sonin.mn
“Рингэнд гаруутаа өрсөлдөгч рүүгээ шууд довтол. Хэд хэд хүчтэй цохь. Айлгаж ирийг нь дар”. Энэ бол Д.Банди багшийнх нь Т.Үйтүмэнд хэлсэн эхний үг. Багшийнхаа үг, захиас, заавраар шүгэл тасхийнгүүт л ухасхийж өрсөлдөгчөө сэхээ авахуулалгүй утаа хярвас ханхалтал хэд сайхан дэлсээд өгөхөөр довтолгоо нь илт зөөлрөөд ирдэг гэнэм.
 
1985 онд, боксын багш Д.Банди Сэлэнгэ аймагт томилолтоор очиж, аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. Шаамарын дунд сургуулийн сурагч жаал тус тэмцээнд ороод түрүүлчихсэн аж. Боксоор ганц өдөр ч бэлтгэл хийж байгаагүй, бараг гудамжны зодооноор шахам төсөөлж очсон нөхөр аймгийн аварга болоод 10 төгрөгөөр шагнуулаад бөөн баяр.
 
Тэр жилээ Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих гэсэн боловч нас, жингээр тэнцсэнгүй. Дараа жил нь Сэлэнгэдээ дахиж түрүүлээд Улсын аваргад анх удаа өрсөлджээ. Ялсаар, явсаар, аваргын төлөө Э.Цогтжаргалтай үлдэж хожигдоод мөнгөн медаль хүртэв.
 
“Улсын аварга шалгаруулах тэмцээнд Банди Сэлэнгээс нэг “орос хүүхэд” авчирч оролцуулаад медаль авахуулчихлаа” гэсэн яриа тэмцээний дараа жаахан салхилаад намжсан гэдэг. Түүнээс хойш Т.Үйтүмэн Д.Банди багшаасаа салсангүй. Бэлтгэлийн хуваарь, төлөвлөгөө, тоглолтын тактик... бүх зүйлийг нь энэ алдарт дасгалжуулагч зохицуулдаггүй байсан бол Т.Үйтүмэн гэж хүн амжилт гаргаа ч уу, үгүй ч үү. Улсын аварга, Ази тивийн аварга хүний хүсэл мөрөөдөл мэдээж дэлхийн аварга, олимпын аварга болох билээ л.
 
“Атланта-1996” олимпын тайзан дээр гараад тоглочихсон, ялж, ялагдаад үзчихсэн “хашир хандгай” Т.Үйтүмэнг дэлхийн боксчдын аварга шалгаруулах “Будапешт-1997” тэмцээн даллан дуудав.
 
“Хүсэхэд хясах” гэгчээр тэнд тэмцээнд тулалдах тамирчин маань энд замын зардалгүй явган таваргаж явсан байдаг. Хэдийгээр Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны тамирчин ч гэлээ “Ш.Отгонбилэг захирал гадагшаа явчихсан, гарын үсэггүй бол зардал өгөх боломжгүй” гэсэн үгээр амаа таглуулаад “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” л юм болжээ. Тэмцээний хугацаа тулчихсан, Монголын багийн ахлагч, Гавьяат мастер Н.Энхбат, дасгалжуулагч Б.Бумансахьяа, тамирчин Т.Үйтүмэн гурвуул “МИАТ-аас онгоцны тасалбараа зээлээр зохицуулахаар” Буянт-Ухаа руу зориглон очжээ. Тэгтэл ашгүй сагсан бөмбөгийн “шөвгөр” Өлзий утасдаж, зардлын мөнгө олсныг дуулгаж 3000 ам.доллар бэлнээр авчирч өгч тусалснаар тэдний “нар гарч” Будапештийн зүг “төмөр шувуу” хөлөглөн нисчээ.
 
Эрчимлэг, эгшин хором ч амар заяа үзүүлдэггүй довтолгоотой Түмэнцэцэгийн “түргэн гарт” эхлээд гоц мөргөв. Дараа нь ӨАБНУ-ын Элвис Макамаг 11:4-өөр, Унгарын Миклос Варгаг хүнд цохилтоор, Украины Владитир Колесникыг 8:2-оор “машиндаж” хүрэл медалийн болзол хангаад Гүржийн боксчин Коба Гоголазетай мөнгөн медалийн төлөө “нударга зөрүүлэхээр” боллоо.
 
Коба Гоголазе өмнөх тоглолтдоо олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга Румыны Леонард Дорофтейг хожсон бөгөөд рингинээс буухдаа гараа сэгсэрч ёолохыг анзаарсан “Том” Энхбат гавьяат түүнийг сэм дагаж, өрөөндөө ороод мөсөөр жин тавьж байхыг, хуруу нь гэмтсэнийг олж илрүүлжээ. Шийдвэрлэх тоглолт хоёр хоногийн дараа болно. Багийн ахлагч Кобагийн бэлтгэлийг байнга ажиглаж, бэртсэн гараа хөдөлгөхгүй, хөнгөхөөн хөлс гаргаж буйг тогтоон дасгалжуулагч, тамирчин хоётойгоо “барбарос төлөвлөгөө” зохиож “Барсан хэвнэгт баатар”-ын нутгийн зодоончийг хүнд цохилтоор ялж ОХУ-ын Александр Малетинтай тоглохдоо эхний гурван үед илүүрхсэн ч жингээ барих гэж хэд хоног хэлэн дээрээ юм тавиагүйгээс яалтгүй тамирдаж, сүүлийн хоёр үед олон оноо алдаад 7:15-аар хожигдон дэлхийн аваргын мөнгөн медальтан болсон бөлгөө.
 
Дэлхийн аваргын мөнгөн медальтан маань гэдсэнд чиглэсэн хүчирхэг цохилтоороо алдартай. Тамирчны замналынхаа турш 400 гаруй удаа тоглосноос 130 гаруйд нь учраагийнхаа гэдсэнд цохисон довтолгоогоор тоолуулсан байдаг. Гэдэс рүү нь хэд хүчтэй довтолчихоод дараа нь “толгойг нь мөлжих” урамтай гэж байгаа.
 
Дэлхийн аваргаар таарсан өрсөлдөгчдийнхөө гурвыг нь гэдсэнд довтолсон цохилтоороо ялсан байдаг. Нэг цохилтыг өдөрт 200-300 удаа гантилтай, гантилгүй, мишок руу... гээд  давтдаг, өөрийн “дархан мэх” болгож чадсан нь гайхамшиг юм. Тэр жил дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын цор ганц тамирчин нь Т.Үйтүмэн. Од од. Ард түмэн “алган дээрээ бөмбөрүүлсэн”. Төр Гавьяат тамирчин цол хайрласан. Шаамарт өссөн өвөө эмээгийн хүү, алдарт Д.Банди дасгалжуулагчийн “орос хүүхэд”, “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд зардалгүй мундраа хутгаж явахад  “хүмүүнлэгийн тусламж” үзүүлсэн “Шөвгөр” Өлзий ахдаа баярласнаа илэрхийлж зээлсэн мөнгөө өгөх гэхэд “Мөнгөн медалийг нь мялаая” гээд аваагүй” гэж мишээл тодруулан хөгжилтэй инээмсэглэх Гавьяат тамирчин, боксчин Түмэнцэцэгийн Үйтүмэн болбоос “бэлтгэл дээр илүү, рингин дээр илүү, сэтгэл зүй илүү”, нийтэч, наргианч, нинжин халуун сэтгэлийн далай, гэгээлэг эр.
 
 
 
Ц.Галбадрах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин