sonin.mn
Америкийн Нэгдсэн Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Ричард Буанган Улаанбаатарт ирснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. 
 
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш орон болох АНУ-ыг төлөөлж буй ноён Ричард Буанганы танилцуулга ярилцлагыг хүргэж байна.
 
- Төрсөн газар, төрөлх хотоо танилцуулна уу?
 
- Би Сан Диего хотод төрсөн. Миний аав тэнгисийн флотод алба хааж байхдаа тэнд томилогдож очоод ээжтэй маань танилцсан. Сан Диего хот Улаанбаатараас хэд хэдэн зүйлээр ялгаатай, ялангуяа цаг агаар нь.
Гэхдээ хүмүүс нь олон талаараа адилхан юм. Сан Диего хотынхон ерөнхийдөө монголчууд шиг их найрсаг, тайван амгалан бөгөөд тэд гадна орчин, байгальтай ойр байх их дуртай болохоор хүн бүр л гарчихсан, ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж байдаг. Түүнээс гадна Сан Диего болон Улаанбаатар хотуудын хүн амын тоо нь бараг ойролцоо.
 
- Та эцэг, эхийнхээ дэлгэрэнгүй танилцуулна уу?
 
- Дээр хэлсэнчлэн, аав маань АНУ-ын Тэнгисийн флотод алба хааж байсан. Тэрбээр Филиппинд өссөн бөгөөд өмнө нь хэзээ ч очиж үзээгүй АНУ-ыг бишрэн, Тэнгисийн флотод нь алба хаахыг мөрөөддөг байж. Харин ээж маань тэр үед зөвхөн эзэмшсэн мэргэжил болон ганц жижиг чемодантай л АНУ-д очоод байсан жирийн нягтлан бодогч байв.
 
Би үе үе эцэг эхийнхээ тэрхүү түүхийг бодохоор тэдний хийсэн шийдэмгий алхам нь олон олон хүмүүс, АНУ-д суурьшсан монголчуудын хувьд ч мөн адил, тэдний итгэл мөрөөдлөө олж авахын тулд үзэж туулж буйтай адил төстэй санагддаг.
 
- Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
 
- Миний хүүхэд нас олон газраар нүүдэллэсэн байдалтай өнгөрсөн. Аав маань цэргийн томилолтоор АНУ-д нэг газраас нөгөө газар луу байнга шилжин явдаг байв. Би Сан Диегод төрсөн ч хүүхэд насныхаа нэлээд хугацааг Хавайд өнгөрөөсөн учраас Хавайг хоёр дахь гэрээ гэж үздэг.
Би нэг эрэгтэй дүүтэй, надаас хоёр насаар дүү. Миний Элчин сайдын тангараг өргөх ёслолд оролцохоор дүү минь Вашингтон хот руу их холоос нисэж очсон байсныг би мэдээгүй байж билээ. Багадаа бид хоёр байнга л хамт гадаа тоглодог байсан.
Бага насны дурсамжаас, Хавай мужийн Уайпаху хот дахь филиппинчүүдийн жижиг хүрээлэл санаанд орж байна, хоорондоо их ойр нягт байдаг, хөршүүд маань ч намайг өөрийн хүүхэд шигээ үздэг байж билээ. Миний гэр бүл бол өмөг түшиг минь, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан байх аа.
 
- Та ямар хоббитой вэ?
 
- Би дуу хөгжим сонирхож төгөлдөр хуур, үкүлэлэ тоглодог. Гэхдээ ном унших, бусад улс орны хэл, соёл, түүхийн талаар сурч мэдэх үнэхээр дуртай. Түүх дундаа бодит түүхийг илүүтэй сонирхон уншдаг. Уран зохиолын хувьд магадгүй Эрнест Хэмингуэй, Жон Стэйнбэк хоёр миний хамгийн дуртай зохиолч нар маань, номыг нь дахин дахин унших дуртай.
 
Жозэф Кэмбэлл бас миний унших дуртай зохиолч, тэрээр бид бүхний түүх, бидний үлгэр дуурайл болон баатруудын маань талаар маш нарийн судалгаа дүгнэлтүүдийг хийсэн байдаг шиг санагддаг. 
 
Би Жэк Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг ч уншсан. Энэ номыг 2012 онд Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах товчооны Цахим харилцааны газрын захирлын хувиар Монголд айлчлахад минь дурсгаж байсан юм.
 
