sonin.mn

Энэ жил Хэнтийчүүд бидний хувьд чухал жил,өөрсдийн төлөөллөө төрд суулгах түүхэн мөч. Тэр ч утгаараа улс төрийн намууд сонгогчиддоо зориулан "мөрөөдлийн хөтөлбөр"-өө боловсруулж, хэнийгээ нэр дэвшүүлэх үү хэмээн хэлэлцэж, хэл амаа долоолцож байгаа цаг үе. Гэхдээ иргэд олон нийт хэдийнээ дотроо нэгийг бодож, дороо хоёрыг тунгаагаад эхэлчихсэн байна цаана чинь.

Энэ жилийн сонгуулиар их мөнгөтэй нь биш итгэл дааж юм хийх хүн гарч ирэх нь дамжиггүй хэмээн тэд харж, хүлээж суугаа. Гэхдээ цагаа тулахаар юу л болох бол доо. Зурагтаар ярьдаг хэд хоёр сонгууль зэрэг явагдах нь чирэгдэл багатай амар л гэхийн, зурагт үзэж байгаа нь булихай ихтэй дэмий л гэхийн. Ер нь бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хавсарга болгож гурилдах гэж байгаа нь орон нутгийн сонгогчдын эрх ашгийг үл хүндэтгэсэн тун увайгүй оролдлого гэх хүн олон байна, ямар ч байсан холимог тогтолцоогоор сонгууль болох нь л үнэн байх.

Манай аймгаас энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчид олон байгаа нь мэдээж. Чимээ сонсвол МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг гарцаагүй гарах нь дамжиггүй хэмээн иргэд ам сайтай байна. Н.Ганбямбыг ч магадлал өндөртэйд тооцож байна.Нөгөө хоёр нь ч энд тэнд явахдаа нүхээ сайн малтаж, хөгшид, хүүхдүүдийн сэтгэлийг татаад авахаа юу гэж мартахав.

Харин эрхэм гишүүн Д.Арвиныг энэ жил Хэнтийд гарахгүй учир өөр хотын дүүрэгт өрсөлдөх тухай жиг жуг гэцгээж байна лээ шүү. Дээрээс нь тус намаас битүү морь гэгдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэх залууг УИХ-д өрсөлдөнө гэх сураг ч дуулдаад амжсан. Саяхан зохион байгуулагдсан "Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аян-2012"-ыг түүний санаачилсан явуулга байсан ч гэж ярих юм билээ. Гэхдээ тэр нь хэр үр дүнтэй, үлдэцтэй ажил болсоныг бурхан л мэдэх байх даа.

Төрсөн нутгаа сонгуулийн түшиц болгохоор мачийж яваа дараагийн шинэхэн горилогч бол аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг гэж гадуур ярьж байна. Өөрөөс нь сонгуульд нэр дэвших эсэх талаар лавлахад тийм үгүй хоёрын дунд хариулт ч угүй тас гүрийж, "Харин л дээ, гадуур намайг сонгуульд нэр дэвшинэ гэж яриад байгаа гэсэн шүү. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ" гэх ухааны юм ярьж байгаа дуулдсан. УИХ-д дэвших боломж олдоно гэдэгт итгэл муутай байгаа юм уудаа. Нээрээ ч дээр нь намын босго гэж лут юм байгаа.

Сөрөг хүчин гэгдэх АН-аас энэ жилийн сонгуульд нэр дэвших горилогчид бас л цөөнгүй бий. Магадлал өндөртэйгөөс нь эхэлбэл аймгийн АН-ын дарга, Монроуд компанийн захирал Б.Гарамгайбаатарыг найдвартай дэвшинэ гэцгээж байна. Түүний тавьсан замаар одоо хэр нь олон хүн давхисаар байгаа атлаа чанар муутайг нь гайхах хүн мөн олон байдаг юм билээ. Намын даргаараа ахлуулсан тус фракцийнхан сүүлийн үед сумдаа тойроод, сонгогчдоо сонсоод нэлээдгүй зав муутай байгаа сурагтай.

АН-аас нэр дэвшихээр горилогч дараагийн эрхэм бол Хэнтий нутгийн унаган хүү хэмээн өөрийгөө тодотгох, нэлээд олон холбоодын тэргүүн М.Хүдэрбаатар. Түүний тухай найр наадам зохиодог гэдгээр нь энд тэнд бичигдэхээр хэн ч тоодоггүй атлаа, хэрхэн хөрөнгөжсөн талаарх үлгэр мэт түүхийг нь энд тэндээс олж уншсан хүмүүс тоохын ихээр тоож, өмгөөлж байгаа дуулдсан. Тэгэхээр энэ залуу Хэнтийчүүдийн сэтгэлд хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй хэмээн үнэлэгдсэн шиг.

