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, санал зөрөлдөөнөө арилгах, хамтын ажиллагаагаа ахиулах чиглэлд хамтран ажиллахыг Вашингтонд мягмар гарагт уриалав.
МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалсан тухай бүс нутгийн тэргүүн Вячеслав Гладков “Telegram” сувгаараа мэдээлсэн байна.
ТОКИО. /Kyodo/. Японы парламентын доод танхим цэргийн зардлын өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухай хэд хэдэн хуулийн төслийг мягмар гарагт баталлаа.
ЙЕРУСАЛЕМ. /Xinhua/. Израилын өндөр технологийн “Electreon” компани утасгүй цэнэглэгчтэй зам дээр автомашинаар зогсолтгүй 100 цаг явах туршилт эхлүүлснээ даваа гарагт “Twitter” хуудсаараа мэдээлжээ.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Квон Ён Се Сөүл Пёньяны эсрэг “дайсагнах” санаа зорилго байхгүй гэдгийг цохон тэмдэглээд, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалжээ.
ПАРИС. /Reuters/. “Парис-2024” Олимпын наадмыг зохион байгуулагчид Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт даваа гарагт мэдээлжээ.
АНКАРА. /TRT/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт TRT телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн байна.
ШАНХАЙ. /ТАSS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Шанхай хотноо даваа гарагт хүрэлцэн иржээ. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д хийж буй түүний анхны айлчлал юм.
ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар дефолт зарлаж болзошгүй байгаа хугацаанаас өмнө өрийн дээд хязгаарыг хэрхэн өсгөх талаар тохиролцоонд хүрч чадаагүй боловч хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ амлажээ.
ПАРИС. /AFP/. Францын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа. Уг төлөвлөгөөний дагуу ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах ёстой байна.
УЛААНБААТАР. /AP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр нэн чухал металлууд нийлүүлэх, Украинд өдүүлсэн Оросын дайны талаар голчлон хэлэлцлээ.
ВАШИНГТОН. /NASA/. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд 2029 онд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани 3.4 тэрбум ам.долларын өртгөөр бүтээхээр болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсаараа мэдээлжээ.