sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлого, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний талаар” сэдвээр хийсэн мэдээлэлд өгөх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт
 
 
Улсын Их хурлын дарга, УИХ-ын эрхэм гишүүдээ,
Засгийн газраас урьдын адил олон бэрхшээл, асуудлаар дүүрэн уламжлалт нэгэн мэдээллээ нэгдсэн чуулганы хуралдаанд сонсголоо. Монголд асуудал дагуулдаг олон салбар бий. Тэр бүхний манлай нь хөгжлийн хөдөлгүүр, зүтгүүр байх ёстой ч одоо хөгжлийг хязгаарлагч, хөгжлийг боомилогч болж хувирсан эрчим хүчний салбар. Энерги, эрчим хүчний салбар гэдэг бол эдийн засгийн энгийн нэг салбар биш. Цахилгаан, дулаан, уур, усан хангамж гэдэг бол эдийн засгийг хөдөлгөгч, үйлдвэрлэл бизнесийг хөтлөгч хөгжлийн тухай ойлголт. 
30 жилийн өмнө 1990 онд л тог хязгаарлана, цахилгаан тасална гэж яригддаг байлаа. Хөрс хуулалтаа хийж чадаагүй гэнэ нүүрсний уурхай, хөрөнгө оруулж техникээ шинэчлэх нь байтугай урсгал засвараа хийж амжаагүй байгаа цахилгаан станцын тухай дуулддаг байлаа. Гунигтай нь 30 жилийн дараа ахиад тог хязгаарлах,  цахилгаан таслах тухай дахин ярьж эхлэх нь. Урагшаа биш арагшаа ухарлаа. 
 
Үйлдвэрлэл эрхлэх гэсэн олон иргэн, ААН техникийн нөхцөл боломжгүй гэдэг ганцхан үгээр амаа таглуулж байна. Doing Business index-ийн үзүүлэлтээр цахилгаан, эрчим хүчний хүрэлцээгээр 190 орноос 152-т орж буй Монголд бизнес эрхлэхэд хамгийн ихээр саад болж буй үзүүлэлт юм. 
 
Үнэндээ Улаанбаатарын түгжрэл ч, утаа ч эрчим хүч дэд бүтэцгүйгээс улсаараа энэ хонхор луугаа чихчилдсэнээс үүдэлтэй. Хөдөөг хөгжүүлэх, нэг төвт хотоо задлах, төвлөрлийг бууруулах, бизнесийг хөгжүүлэх, эдийн засгаа өсгөх тэргүүтэй бүх ажлын гогцоо ганцхан энэ салбарт байна.
 Улсын нийслэлийн төв цэг, энэ танхимаас хойш хоёрхон километрийн цаана модон жорлон, нүүрсэн халаалт, зөөврийн устай иргэд амьдарч байгаагийн шалтгаан нь аанай л бас эрчим хүчний хомсдол. Хомсдсон, хүрэлцээгүй мөртлөө эрчим хүч нь хямдхан. Эрчим хүч, энергийн чухал салбар хомс, хямд, хөгжилгүй гэсэн чөтгөрийн тойрогт орсон. 
Орчлон ертөнцийн оршин байгааг энерги, мэдээлэл, энтропи гэсэн хэдхэн үгээр тодорхойлно гэж эрдэмтэд нотолсон. Энэ бүхэн юунаас, хэнээс болоод яагаад ийм байдалд хүрэв. Онцгой, стратегийн гэх бүхэл бүтэн энэ салбарын нэгэн зууны түүхийг, шинэ тогтолцооны хагас жарны түүхийг үгүйсгэх гэсэнгүй. Энэ бүхэн бол улс төрийн системийн хамтын бүтээл. Товчоор тодорхой дүгнэвэл чөлөөт эдийн засгийн харилцаа руу алхмын төдий ч шилжээгүй хатуу үнэ, төрийн өмч, төрийн хяналтад үлдсэний хар гай.
 
Сүүлийн 30 жилд манай улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2,2 дахин өсөж байхад импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 11,5 дахин өссөн статистик байна. Энэ бол хөгжлийн хөдөлгөгч хүч эрчим хүч маань улам хязгаарлагдмал, бусдаас хараат болж, хөгжил, өрсөлдөөний боломж биднээс алсарч буйн ганцхан жишээ нь юм.
Тэлэлт өсөлт хийж, тэнцвэр балансыг нь хангахгүй бол эдийн засгийг “боомилсоор” улсаараа балрах аюулын харанга эрчим хүчний салбарт байна. Эрчим хүчний салбар маань өнөөдөр багадсан гуталтай хүн шиг эдийн засгийн өсөлтийг барьж, 50 жилийн өмнөх ЗИС-5 машинд хэтэрсэн ачаа ачиж энхэл донхолд мунгинаж яваа жолооч шиг ийм  дүр зурагтай байгаа нь тун ч харамсалтай.
 
Ийм аюул, бодит эрсдэл буйг үе үеийн Засгийн газар мэдэхийн дээдээр мэдсээр ирсэн. Бараг таван удаа байршил тогтсон 5-р цахилгаан станц маань хаачив? Худалдан авагч нь бэлэн Оюутолгой, нүүрс бэлэн Таван толгойн 450 МВт-ын ДЦС- ын төсөл маань хаачив? Хууль тогтоох, гүйцэтгэх, хянах бүх шатанд “хүчээ нэгтгэсэн” эрх баригчид та бүхнийг эрчим хүчний салбарыг хямралт нөхцөлөөс гаргахад бодлогоо нэгтгэж, хүчээ дайчлахыг сөрөг хүчний зүгээс сануулан уриалъя.
 
