sonin.mn

Сумынхаа наадамд хорин жилийн зайтай үзүүр түрүүнд үлдэж байсан ясны бөх бол сумын заан Цэдэнсодномын Содномринчин билээ. Анх 1964 онд цэргийн заан(а.а) Төрмөнхийн Сангижанцантай үлдэн түрүүлж сумын заан цол хүртэж явсан бол 1986 онд 128 бөхөөс с.з Ц.Нямцогттой үлдэн үзүүрлэж байжээ. Тэрээр хий хавсрах, хөтлөх, гүйж орж өргөх дархан мэхтэй.

 

Тэр дундаас хөтөлдөг мэхээрээ олон бөхийг шороодуулсан гэдэг. 1972 онд Баянтээгийн уурхайн 10 жилийн ой болж газар газрын хүчтэнүүд цугласан том наадам болсон байна. Энэ наадмын 3-ын даваанд Баянхонгор аймгийн харьяат улсын өсөх идэр начин П.Нямжанцан сумын заан Содномринчинг амлажээ. Содномринчин заан хөтлөх мэхээрээ "том гуталт" начныг шороодуулж гурав давсан байна.

 

"Нямжанцан начныг өвдөглүүлэхэд наадамчид "Амаараа шороо үмхээд ая муутай уналаа" гэж байсан даа. Сумын ХБА-д ачигч хийдэг байсан. Тэр л бяр суухад нөлөөлсөн болов уу. Хөтлөх мэхээрээ л нэлээдгүй хүнийг хаясан. Энэ мэхийг хийхдээ хав барьж байгаад хийг нь тааруулаад өвдөг рүү нь ганцхан тогшоод ухраад унагадаг юм.

 

Манай суманд Дагивдорж, Давааням, Жигмидсүрэн нар 2 түрүүлсэн байх. "Бөх" Лхагвадорж бас 2, 3 түрүүлсэн. Талийгч харцага маань 4 түрүүлсэн. Ах нь 5 түрүүлж 5 үзүүрлэсэн" хэмээн хуучлах буурал заан маань 1943 онд Нарийнтээл сумын нутаг Тээлийн голын Цагаан-Овоо хэмээх газар төржээ. Аймгийн спартакиадад олон удаа оролцож байсан бөгөөд Баруунбаян-Улаан сумын ойн наадмаар 5 давж байсан байна.

 

Сумынхаа наадамд 1978 онд түрүүлэхдээ эдүгээгийн гавьяат жүжигчин, ц.з Д.Түвшинжаргалыг шороодуулжээ. "Тэр жил манай сумынхан Дамдингивийн хүү нь наадам авна гэж ирсэн гэнэ хэмээн ярьцгааж байлаа. Нээрээ ч сайн барилдаж үзүүр түрүүнд бид хоёр үлдсэн. Тэгээд би хөтлөх мэхээрээ унагаж түрүүлж байлаа. Одоо ч алдартай мундаг хүн болж дээ" хэмээн Содномринчин заан хуучилсан юм. Зааны хөвгүүд бүгд барилддаг бөгөөд Шагдарсүрэн нь сумын начин цолтой. Мөн ач хүү Т.Адьяатөмөр нь өнгөрсөн жил сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн билээ.


Жич: Өмнөх дугаарын "Хол явж барилдаагүй сумын заан" буланд гарсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын заан Д.Дагивдоржийн нэрийг Д.Дагвадорж хэмээн андуурч бичсэндээ хүлцэл өчье.

 


МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

Эх сурвалж: "Бөх"