sonin.mn
Бээжингийн 2022 оны өвлийн олимп ойртож байна. Өвлийн олимпын 24-р наадмын бүх төрлийн бэлтгэл ч ажил хурдан шуурхай, үр дүнтэй хийгдэж буй ажээ.  Тодруулбал “Ногоон олимп” зохион байгуулах нь Бээжингийн өвлийн олимпын чухал үзэл баримтлал байх бөгөөд үүний хүрээнд нийт талбай заалын цахилгааныг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах гэж буй нь олимпын түүхэнд  анхны тохиолдол болж байна.
 
 Эх үүсвэрийг нь Жанбэйгийн сэргээгдэх эрчим хүчний бааз- VSC-HVDC төсөл хангах аж.
БНХАУ-ын Жанбэй хотод салхи, нарны энергиэр 85 сая киловатт цахилгаан гаргах хүчин чадал бүхий Хятадын том оврын нөхөн сэргээгдэх эрчим хүчний бааз байдаг.
 
Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Умардын цахилгаан эрчим хүчний компанийн бүтээн байгуулалтын газрын дарга Тянь Шэнлинь энэ тухай: "Жанбэйгийн VSC-HVDC төсөл орон нутгийн шинэ эрчим хүчийг гадагш нийлүүлэх хүчин чадлыг дээшлүүлсэн. Уг төсөл жил бүр Бээжинд 14 сая киловатт цахилгаан нийлүүлж, Бээжин хотын  цахилгаан эрчим хүчний 10 хуваасны 1 хувийг хангана. Үүнд Бээжингийн өвлийн олимпын "Бээжин", "Яньчин" гэсэн ордны  цахилгаан эрчим хүчийг бүрэн хангаж, Бээжингийн өвлийн олимпын талбай заалын цахилгааныг анх удаа 100 хувь ногоон эрчим хүчээр хангах зорилтыг биелүүлэх болно" гэжээ.
 
Уг төслийг 2018 оны 2-р сард эхлүүлж байсан бол 2019 оны 12-р сард бүтээн байгуулалтын ажлыг дуусгажээ. Улмаар 168 цаг туршилтын журмаар ажилласны эцэст өнгөрсөн оны 6-р сарын 29-нд албан ёсоор ашиглалтад орсон байна.
 
 Жанбэйгийн VSC-HVDC төсөлд нийт 12.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж, Жанбэй, Канбао, Фэннин, Бээжин гэх 500 киловаттын дөрвөн дэд станц байгуулж, 666 километр цахилгаан шугам татах гэнэ.
Уг төсөл хэрэгжиж эхэлсний дараа 7 сая киловатт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, жил бүр 4.9 сая тон нүүрс хэмнэн, нүүрстөрөгчийн давхар ислийг 128 сая тонноор  бага ялгаруулах ажээ.
 
Г.Бямба