sonin.mn
БАЛИ. /Al Jazeera/. “Хорийн бүлэг”-ийн удирдагчид Индонезийн Бали аралд хоёр өдөр чуулсны үр дүнд Украины эсрэг Оросын түрэмгийллийг “эрс” зэмлэн буруушаасан хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан энэхүү мэдэгдэлд гишүүн орнуудын дийлэнх олонх нь Украин дахь дайныг зэмлэн буруушаасан ч түүнээс өөр байр суурьтай орнууд ч мөн байв. ОХУ-ын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
 
“Олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглээд, цөмийн зэвсэг хэрэглэх аюул үүсгэж болохгүй хэмээн нэмж дурджээ. Үүнээс гадна Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сайшаасан байна.
“Олон гишүүн... мөргөлдөөний улмаас эрүүл мэндийн чухал дэд бүтцэд хохирол учирч, эрүүл мэндийн ажилтнуудын амь нас эрсэдсэн нь хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгдэлд дурджээ. 
 
Мөн Украин дахь дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцлоод, гишүүн орнуудын Төв банкууд мөнгөний бодлогыг чангатгах хурдацыг үргэлжлүүлэн тохируулна гэдгийг тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Балид болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд “Украин дахь дайныг хурцдахаас сэргийлэх нь туйлын чухал” байгааг анхааруулсан байна. НАТО-гийн гишүүн улс болох Польшид дэлбэрэлт болсны дараа тэрбээр ийнхүү хэлжээ.
 
“Хорийн бүлэг”-ийн удирдагчид мөн нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах үйл явцыг түргэсгэх зэргээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна. Үүний тулд бүх улс орон үр бүтээлтэй, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг хамтарсан мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг