sonin.mn
Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ бүтцэд багтдаг улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт “Нээх. Холбох. Тэнцвэржүүлэх.” гэсэн уриан дор  Таиланд улсын нийслэл Бангкок хотод өнгөрсөн баасан, бямба гарагуудад болж өнгөрлөө. 
Сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаагаа “цахим бус” биечилсэн хэлбэрээр болсон уг саммитад  АПЕК-т багтдаг 19 улс /эдийн засаг/ ба Хонконг, Тайвань гэсэн хоёр нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцов. Хэдхэн хоногийн өмнө Бали аралд өндөрлөсөн “Их20”-ийн уулзалтад оролцсон төлөөлөгчдийн тал хувь нь Бангкокт хүрэлцэн ирсэн байлаа.
 
Энэ удаагийн уулзалтад ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар оролцсонгүй, хоёр улсыг засгийн газрын тэргүүн шадар сайд А.Белоусов, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар төлөөлөн Бангкокт ирлээ. Ингэснээр Бангкокийн уулзалтын хамгийн нэр нөлөөтэй оролцогч нь Хятадын удирдагч Ши Жиньпин байв.
Энэ удаагийн уулзалтын “Нээх. Холбох. Тэнцвэржүүлэх.” гэсэн уриа нь дэлхийн ДНБ-ний 59 хувийг үйлдвэрлэдэг, дэлхийн хүн амын 38 хувь нь амьдардаг Ази-Номхон далайн бүс нутагт худалдааны ба хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, бүх салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тэнцвэрийг хангахад тус дөхөм үзүүлье гэсэн агуулгатай юм.
 
 
АПЕК-ийн үйл ажиллагааны гол чиглэлүүд бол цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, худалдаа-хөрөнгө оруулалтыг либералчлах, бүс нутгийн интеграцийг бэхжүүлэх, тоон эдийн засаг ба био-мөчлөгт-ногоон эдийн засгийг хөгжүүлэх явдал болой.
 
Эдийн засгийн бус хоёр асуудал
 
Хэдийгээр АПЕК-ийн чуулган цэвэр эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай боловч тус саммитын өмнөх өдөр Умард Солонгосын тал Япон руу чиглүүлэн пуужин харвасан тул АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис үүссэн нөхцөл байдлын талаар Япон, Өмнөд Солонгосын удирдагчидтай яаралтай зөвлөлдөв.  
Түүнчлэн Балид болсон G20-ийн уулзалтын үеэр Украинд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудлыг чухалчлан хэлэлцсэн бол Бангкокийн уулзалтын үеэр уг асуудлыг тэгтлээ нухацтай авч үзээгүй ба Украины Ерөнхийлөгч В.Зеленский үг хэлээгүй юм. 
 
Гэсэн хэдий ч Бангкокийн уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан тунхаглалд дурдахдаа “АПЕК-т хамаарах ихэнх орны төлөөлөгчид Украинд болж буй дайныг зэмлэн буруушааж, уг дайн хүмүүст асар их зовлон зүдгүүрийг авчирч, дэлхийн эдийн засагт үүссэн бэрхшээлтэй асуудлуудыг улам хүндрүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, инфляцийг хөөргөдөж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, эрчим хүчний ба хүнсний хангамжийг тогтворгүй болгохын сацуу санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэдгийг цохон тэмдэглэлээ” гэжээ. Үүний сацуу нөхцөл байдал ба Оросын эсрэг хоригийн талаар өөр байр суурьтай, өөрөөр үнэлэн дүгнэж буй оролцогчид байсан гэдгийг дурдсан байна. Энэ нь Балид болсон G20-ийн уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурдсантай яг ижил өгүүлбэр юм. 
 
Бангкокийн уулзалтад уригдан оролцсон Францын Ерөнхийлөгч Э.Макрон үг хэлэхдээ, Украин дахь нөхцөл байдал нь Ази-Номхон далайн бүс нутагт ч эрсдэл учруулж байна гээд цэргийн ажиллагаагаа зогсоох шаардлагатай гэдгийг Оросын талд ятган ойлгуулахад туслахыг уулзалтад оролцогчдод хандан уриаллаа.  
 
Хамтарсан мэдэгдэлд дурдагдсан бусад асуудал   
 
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэлд “авлигатай тэмцэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал байгааг” онцлон тэмдэглэжээ.
 
 
“Авлига нь эдийн засгийн өсөлт ба хөгжилд хортой нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу хил дамнасан авлигатай хамтран тэмцэх, авлигачдыг орогнуулах, тэдний хууль бусаар олж авсан хөрөнгийг хадгалахаас татгалзах замаар бодитой үйл ажиллагаа явуулж, нэгдмэл хандлагатай байх нь чухал гэсэн байр суурьтай хэвээр байна” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. 
 
 
Түүнчлэн хөдөө аж ахуйг хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын нээлттэй орчныг бий болгох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавруудтай илүү эрчимтэй тэмцэхийг дээд хэмжээний уулзалтад оролцогчид уриаллаа.
 
Хамтарсан тунхаглалын нэг заалт нь коронавирусний цар тахалтай холбоотой байлаа. Ирээдүйд хүмүүсийн эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эдгээр аюулын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
 
 
Мөн тоон технологийг ашиглах тал дээр улс орнуудын /эдийн засгуудын/ хооронд ялгаатай байдал үүссэнийг арилгахын тулд хамтран ажиллахаар оролцогчид тохиролцлоо.
“Тоон технологи ба инновац нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад тус дөхөм үзүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хүмүүсийн орлого нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж, амьдралын түвшнийг сайжруулдаг. Энэ салбарын технологийн дэд бүтцийн хүртээмжтэй байдал, хүмүүсийн ур чадвар, мэдлэгийг сайжруулснаар тоон хөгжлийн ялгаатай байдлыг арилгахын тулд бид хамтран ажиллах болно” гэж хамтарсан тунхаглалд дурджээ.
 
Ташрамд дурдахад, дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн “2022-2026 онд Ази-Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдааны бүс байгуулах төлөвлөгөө”-г боловсруулж дууссан байна.
 
Ши-Харрисын уулзалт
 
Уулзалтад оролцогчдод хандсан Ши Жиньпиний илгээлтэд дурдахдаа “Ази-Номхон далайн бүс нутаг бол хэн нэгний эзэмшлийн хашаа биш, том гүрнүүдийн өрсөлдөөний талбар биш” гэсэн нь онцлох ишлэл байлаа.
 
 
Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис үг хэлэхдээ, АНУ тус бүс нутаг дахь оролцоогоо бууруулах бодолгүй байгааг мэдэгдээд, Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны бүтэц болох IPEF-ийн талаар дурдлаа. IPEF  бол Ази-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг сөрөх зорилгоор энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бүтэц юм. К.Харрис хэлэхдээ “гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгийн чөлөөт урсгалыг нэмэгдүүлэхийн тулд бид түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллах болно” гэж онцлон тэмдэглэжээ.
 
Ингээд чуулганы сүүлчийн өдөр Ши Жиньпин, Камала Харрис нар дээд хэмжээний уулзалт хийлээ.  
 
 
Уулзалтын үеэр Хятадын удирдагч хэлэхдээ, БНХАУ, АНУ хоёр үл ойлголцлоо багасгаж, харилцаагаа эрүүл голдрилд эргүүлэн оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
 
Үүний хариуд дэд ерөнхийлөгч К.Харрис хэлэхдээ “АНУ-ын хувьд, Хятад улстай сөргөлдөхийг эрмэлзэхгүй, хоёр тал дэлхий дахиныг хамарсан глобал асуудлуудаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, холбоо барих сувгуудаа нээлттэй байлгах ёстой” гэв.
 
Ши-Кишидагийн уулзалт
 
Сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаагаа Хятад-Японы дээд хэмжээний нүүр тулсан уулзалт АПЕК-ийн чуулганы үеэр Бангкокт боллоо. Хоёр тал “цөмийн зэвсэг хэрэглэх, цөмийн дайн дэгдээх явдлыг  хэрхэвч гаргуулж болохгүй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 
 
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, хоёр талын харилцааг стратегийн байр сууринаас чиглүүлэх, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн харилцааг цогцлоохыг талууд эрмэлзэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, Дорнод Хятадын тэнгист, ялангуяа Сэнкаку арлуудын эргэн тойронд бий болсон нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, Тайваний хоолойн орчимд болсон Хятадын зэвсэгт хүчний сургуулилтын үеэр хэд хэдэн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унаснаас гадна Хятадын цэргийн хөлөг онгоцууд Сенкаку арлын орчмоор Японы нутаг дэвсгэрийн усанд нэвтэрсэн тохиолдол хэдэнтээ гарчээ. Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангах нь нэн чухал болохыг Японы Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна. Сенкаку арлууд нь Японд харьяалагддаг боловч Хятад, Тайвань хоёр уг арлыг эзэмших эрхтэй гэдгээ мэдэгддэг, харин Японы тал арлын харьяалалтай холбоотой ямар ч асуудал байхгүй гэж мэдэгддэг.
 
БНХАУ, Японы удирдагчид бүх түвшинд хоёр талын хэлхээ холбоог өргөжүүлэх, түүний дотор сайд нарын түвшний хэлэлцээг сэргээх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж байгаагаа илэрхийллээ. АПЕК-ийн дараагийн дээд хэмжээний уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 12-нд эдийн засгийн инновациар тэргүүлэгч Сан-Франциско хотод болно гэдгийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис мэдэгдлээ. 
 
Товч тодруулга: Одоогийн байдлаар Австрали, Бруней, Канад, Чили, БНХАУ, Хонгконг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Хятадын Тайпей /Тайвань/, Таиланд, АНУ, ОХУ, Перу, Вьетнам зэрэг эдийн засгууд АПЕК-т /Asia-Pacific Economic Cooperation/ гишүүнээр элсжээ. 
 
1999 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 86 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь АПЕК-ийн гишүүн орнуудад ногдож байв. Манай улс АПЕК-ийн гадаад худалдааг дэмжих, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр гэсэн 4 ажлын хэсэгт зочны статустай оролцож байна.
 
 
Б.Адъяахүү