sonin.mn
“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултанд хариулав. Энэ үеэрээ тэрээр: 
 
"Бид сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо авахгүй бол болохгүй юм байна.
 
Ганц асуудал бол жагсаалтанд хулгайчуудаа бүү оруулаач ээ гэдэг зүйл.
 
АН жишээ нь, жирийн багшийг оруулья, үүний тулд дэнчин авдаг байдлыг больё. АН-ын хувьд өнөөдөр яаж шинэчлэгдэх вэ гэдэг асуудал чухал болж ирж байна.
 
Бид хуучин социалист системийн намын араг ясыг аваад яваад байна.
 
Бүтэц нь яг тийм. 21 аймгийн бүтэц маань ажиллахад л жилд тэрбум төгрөгний зардал гарч байна. Хуучин нийгэмд таарсан бүтцийг чирж явна гэдэг маань бид хоцрогдсон байна гэсэн үг. Намынхаа бүтцийг илүү олон нийт рүү хандсан болгоё, түгжрэл, утааг шийдэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бүтэцтэй больё гэх мэт намын шинэчлэлийн асуудлууд ид яригдаж байна. 3 сарын 10 гэхэд ерөнхий дүр зураг нь гараад ирнэ. Тэгээд намын удирдлагуудын асуудал шийдэгдэнэ. 
 
Мөн төр цомхон байя гэвэл нам цомхон байх хэрэгтэй байна. Үүнийг дагаад улс төрийн намын зардал бага болно. Намын хандив ил тод байх ёстой. Бид хандиваа ил тод болгоно гэж бодож байна.
 
Энэ парламент ажил хийхгүй юм байна. Өнөөдөр энэ УИХ-ын гишүүдийн олонх нь асуудалд орчихсон, хэрэгт холбогдчихсон.
 
Энэ УИХ аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгаад дараагийн парламент бүрдэхгүй бол энэ УИХ ажил хийж чадахгүй байна шүү дээ. Бид ийм бодолтой байна. 
 
Тийм учраас энэ парламентын чадавхийн асуудал ард түмний дунд хамгийн эмзэгээр тусч байна шүү дээ. Энэ улсууд юм шийдэж, бодлого гаргаж чадах уу.
 
Уул нь парламент бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавал сайн л даа. Гэхдээ эдгээр хүмүүс цаашид сонгуульд зориулсан төсөв батлавал яах вэ?
 
Дахиад хөгжлийн бодлого бус талын нэг тараадаг бодлого явуулбал яах вэ? гэдэг асуудал тулгарч байна" гэсэн юм.
 
Ч.Бүргэд