sonin.mn
Чадах болов уу хэмээн чамлаж байсан Ханги-Мандалын төмөр зам дуусаж байгаа бололтой, нээлтийн тов дуулдаж байна.
 
“Монголиан транс лайн” ХХК энэ оны гуравдугаар сард “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226,9 км урттай төмөр замын ажлыг эхлүүлж, найман сарын хугацаанд ийнхүү дуусгаж байна. Энэхүү төмөр зам нь Монголын хилээс найман километрийн зайтай орших БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно. 1520 мм царигтай, 25 тн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам болжээ.  
 
 
Ханги-Мандалын төмөр замын онцлог юу вэ?
 
Нэгдүгээрт, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортын томоохон гарцуудын нэг бөгөөд урд хөрштэй шууд холбогдох төмөр замын хоёр дахь гарц болж байна. Хоёрдугаарт, Монгол Улсад анх удаа гурван чиглэлийн төмөр замын уулзварыг бий болгожээ.  Энэ нь одоо ашиглагдаж байгаа УБТЗ ХНН-ээс болон Тавантолгойн бүлэг орд газраас уул уурхайн болон бусад ачаа барааг шаардлагатай чиглэлд саадгүй тээвэрлэх, ачаа тээврийн зөв зохион байгуулалт хийх боломжийг олгох юм. Гуравдугаарт, уг төмөр замыг монголчууд  өөрсдийн хүчээр барьжээ.
 
Зүүнбаян-Хангийн чиглэлийг стратегийн ач холбогдолтой гэж онцолдог. Учир нь, манай уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэдэг БНХАУ-ын Бугат хот Хангийн төмөр зам холбогдох Мандал боомттой хамгийн ойр. Энгийнээр хэлбэл Тавантолгойн коксжих нүүрсийг бид Зүүнбаян-Хангийн төмөр замаар тээвэрлэн Мандал боомтоор гаргаж Бугат хотод хүргэнэ. Энэ нь илүү дөт, илүү ашигтай гэсэн үг юм. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого” тэр дундаа Боомтын хүчин чадлыг нэмэх ажил урагшилж байна. 
 
Нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэхээ ил тод зарласан. Манай улс экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсээ автомашинаар тээвэрлэж, улсад орох ашиг, өгөөж нь үүнд “шингэж” ирснээс гадна “нүүрсний” гэх том хулгай, хууль бус сүлжээ энэ бүхний ард цэцэглээд удаж байна.
 
Нүүрсний хулгайн тээвэр дагасан далд эдийн засаг үүсэж, авлига, хээл хахууль, албан тушаалын арилжаа наймаа ч газар авсан бололтой. Тиймээс өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Засгийн газар хуралдаж, Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөө томилоод байна. Одоо тус компанид нүүрсний экспортыг шилэн болгох, оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах болон хяналт шалгалтын ажлууд хийгдэж байна. 
 
              Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто зам дагуу өнгөрсөн сарын 1-ний өдрөөс тээврийн хэрэгслийн дугаар танигч ухаалаг камерын систем нэвтрүүлжээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээлэл шилэн болж, иргэд олон нийт шууд хянах боломжтой болно. Энэ нь хулгайн нүүрс тээврийг устгахад нөлөөлнө гэж үзжээ. Хамгийн инээдтэй нь шинэхэн камеруудыг машинаар дайрч эвдсэн тохиолдол ч гарсан байна. Нүүрсний хулгайчдын гар хөл ийм л урт аж. Тэдэнтэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эцсээ хүртэл тэмцэж ялж чадах уу? Бас “Шинэ сэргэлтийн бодлого” нь зорилгодоо хүрч хэрэгжиж чадах уу? Хүлээлт өндөр байна. 
 
 
Д.Дандархүү