sonin.mn
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Спортын гимнастикийн ОУХМ Д.Энхтүвшинийг урилаа. Тэрбээр 11 жил энэ спортоор хичээллэхдээ улсад долоон удаа аваргалж, 2019 оны ААШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэнээс гадна, ДАШТ, “Дэлхий цом”-д тогтмол оролцсон шилдэг тамирчин юм.
 
-Энэ жилийн ААШТ-д оролцлоо. Гэхдээ хүссэн амжилтаа үзүүлсэнгүй. Бэлтгэл жаахан тааруу байв уу?
 
-Спортын гимнастикийн спортоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг Японы болон Азийн том төлөөлөл Хятад зэрэг том гүрнүүдийн шилдэг тамирчидтай өрсөлдлөө. ААШТ-д орохын өмнөх сард Азербайжан улсад бэлтгэл хийсэн. Тэнд очсоноор манай улсад хөгжөөгүй жижиг техникүүдээ сурахаас гадна том зааланд бэлтгэл хийх боломж олдож, өмнөх бэлтгэлээсээ илүү үр дүнд хүрсэн ч хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Дараа, дараагийн тэмцээндээ илүү хичээх болно.
 
-Үзүүлбэрээ үзүүлж байхад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
 
-Бэлтгэл дээр хийсэн хөдөлгөөнүүдээ алдаагүй хийчихвэл түрүүлэх боломжтой гэж өөртөө үргэлж хэлдэг. Үзүүлбэрээ үзүүлэхээр дэвжээн дээр гараад шүүгч, үзэгч, багш нар байхгүйгээр зөвхөн ганцаараа байна гэж төсөөлж,  техникүүдээ гүйцэтгэсэн. Энэ аргаа бүх төрлийн тэмцээнд ашигладаг. Мөн үзүүлбэрийн үед тайван байдал их чухал . Учир нь чансаа өндөртэй тэмцээн учраас сандрах тал бий. Тэр үедээ өөрийгөө хурцалснаар олон зүйл бодолгүй, тайвширлыг олж чаддаг. Тиймээс тайван байдал нь энэ спортын гол үндэс, суурь юм.
 
-Энэ спортоор тэргүүлдэг Японы тамирчдын үзүүлбэрээс ямар туршлага хуримтлуулав?
 
-Тэмцээнд оролцсоны дараа манай улсын түвшин бусад улсаас доогуур байгаа нь ажиглагдсан. Учир нь тэмцээний өмнөх үеийг дараагийн үетэй харьцуулахад өөр байсан. Бэлтгэл их хийсэн ч техник дутаж байлаа. Тиймээс тэмцээнд оролцохоос илүүтэй техникээ зөв эзэмших хэрэгтэй гэдгийг ойлгосон. Манай тамирчдын хувьд суурь техникээ сайн эзэмшчихвэл дэлхийн шилдэг тамирчидтай зэрэгцэх, тэнцүү өрсөлдөх бүрэн боломжтой.
 
-Аль ч спортод бэртэл гэмтэл гэж бий. Харин спортын гимнастикийн спортын тамирчин үүнээс хэрхэн өөрийгөө хамгаалдаг вэ?
 
-Спортын гимнастикчид бэлтгэл дээрээ алдаа гаргасны улмаас бэртэх тохиолдол их. Бэлтгэлээ сайн хийсэн хүн тэмцээн дээр түрүүлэх боломж нэмэгддэг. Тиймээс бэлтгэлээ аль болох болгоомжтой хийж, өөрийгөө эрсдэлээс хамгаалах нь чухал. Мөн спортын гимнастикийн тамирчдыг бага наснаас бэлддэг. Сунгалт их хийдэг нь хүүхдүүдэд эрсдэл болох нь бий. Харин өсвөр насны тамирчдын хувьд шилжилтийн насандаа бие махбодын хувьд өөрчлөлт орж, бага насныхаа формыг өсвөр насандаа авч үлдэх нь хүндрэлтэй болдог. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд сэтгэл зүйн бэрхшээл их тохиолддог.
 
-Сүүлийн үед энэ спортоор хичээллэх хөвгүүд олон болжээ. Эрэгтэй хүүхэд энэ төрлөөр хичээллэхийн давуу тал нь юу юм бол?
 
-Гимнастик бол бүх спортын цагаан толгой. Энэ спортоор хичээллэж байгаа тамирчин ямар ч спортоор хичээллэсэн зөв суурьтай болдог. Гимнастикийн спорт нь биеийг өв тэгш болгодгоороо давуу талтай. Мөн энэхүү төрөл нь спорт, урлагийн нийлмэл учир тамирчдын хүслийг илүү бадрааж өгдөг байх.
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин