sonin.mn
2008 оны Бээжингийн зуны олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажилласан Жан И Мөү  дахин уг чухал үүргийг хүлээн, 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар ажиллахаар болжээ. Ингэснээр тэрээр зуны олимп, өвлийн олимпын нээлт хаалтын ёслолуудыг найруулсан дэлхийн анхны “хос олимп”-ын найруулагч болох юм.
Энэ удаагийн өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол нь “Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” гэсэн гол агуулгыг илэрхийлж, “авсаархан, аюулгүй, гайхамшигтай” зохион байгуулах үзэл баримтлалыг зохион бүтээхийг зарчмаа болгож, дэлхий нийтийн өнцгөөс сайн сайхан ирээдүйн тухай өгүүлэх гэнэ. Мөн “олон жүжигчдийн зэрэг тэгш хөдөлгөөн”-өөр бус, харин уран сайхны үзүүлбэр хийгээд ёслолын үйл явцыг уялдуулж, шинжлэх ухаан технологийн инноваци, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасган байгаль орчинд ээлтэй, спорт эрүүл мэнд зэргийг нэгтгэх замаар дэлхий нийтэд романтик, үзэсгэлэнтэй, халуун дулаан уур амьсгалтай үйл явдлыг толилуулах аж.
 
Жан И Мөү энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Зуны болон өвлийн “хос олимп”-ын найруулагч болж байгаагаа маш азтай хэрэг гэж бодож байна. Манай улс хөгжиж, байр суурь нь дээшилж, Хятад улс ийм ойрхон хугацааны дотор хоёр удаагийн олимпыг зохион байгуулж байна. Энэ бол Хятад улсын чадвар. Ийм  учраас л миний хувьд “хос олимп”-ын найруулагч болох ийм боломж тохиолоо” гэжээ.
 
Жан И Мөү бол Хятад улсын кино урлагийн “тавдугаар үеийн кино найруулагчид”-ын төлөөлөл. 2008 оны олимп, паралимпын нээлт хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар ажилласнаас гадна тэрбээр 2004 оны Афины олимпын хаалтын ёслол болон 2018 оны Пёнчаны өвлийн олимпын хаалтын ёслолд  болсон олимпын далбааг хүлээн авах ёслолын үеийн  Бээжингийн 8 минутын уран сайхны үзүүлбэрийг найруулсан.
Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол 02-р сарын 04-нд Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" цогцолборт болно.
 
 
н.Уртнасан