sonin.mn
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Д.Амарбаясгалан: "Хэдийгээр идэр есийн хүйтэн болж байгаа ч ард иргэд Монгол улсын Засгийн газар, УИХ-д шаардлага тавьж, жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Нийгэмд болоод байгаа олон асуудлуудыг Засгийн газар болон УИХ-г шийдвэрлэхийг шаардаж байгаатай Засгийн газрын зүгээс санал нэг байгаа. Сүүлийн жилүүдэд болсон зохион байгуулалттай хулгайтай холбоотой асуудлуудыг олон нийтэд ил болгосон. Үүний үр дүнг нэхсэн жагсаал, цуглаан болж байна гэж ойлгож, эдгээр асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх талаар хууль, хяналтын байгууллагуудад хандаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ард иргэдийн дунд бухимдал үүсэхээр нөхцөл байдал бий болсон гэдэгтэй Засгийн газар санал нэг байна.
 
Тухайлбал: Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээтэй холбоотой асуудал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалийн асуудал байна. Эрдэнэс тавантолгой болон нүүрсний бизнес тойрсон хулгай зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа олон асуудал нийгэмд дэгдсэн.
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зүгээс, Нэгдүгээрт, эдгээр асуудлуудыг олон нийтэд ил болгох, Хоёрдугаарт, зохих ёсны хуулийн хариуцлага хүлээлгэх тал дээр шамдан ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн сард Эрдэнэс тавантолгой ХХК дээр өнгөрсөн сард бүрэн эрхэт төлөөлөгч томилж Монголын нүүрсний зах зээл дээр гарч байгаа луйвар, хулгай дээрмийн үйл ажиллагааг ил болгож, хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын зүгээс хөндсөн байгаа. Эрдэнэс тавантолгойн нэг мөргөцөг дээр үүссэн 385 мянга орчим тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна. Бүрэн эрхэт төлөөлөгч ажилдаа орсоноос хойш өнөөдрийг хүртэл 15 орчим албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж байна. Гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.
 
Иргэдийн жагсаал, цуглаан хийж, шаардаж байгаа зүйлүүдийг Засгийн газар хүлээн авч ажиллана. Нөгөө талаар өвлийн хүйтэн улирал, мөн олон нийтийн цугласан жагсаал, цуглааныг өөр зорилгоор ашиглаж, үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюултай гэдгийг та бүхэн мэднэ. Тийм учраас аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдэх ёстой. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаалаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан миний бие ахлаж ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэг жагсаал, цуглаан зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, шаардлагыг хүлээн авч ажиллана гэдгийг мэдэгдэхийг хүсч байна." гэв.
 
 
Харин Ч.Хүрэлбаатар:  "Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3 удаа ярьсан. Эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон байдаг. Амаргүй. Ийм учраас Засгийн газар дээр 3 удаа ярьсны эцэст Эрдэнэс тавантолгой ХХК дээр онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаад ажиллаж байгаа. Энэ үед олон зүйл тодорхой болж байгаа. Бүрэн эрхэт төлөөлөгч хэд хэдэн албан бичиг АТГ-руу явуулсан байдаг.
 
 
Үүнийг онцолж хэлмээр байна. Та бүхний хүсэлтэнд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудаас тодорхой мэдээллийг аваад хүргэж байна.
 
 
Нүүрсний хулгайтай холбоотой, Нэгдүгээрт гэрээтэй холбоотой, Хоёрдугаарт, тээвэртэй холбоотой, гуравдугаарт, төмөр замтай холбоотой асуудлууд байдаг. Ийм 3 асуудалтай холбоотойгоор нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм байна. Ингээд бидний хүсэлтийн дагуу ирсэн мэдээллээр ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, мөн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, тус байгууллагын ажилтнууд болох н.Отгонжаргал, н.Нурлат гэсэн хүмүүс, мөн төмөр замтай холбоотойгоор ТТТЗ-ын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, тус компанийн холбогдох албан тушаалтнууд, дээр нь тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр, гаалийн хилийн хамгаалалтын газрын н.Дэлгэрдалай нарын хүмүүс дээр эрүүгийн хэрэг үүсгээд, шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэг эдгээр хэргийн шалгагдаж байгаа асуудлуудыг олон нийтэд ил болгох, хурдавчлах, гэхдээ хурдавчилж байна гээд хүн хэлмэгдүүлгүй байх асуудлыг хариуцаж ажиллана. Уул уурхайн салбарт томоохон мөнгө эргэлддэг, үүнд нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд ажилладаг учраас Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг Засгийн газар боловсруулаад ажиллаж байгаа." гэсэн юм.
 
М.Чой