sonin.mn
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Германы “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрээр тамирчид өвлийн олимпод оролцох эрх авахын төлөөх тэмцээнд оролцох үеэсээ л коронавирусийн халдварын нөхцөл байдалд уралдаан тэмцээнд хэрхэн оролцох вэ? гэдэгт хэдийн зохицсон гэжээ.
 
Тодруулбал Томас Бах: "Тамирчин, дасгалжуулагчид уралдаан тэмцээн дуусах хүртэл хаалттай бүсээс гарч болохгүй, "Ковид-19"-ыг  шалгах систем чухал нөлөө үзүүлэх болно. Тухайн хүний шинжилгээ эерэг гарсан тохиолдолд дахин шинжилгээ өгнө. Үүний зэрэгцээ ойрын хавьтал болсон тамирчид дахин шинжилгээ өгснийхөө дараа л тэмцээнээ үргэлжлүүлнэ. Оролцогч бүхэн олимпын гэр бүлийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Одоогийн байдлаар өвлийн олимпын бойкотлоно гэж хэлсэн тамирчин нэг ч байхгүй. Хэрэв тамирчид өвлийн олимпод оролцохгүй гэж шийдвэл  тухайн хувь хүний л сонголт. Үүнд би сэтгэл зовохгүй байна. Би тамирчид бүх хүчээ дайчлан олимпод бэлтгэж байхыг харсан. Тэд өвлийн олимпд орох эрх авах тэмцээний үеэс л халдварын байдалд хэрхэн уралдаан тэмцээнд оролцохоо мэдчихсэн.  Энэ нь хэдийгээр тав тухгүй боловч халдварын байдалд эдгээр арга хэмжээг заавал авах ёстой гэдгийг тэд ойлгосон" гэсэн байна.
 
Г.Бямба