Гэхдээ тус намынхан дотроо хагаралтай байдаг нь сүүлийн үед нэлээд ажиглагдах болсон. Юу гэхээр Хүдэрбаатар нь намынхаа дэд даргын үүрэг гүйцэтгэдэг нэртэй боловч сонгуульд намаа бус намайг л гэсэн байдлаар хэт амбиц хөөгөөд байна гэх зэмлэл бусдаасаа хүртэж, нэлээд дарагдаж байдаг гэнэ. Тэгэхээр тус намаас Хүдэрээ хүүд квот өгч нэр дэвшүүлэх боломж олгох нь бас л эргэлзээтэй гэсэн үг.

Хэрвээ өгөхгүй бол цаадах нь залуу, мөнгөтэй хүний ааг омгоор бие дааж нэр дэвшинэ ч гэж үзэж магадгүй л юм. АН-аас зохион байгуулсан зарим үйл ажиллагаан дээр хааяа хааяахан харагддаг, уран илтгэгч дараагийн нэр дэвшихийг горилогч бол "Лектор" төвийн тэргүүн Ц.Баатархүү гэх залууг хэмээн Хэнтийчүүд ам уралдуулж байна.

Тэрбээр саяхан намаас нь зохион байгуулсан "Багш танаа" хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, "Уул уурхайгаас ухааны уурхай хүртэл" нэртэй лекцээ уншиж, чуулгад цугласан хэдэн багш нарын сэтгэлийг чамгүй хөөргөөд амжсан гэж байгаа. Гэхдээ түүнийг Хүдэрбаатар шиг сонгуульд нэр дэвшихээ хэтэрхий эрт зарлаж, хэт мөнгө цацаагүй, сэм хөдлөх гэж байгаа сэргэлэн нөхөр гэж ярих юм билээ. Тус намаас манай аймагт нэр дэвшиж магад гэж таамаглаж байгаа дараагийн хүнээр Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд тодроод байна.

Түүнийг зарим нэг нь яасан гэж ичихгүй эндээс нэр дэвших гэж байгаа юм бол гэсэн хатуу үгээр ороолгож байгаа дуулдсан шүү. Манай аймагт дээрх хоёр намаас гадна сүүлийн үед хүч аван үйл ажиллагаагаа олонд хүргэж, тэр ч бүү хэл ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүртэл өмгөөлж бичиг үйлдэж байсан МАХН гэж бий. Тус намаас энэ жилийн УИХ-ын сонгуульд эрүүл мэндийг дэмжигч "Туяа" холбооны тэргүүн доктор Б.Туяаг дэвшинэ гэж манайхан ярьж байгаа.

Орос, Польш, Хятад, Англи, Түвд зэрэг олон хэлтэй боловсрол өндөртэй түүнийг намынхан нь эмэгтэйчүүдийн төлөөлөл болж нэр дэвших аймагтаа "цорын ганц" нь гэж тодорхойлж байгаа. Жендэрийн тэгш эрх, суудал хадгалах зарчим энэ тэр гээд квотын асуудал шийдэгдчихвэл түүнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмэх шаанс гарч ч болох талтай.

Гэхдээ юу ч болоо билээ... Энэ мэтчилэн сонсоод байвал сонгуулийн сураг чимээ гадуур нэлээд байна аа. Олны үг ортой гэдэг дээ. Юмыг яаж мэдэхэв. Иймэрхүү хүмүүс цаана чинь биднийг төлөөлж магадгүй л юм байна шүү. Энэ жилийн УИХ-ын сонгуульд 400 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн тойм тоо бий.

СЕХ-ныхон саналын хуудас тоолох машины түрүүчийг оруулж ирчихээд программаа суулгахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Тэгэхээр ямар ч байсан төрөх үхэх нь үнэн гэдэг шиг усан луу жилд УИХ, орон нутгийн сонгуулиуд болох нь тодорхой. Таны үзэгний хошуу хаашаа эргэхээс шударга засаглагт Монголд, Хэнтийд тогтох эсэх шалтгаална гэдгийг бүү мартаарай.

Д.Одонтунгалаг
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"