Харин 2012-2016 онд муу нэртэй, луу данстай Хөгжлийн банкны Чингис бондын санхүүжилтээр цорын ганц шинэ эх үүсвэр болох Амгалангийн дулааны  станцыг барьж, 3 болон 4-р цахилгаан станцыг өргөтгөснөөс өөрөөр дорвитой бүтээн байгуулалт уг салбарт үнэндээ сүүлийн 30 жилд хийгдсэнгүй. Ганцхан станц, нэгхэн зуухан дээр эвдрэл гэмтэл гарахад дүн өвлөөр хотоороо дулаангүй, улсаараа цахилгаангүй “гал алдах” цаг ойрхон ирснийг салбарын яам, сайд, мэргэжилтэнгүй хий “үглэсээр” л байна. Хариуцсан хүмүүсийн аз, ард иргэдийн заяанд даатгахаас өөр бэлдсэн бэлтгэлгүй идэр есийн хүйтэн рүү очиж явна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг өсөх тухай ярих даан ч боломжгүй нь илхнээ.
Алдагдал нь хэдэн зуун тэрбумаар яригддаг эрчим хүчний салбар аанай л бас Ардчилсан нам засаглаж байсан 2015-2016 онд л хугарлын цэг рүүгээ дөхсөн ганцхан жишээ байна. Гэтэл 5,6 жилийн дараа алдагдлын хэмжээ нэмэгдсээр түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. 
Бид нүүрсний бассейн дотроо амьдардаг хэр нь улс төржиж, эрчим хүчийг хүртэл сонгуулийн хэрэгсэл, халамж болгож зах зээлийн үнээр биш, бүр өртгөөр нь ч биш үнэгүй цахилгаан дулаан хэрэглэж суух хооронд дэлхий нүүрсний станцуудыг санхүүжүүлэхгүй гэчихлээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд нүүрсний эрчим хүчний төслийг дэмжихгүй нь. Одоо яах вэ? Иргэдээ дарамталсан, хөрштэйгөө муудалцсан 2 УЦС төсөл маань гэрлээ асааж, гэрэл нэмтэл ойр биш байх шиг. 
 
Асуудал шийдэл ярихаараа аварга том мега төсөл л ярина. Гэтэл төвлөрсөн бус бие даасан системүүдийн нэгдэл сүлжээ бий болгох нь стратегийн шийдэл чиглэл байхыг үгүйсгэхгүй. Улс орны өнцөг булан бүрт бага, дунд хэмжээний станцуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, түүнийг түгээх, дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулж эрчим хүчний сүлжээгээ торлож чадвал боломж байна. 
 
Хувийн хэвшлийг оролцуулах хөшүүрэг, тогтвортой байдлын гэрээ, тууштай хэрэгжих бодлогоор grid маягийн торлосон эрчим хүчний сүлжээ. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 17%-ийг эзэлдэг, АНУ-ын нүүрсний олборлолт, тээвэрлэлт, станцуудад нийлээд 60,000 хүн ажиллаж байна. Манай хилийн дөнгөж цаана байх Баяннуурт 1000 МВт-ын цахилгаан станцад дөнгөж 50-хан хүн ажиллаж байна. Гэтэл манайд 750 МВт-ын ТЭЦ-4 станцад 1500 хүн, 200 МВт-ын ТЭЦ-3 дулааны станцад 1000 хүн ажилладаг тоо мэдээ байна. Технологийн хоцрогдол нэмэх нь эрх баригч намын шахаа нийлэхээр ийм үрэлгэн бүтэц бий болдгийн бас нэг жишээ энд байна. Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэл зайлшгүй эхлэх ёстойг энэ бүхэн харуулж байна.
Нүүрсний уурхай, станц, дамжуулах, түгээх тойрсон өрийн цикл өдгөө ч үргэлжилсээр, өссөн дүнгээр их наяд давж тоологдож байна. Салбарын жилийн борлуулалтын орлоготой тэнцэх өр зээлтэй, хүлээгдэж буй хөрөнгө оруулалт нь бараг 10 жилийнх нь борлуулалттай тэнцэж буй урьдчилсан тооцоотой. Энэ чөтгөрийн тойргоо эвдэж, уг салбарыг либералчилж, үрэлгэн, үр ашиггүй ТӨХК-уудаа хувьчлах, засаглалыг сайжруулах бодлогыг хэзээ хийх вэ?
 
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь зүй ч хуудуутай хуулийг баталж, хуулиар хамгаалагдсан “дээрэм”-ээр хэрэглэгчийн халаасыг ухсан, амьжиргааг дордуулж буй жишээ одоо ч бодитоор оршин байна. Эрчим хүч үйлдвэрлэлийн 10 хүрэхгүй хувийг эзэлж буй ч нийт борлуулалтын орлогын бараг 1/3-ийг авдаг, айл өрх бүрийн хэрэглээнээс 1 кВт.ц тутамд 23.7 төгрөгийг “сул иддэг” эрүүл бус тогтолцоог нэн даруй эвдэж, засах шаардлага байна. 1000 хүнтэй нүсэр, үр ашиггүй станц нүүгэлтэн ажиллаж нийт хэрэглээний 70%-ийг нийлүүлэх мөртлөө орлогын 40%-ийг авдаг ойлгомжгүй, шударга бус тогтолцоог хэзээ засах вэ?
Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд лаа, чүдэнзээ зэхэх, гал алдахад яах тухайгаа тулга тойрон шивнэлдэж сууна. Хөгжлийн хөдөлгүүр, хурдасгуур байх ёстой эрчим хүч нь хөгжлөө боомилогч болсон хүндсэн нөхцөл байдлыг нэн даруй өөрчлөх үйлсэд тууштай, зоригтой ажиллахыг эрх баригч та бүхнээс хүсье.