- Тэгвэл спортын хувьд та юу хэлэх вэ. Сонирхдог болон хичээллэдэг спортын төрлүүдээсээ сонирхуулна уу?
 
- Гадаа, байгальд байх нь миний хувьд их чухал байдаг учраас би аль болох гадуур явах, гольф тоглох дуртай. Би өсвөр насандаа тийм ч сүрхий тамирчин байгаагүй л дээ. Гэхдээ бага лигт бэйсбол тоглодог байсан маань магадгүй Сан Диего Падрес багийн үнэнч фэн болоход нөлөөлсөн байх.
 
Сан Диего спортын олон багтай биш ч бэйсболын баг бол бий шүү. Төрөлх Сан Диего хотоороо их бахархдаг учраас би тэндхийн багуудаа хөгжөөн дэмждэг.
 
- Ямар төрлийн хөгжим сонсдог вэ?
 
- Би сонгодог хөгжимд дуртай, мөн Элвисийн шүтэн бишрэгч. Дуурь үзэх, ялангуяа Моцарт, Вагнер, Вердигийн бүтээлүүдийг сонсох их дуртай. Монголд ирээд хамгийн түрүүнд үзсэн урлагийн тоглолт маань Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдсан “Тоска” дуурь байлаа. Ромео Жульеттатай хэд хэдэн сэдвээр холбогддог “Тристан Изольда хоёр” бол миний хамгийн дуртай дуурь.
 
- Амьдралдаа юунд хамгийн их талархдаг вэ?
 
- Гэр бүл, найз нөхдөдөө. Гэр бүл маань миний өмөг түшиг, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр өнөөдөр өөрийгөө энд байгаагаар төсөөлөхгүй байсан гэж би дээр хэлсэн. Тэр үг найз нөхдөд маань ч бас хамаарах юм шүү.
 
- Өнөөг хүртэл танилцсан монгол хүмүүсийн талаар юу хэлэхсэн бол?
 
- Монголчуудын нөхөрсөг, хүлээцтэй, бас нээлттэй зан чанар нь хүндлэл бишрэл төрүүлж байна. Намайг үнэхээр уриалагхан хүлээж авч байгаа Монголчуудад баярласнаа илэрхийлье!
 
- Дипломатч байна гэдэг таны хувьд ямар утга учиртай вэ?
 
- Миний бодлоор дипломатч гэдэг улс орноо гаднын улсад төлөөлж, нийтлэг байр суурь, харилцан ойлголцолд хүрэх арга замыг хайж олж чаддаг хүнийг хэлнэ. Амжилттай дипломатчид бусад улс орнуудаас, тэдний нийгэм, соёлоос нь суралцаж байдаг чадавхтай байх болов уу.
 
- Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллах хугацаандаа нэн тэргүүнд тавих гурван зорилт тань юу вэ?
 
- АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар миний тэргүүлэх зорилтууд бол иргэд хоорондын, ардчиллын, мөн эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх явдал. Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг хөрвөх чадвартай байлгахын төлөө миний бие болон манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Өнгөрсөн хэдэн арван жилийн турш Монгол Улс хүний эрх, хуулийн засаглалд тууштай байж, бат бэх, амьд эрчимлэг иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг бойжуулахад туйлбартай түнш байсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламж, гамшиг ослын хариу арга хэмжээнд дэлхий даяар үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үргэлжлүүлэн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэж итгэж байна.
 
Манай хоёр улс ойр нягт, өнө удаан жилийн харилцаатай. Энэ бол эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйгээ бататгахын төлөө мөр зэрэгцэн зүтгэж буй анд нөхдийн, түншлэлийн харилцаа юм. 
 
- Хэрэв та маргааш өглөө сэрэхдээ ямар нэгэн зүйлийг хийж чаддаг болсон байх байсан бол тэр нь юу байх байсан бэ?
 
- Монголоор ярьдаг болохыг хүсэх байсан.
 
- Өнөөг хүртэл таны амьдралд тохиосон хамгийн том зүйл юу вэ?
 
- АНУ-ыг төлөөлөн ажиллах Элчин сайд болсон явдлыг би нэрлэнэ.
 
- Монголоос буцахад тань монголчууд таныг юугаар тань дурсаасай гэж хүсэж байна вэ?
 
- Намайг гэлтгүй, ер нь америкчуудыг сайн хүмүүс, жинхэнэ анд нөхөр, хамтрагч байж чаддаг гэсэн бодол Монголчуудад үлдээсэй гэж би хүсэж байна.
 
 
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам