sonin.mn
Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дугаар  зорилтын хүрээнд нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, МХБХ-той хамтран “Grassroots” хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх, хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг амжилт үзүүлэхэд нь хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулав.
 
 
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар болон АХБХ-ны Дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, “Grassroots” хөтөлбөрийн менежер С.Ундрахбат нар оролцжээ.
 
 
 
 
Санамж бичгийн хүрээнд орон нутагт хөлбөмбөгийн спортыг сурталчлах, арга зүйч, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, хөлбөмбөгийн хэрэглэл материалаар хангах, талбай байгуулах чиглэлд хамтран ажиллахаас  гадна бүх насны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын ерөнхий хөгжил, ажиллах чадварыг нь тодорхойлох, шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Энэ хүрээнд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг болон Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.