sonin.mn
Гүржийн Тбилиси хотод болж өндөрлөсөн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний хоёр өдөр Монголын жүдочдоос хоёр алт, нэг хүрэл медаль авав. Нийт 83 орны 530 гаруй жүдоч оролцсон тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар алт, 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медалиар энгэрээ мялааж, чансаагаа ахиулав. М.Уранцэцэг гавьяат эхний даваанд хийлээд Италийн София Петитто, Румыний Моника Унгурену нарыг ялснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээд Словенийн Маруса Стангарыг, финалд Италийн Франческа Миланиг тус тус илүүрхсэнээр алтан медалийн тавцанд зогсов. Урнаа гавьяат “Их дуулга” тэмцээнээс долоо дахь алт, зургаан мөнгө, таван хүрэл, нийт 18 медальтайгаар нэгэн шинэ амжилт тогтоов. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээнээс Словенийн алдарт жүдоч Тина Трстеняк 17 медальтайгаар дээд амжилтыг эзэмшдэг байлаа. Тэгвэл М.Уранцэцэг гавьяат Тбилисийн “Их дуулга”-д түрүүлснээр түүний амжилтыг эвдсэн юм. “Их дуулга”-аас хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. Өдгөө 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль түүснээс 11 нь алт юм. Харин М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургаадугаарт жагсаж буй. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий.
 
 
Үүнээс гадна олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар тэмцээний хоёр дахь өдөр 73 кг-д түрүүлснээр Ташкентад үзүүлсэн амжилтаа давтав. Ингэснээр тэрбээр “Их дуулга” тэмцээнд гурав ба түүнээс дээш алт авсан Монголын хоёр дахь жүдоч болсон юм. Эхнийх нь мэдээж М.Уранцэцэг гавьяат билээ. Өдгөө 25 настай Ц.Цогтбаатар гурван жилийн өмнө Екатеринбургийн “Их дуулга”-д түрүүлснээр энэхүү ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа зүүлж байлаа. Дараа жил нь Парисын “Их дуулга”-д финалдсан ч мөнгөн медалийн эзэн болсон юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээн зохион байгуулж эхэлсэн 2009 оноос хойш “Их дуулга” тэмцээнд нийт 15 монгол жүдоч алтан медаль авч байв. Тэдний долоо нь хос түрүү авсан бол гурав түрүүлсэн эрэгтэй анхны жүдочоор Ц.Цогтбаатар тодорч байна. Харин нийт медалийнхаа тоогоор Цогтоо гуравдугаарт жагсаж байна. Тэрбээр гурван алт, хошой мөнгө, гурван хүрэл медаль авсан үзүүлэлтээр Х.Цагаанбаатар, Д.Амартүвшин нарын хамт (медалийн чанараар жагсаавал дээр нь гарна) бичигдэнэ. Нийт медалийнхаа тоогоор М.Уранцэцэг (18), Д.Сумъяа (11) тэргүүлдэг аж.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин