sonin.mn

Монгол Улсын Морьт харваачдын тамирчид БНСУ-д зохиогдох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломжгүй болов. Тэдэнд виз олгохгүй болсноос ийм байдалд хүрчээ.

Энэ тухай Монголын Морьт харваач, кинонд орлон тоглогчдын  "Тэнгэрийн чоно" холбооны тэргүүн Б.Болдбаатараас лавлав. -Биднийг ганц энэ удаа биш сүүлийн хоёр жилийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломжгүй болгоод байна.

Дэлхийн Морин спортын холбооноос урилга ирүүлсэн боловч визний асуудлаар саатууллаа. Бидний материалыг хүлээн аваад удаасан мөртөө хугацаа тулгаж өгсөн гэж байх юм.

Солонгосчууд морьт харвааг өөрийн улсын нэр дээр ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгүүлсэн. Монголчууд дэлхийн болон олон улсын аль ч тэмцээнээс тэргүүн байрыг авчихдаг учир биднээс айх нь их. Мөн манай Морьт харваачдын холбоо ч муу ажиллаж байна гэлээ.

Монголын Морьт харваачдын холбоог ССАЖЯ мэддэггүй гэнэ. Соёлын өвийн мэргэжилтэн гэгч хүн нь биднийг мэдэхгүй байна лээ гэж Б.Болдбаатар харамсан өгүүлэв. Монголын Морьт харваачдын зарим амжилтаас сонирхуулбал, 2005 онд Солонгост болсон тэмцээнд анх удаа оролцохдоо манай тамирчид 5-6 дугаар байрт оржээ.

2007 онд Польшид болсон тэмцээнд Ш. Цогтхүү, Н. Даваадорж нар 11,12 дугаар байр эзэлсэн байна. 2008, 2010 онд монголд болсон тэмцээнд япон хүн түрүүлсэн сонин баримт ч байх юм. 2010 онд Германд болсон тэмцээнээс Б.Болдбаатар хоёрдугаар байр эзлэн цом хүртжээ.

Мөн тэр зунаа Японд болсон Дэлхийн аваргын тэмцээнд Б.Болдбаатар түрүүлжээ.  2012 оны тэмцээнд Д.Отгонбат түрүүлсэн байна. Харин 2013, 2014 оны Дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид оролцож чадаагүй байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: