sonin.mn
“No war” хөдөлгөөний идэвхтэн, иргэн Б.Цацралтай ярилцлаа.
 
 “No war”, “No double standart”, “Police reform” хөдөлгөөнийхөнд шүүхээс ял өглөө. Тэдэнд оноосон ялын тухайд та ямар сэтгэгдэлтэй байна?
 
Арван гурван сарын турш 11 удаа шүүх хурал боллоо. Энэ хугацаанд зөвхөн энэ хэрэг дээр дөрвөн прокурор, хоёр шүүгч солигдсон. Ингээд сүүлд 3 өдөр үргэлжилсэн шүүх хурал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн ялалтаар төгслөө.
 
Л.Оюун-Эрдэнэ сайддаа баяр хүргэе. Та Эрүүгийн хуулиар иргэнээ ялсан дэлхийн бараг анхны Ардчилсан улсын Ерөнхий сайд болж байна. Мөн та эрхэм дээд нэр төртэйгээ үлдсэн баярт үйл явдал боллоо. 
 
Энэ таван залууг наймаас нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих саналыг улсын яллагч оруулж ирсэн. Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ хөдөлгөөний залуусыг нүүрсний бүлэглэлийнхэн гэж гүтгэсэн. Хариуцлага хүлээдэг оронд бол Х.Нямбаатар өөрөө огцрохоор л үйл явдал боллоо. Өнгөрсөн жилийн 7 сарын 30-нд  Э.Одбаяр твиттер болон фэйсбүүк хуудсандаа Дорнод аймагт болсон авто осол гэж нэрлээд байгаа боловч үнэндээ санаатайгаар хүн дайрч байгаа бичлэгийг оруулсан юм. Энэ хэрэг 7 сарын 22-нд болсон юм байна. Э.Одбаяр тухайн хэрэг яаж шийдэгдэж байна вэ гээд хүмүүсийн нэрийг товчилж оруулаад гэмт хэргийг үйлдсэн хүний аав нь МАН-ын гишүүн, Ерөнхий сайдын хүн юм байна гэдгийг хаалтад хийж бичлэгийг оруулсан байдаг. Бичлэгийг шөнө 02 цагт оруулсан. Өглөө нь эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн байсан. Ингээд цагдаагаас дуудах хуудсаа Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж байхад нь ирж өгсөн. Тэгээд энэ хэрэг дээрээ шалгагдаж байх явцдаа 10 сарын 4-нөөс 5-ний хооронд шилжих шөнө 461дүгээр хорих ангиас хүн оргуулсан гэдэг. Гэтэл тэд хүн оргуулаагүй.
 
Д.Монголхүүг прокурорын зөвшөөрөлгүйгээр, шүүхийн тогтоол гараагүй байхад баривчиллаа, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулаач ээ гэдгийг шаардаж, эсэргүүцсэн. Үүний төлөө гуч хоног цагдан сэргийлэх 461 дүгээр ангид  хоригдохдоо 24 хоног өлсгөлөн зарласан байдаг. Биеийн байдал нь муудсан учраас гаргасан гэж би хувьдаа дүгнэдэг. Түүнийг 461-т алчихаж болохгүй гэсэндээ л гаргасан байх. Түүнээс биш гаргах сонирхол байгаагүй. Яагаад гэвэл тухайн үед дөрвөн удаа цагдан сэргийлж байгаа үйл ажиллагааныхаа байдлыг өөрчлөөд өгөөч ээ, хилийн хязгаар тавьдаг ч юм уу, орж гарах хөдөлгөөн дээр нь хязгаарлалт тавиад гэрт нь гаргаач ээ, өөр байдлаар байцаагдъя гэхэд хүсэлтийг шүүх хүлээж авахгүй байсан. Тэгээд энэ хоёр хэргийг хамтад нь шийдвэрлэсэнд МАН-ын ЕНБДарга их гайхаж байна гэдэг мэдэгдлийг уржигдар хийж байна лээ. Үүнд ерөөсөө гайхаад байх явдал байхгүй. Угаасаа тэр хорих ангиас хүн оргуулсан гэдэг гэмт хэргийг үйлдсэнээсээ болоод Э.Одбаяр 461 дүгээр хорих ангид хоригдож байсан. Энэ хоёрыг прокурор чинь нэг хэрэг гэж үзээд хамтад нь ялласан. Шүүхээс энэ таван залууг амьдран сууж байгаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх гэдэг ял өгсөн.
 
Нэг жил гэдэг урт хугацаа. Бид Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх, ажилдаа явахаас авахуулаад бид дүүргээс дүүргийн хооронд л явдаг. Гэтэл ийм ял шийтгэл өгчихөөд үүнийгээ бид нар яллаагүй ээ, энэ хоёр хэргийг хамтад нь шийдсэнд гайхаж байна гэдэг бол маш болчимгүй мэдэгдэл. Мөн Ерөнхий сайд Л.Оюун эрдэнэ гомдол гаргаагүй гэж Хууль зүйн сайд нь, хэвлэлийн төлөөлөгч нь хэлж байх шиг байна лээ. Гомдол гаргаагүй юм бол зөвлөх нь тэнд юу хийж суугаа юм бэ, өмгөөлөгч нь яагаад Л.Оюун Эрдэнийг өмгөөлөхөөр ирчихсэн байдаг юм бэ?  Гомдол гаргасан гэдгээ шүүхийн гурван өдрийн тайлбар мэдүүлэгтээ өгсөн. Тэгэхээр яагаад Засгийн Газраас, Төрийн ордноос гарч байгаа мэдээлэл болгон худалч, хуурамч, иргэдээ талцуулсан байдаг юм бэ? “No war” хөдөлгөөний залуучуудыг бид нар яллаагүй гээд байгаа юм. Энэ хүмүүс ял авч байгаа нь үнэн шүү дээ.
Хөгшин, залуу гэлтгүй хүн бүр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь дарамт шахалттай байдаг болчихсон байна.
 
Ер нь цагдаа, шүүх, прокуроруудыг ОХУ-д сургахаа больё.
 
Бид хүнлэг, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс болохын тулд өөрчлөлтийг цагдаагийн байгууллагаас эхлэх хэрэгтэй юм байна гэдэг хөдөлгөөнийг давхар өрнүүлээд явдаг. Энэ шинэчлэлийг нэн даруй хийхгүй бол манай Монгол улсад дарангуйлал тогтож байгаа гэдгийг энэхүү шүүхийн шийдвэр баталж байна. Энэ бол зөвхөн таван залууд өгч байгаа ял биш. Үзэл бодолтой хүн болгонд өгч байгаа ял юм. Тэд үнэхээр гэм буруутай байсан бол хамаа алга. Гэтэл энэ хүмүүсийг хилс хэрэгт гүтгэж байна шүү дээ. Д.Монголхүүг оргуулсан гээд байгаа тэр хэрэг хэрэгсэхгүй болчихсон. Хүн оргоогүй байхад энэ хүмүүсийг оргуулсан гэдгээр яллаж байна.
 
Таныг бас цагдаагийн газраас дуудсан гэсэн. Юу болсон юм бэ? 
 
”No war“ хөдөлгөөнийг бид 2 сарын 25-нд эхлүүлсэн. Гэтэл 9 сарын 3-наас хойш зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэдэг дээр зөрчлийн таван хэрэг үүсгэчихсэн явж байгаа. Над дээр үүсгэсэн нэг хэрэг нь юу вэ гэвэл яг анхны цас ордог тэр хүйтэн өдөр хүүхдүүдийг гадаа жагсаал хийлгэж байна. Энэ хүүхдүүд 2 цаг болчихлоо. Жагсаал хийх явцдаа командалж байгаа хүн нь хүүхдүүдийг дэглээд байна гэдэг ийм мэдээлэл сошиал орчинд тарсаныг би share хийхдээ яагаад хүүхдүүдийг амралтын өдөр, энэ хүйтэнд дэглээд байгаа юм бэ? Л.Энх-Амгалан сайдаа, ер нь энэ намрын спорт өдөрлөгт хэзээнээс дуут жагсаал гэдэг юм ордог болчихсон юм бэ? гэдэг асуудлыг асууж твиттер хуудсандаа бичсэн.
 
Маргааш өдөр нь намайг ЭЦГ-аас дуудсан. ЭЦГ-т би 5 сарын өмнө гомдол өгсөн юм. Тодруулбал миний сошиал хаяг руу 5-аас 10 тролл хаягнаас зураг эвлүүлж нэр хоч өгөөд доромжлоод байна, эдгээр хаягний цаадах эздийг олж өгөөч ээ гэдэг агуулгатай. Түүний хариултыг хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодтол, тань дээр гомдол ирсэн гэсэн. Та энэ хүүхдүүдийн жагсаал хийж байгаа бичлэгийг оруулсан юм байна, энийгээ устга гэсэн. Би устгахгүй ээ. Яагаад гэвэл энэ хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа. Устгах шаардлагатай бол та нар яагаад гэдэг тайлбараа эхлээд хэлчих, тэгээд энэ бичлэгийг чинь би устгана гэсэн. Тэгвэл ирж мэдүүлэг өг гэсэн. Тухайн өдөр би 21 цагт завтай болно. Миний ажил тэгж л дуусна гэсэн чинь тэгвэл тэр цагтаа ирж мэдүүлгээ өг. Иртэл чинь хүлээнэ гэсэн. Тэгээд би 21 цаг 17 минут болж байхад ЭЦГ ороход 22 цагаас хойш байцаалт авч болдоггүй юм, авахгүй ээ гэж хэлсэн. Тэгээд би нэгэнт ирчихсэн юм чинь одоо мэдүүлгээ өгье. Ядаж над дээр ирсэн гомдлыг үзье гэсэн. Гэтэл тэнд нэр бүхий сургуулийн захирал, анги удирдсан багш нь хүүхдүүдтэйгээ гарын үсэг зураад гомдол гаргасан байна гэж хэлсэн.
 
Гэтэл миний оруулсан бичлэг дээр энэ сургуулийн хүүхдүүд, тэддүгээр ангийн хүүхдүүд, ийм багштай, цэргийн дуут жагсаалд бэлдэж байна гэдэг нэг ч үг өгүүлбэр байгаагүй. Би тэр тайлбарыг Л.Энх- Амгалан сайдаас асуусан. Энд юу болоод байгаа юм бэ? гэж. Энэ хүүхдүүд сар гаран бэлтгэл хийж байна. Тухайн үед маш олон хүмүүс хэлж л байсан. Их дэлгүүрийн усан оргилуур дээр, 220 мянгатын хүүхдийн талбай дээр, нэгдүгээр сургуулийн тэнд бэлдэж байна. Энэ юу болоод байгаа юм бэ гэж асуугаад байсан. Гэтэл одоо нөгөө нэг гомдоод байгаа хүмүүс нь тэр бичлэгээс өөрсдийгөө таньж мэдээд бид нар гомдож байна гэсэн. Тэгээд энэ хэрэг шалгагдаад явж байгаа. Сүүлд Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын хүүхдийн байцаагч гэдэг хүн рүү энэ хэрэг хуваарилагдаад надаас мэдүүлэг авна гэж хэлсэн. Би ямар шаардлага хэлж байгаа юм гэхээр та үнэхээр хүүхдийн эрхийн байцаагч юм бол энэ бичлэг дээр хэний эрх зөрчигдөөд байгааг олчихоод, тэгээд энэ хүүхдүүд яг яаж хохирсон, гомдсонг тогтоочих, үүний дараа би мэдүүлгээ өгье өө гэдэг байр суурьтай байгаа. 
 
Та бүхэн дайныг эсэргүүцэж ОХУ-ын ЭСЯ-ны гадаа жагсаал хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр Монголын төр засгийн ОХУ-Украйны дайны талаар баримталж буй байр суурийг та хэрхэн дүгнэж байна?
 
Монгол Улсын Засгийн Газар, эрх барьж буй нам эс үйлдлээрээ дайныг удаа дараа дэмжиж ирсэн. Бид нар үүнийг маш олон удаа хэлж байгаа. Энэ үйлдлийг чинь дэлхий нийтээрээ мэддэг болчихоод байна. Тэгээд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэггүй улс гэдэг дээрээ нэмээд дайн дэмждэг улс болж хувирч байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс дайн эхэлснээс хойш албан ёсоор ямар ч байр суурийг илэрхийлээгүй.
 
ОХУ-ын Элчин сайд гэж хүн манай улсын дотоод хэрэгт оролцож буйд тайлбар өгөөч ээ гэхээр Гадаад хэргийн яам нь таг дуугүй. Бид нар таван шаардлага бүхий бичгээ Гадаад хэргийн яаманд өгчихсөн. Хариу ирэхгүй байгаа.
 
Ийм байж бид нар төвийг сахиж байна, амжилттай гадаад бодлого явуулж байна гэж хэлэхээсээ Монгол Улсын Засгийн Газар ичих хэрэгтэй. Түүгээр ч үл барам дайныг эсэргүүцсэн залуучуудыг яллаж байна гэдэг мэдээлэл гарснаар олон улсад нэр хүндээ ч унагаж байна. Олон улсад бид аль хэдийн нэр хүндгүй болчихсон гэдгээ яагаад Монгол Улсын Засгийн Газар иргэддээ хэлэхгүй байгаа юм бэ?
 
Эх орныхоо тэг дундуур хийн хоолой явуулна гэдэг баримт бичигт Монгол Улсын Шадар сайд гарын үсэг зурахдаа л бид нар дайны энэ үйл явцад оролцчихсон байхгүй юу. Энэ чинь 2 сарын 28-ны өдөр болсон үйл явдал. Үүнээс хойш болж байгаа үйл ажиллагаануудыг харахаар хэчнээн удаа Орос улс руу очиж айлчлал хийв. Туршлага судалж байна л гэнэ, соёлын харилцаатай л гэнэ, энэ бүх үйлдлүүд чинь бичиж, тэмдэглэгдэж үлддэг юм. Ийм бодлого явуулж байгаагаа төвийг сахисан гэж тайлбарлахаа болих хэрэгтэй. Дайн бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Дайн бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил. Ийм хүний эрхийн ноцтой зөрчил явагдаж байхад төвийг сахидаггүй юм. Хүн үхэж байхад төвийг сахина гэж байхгүй шүү дээ. Энэ бол амиа бодсон хэрэг байхгүй юу. Энэ бол ямар ч бодлого биш. Энэ бол хулчгар зан. Үүнийгээ Монгол Улсын Засгийн Газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 
 
Тэгэхээр Монголын төр засагт ОХУ-ын нөлөөлөл байна гэж та дүгнэж байна уу? 
 
Нөлөөлөл гэхээсээ илүүтэй бараг даалгавар авч ажилладаг юм биш үү. 9 сарын 3-ны өдөр бид нар ОХУ-ын ЭСЯ-ны гадаа самбар дээр манай Монгол улсын гуравдагч хөрш, хандивлагч улс, Япон улсын далбааг стикер дээр хэвлээд л наасан. Яагаад тухайн үед энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр Монгол улсын арми Япон, Орос хоёрын маргаантай арал дээр очиж цэргийн сургуулилт хийсэн. Тэр үйл явдлыг олон улсын телевиз, хэвлэлээр гаргасан.Гэтэл түүнээс долоохон хоногийн өмнө Монгол, Японы найрамдалт харилцаа үүссэний 50 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлсэн шүү дээ. Энэ үйлдлийг иргэд бол дэмжээгүй шүү. Бид Япон, Монголын найрамдалт харилцааг дэмждэг шүү гэдэг агуулга бүхий бичигтэй стикерийг ОХУ-ын ЭСЯ-ны гадаа буюу нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа самбар дээр л наасан. Гэтэл үүнтэй холбоотой ямар гомдол ирчихсэн байгаа вэ гэхээр ОХУ-ын өмч болсон самбар дээр энэ хүмүүс юм нааж бохирдуулж байна гэдэг гомдол ирээд, зөрчлийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Энэ самбар хэний өмч юм бэ? Энэ самбар хэний ч өмч биш. Орос элчингийнх бүр биш. Тэгээд энэ самбар дээр энх тайванд уриалж, гуравдагч хөрштэйгөө хамт байгаа шүү гэдэг утга санааг илэрхийлсэн стикер наасны төлөө хууль хүчний байгууллагынхан нь ажиллаад, иргэдээ шийтгэх гээд явж байгаагаас харахад даалгавар авч ажилладаг юм байна шүү гэсэн хардлага төрж байна. 
 
Ноцтой дипломат алдаа удаа дараа гаргасан ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайд  К.И.Азизов Монгол Улсаас одоог хүртэл явахгүй байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?
 
Монгол Улсын Засгийн Газар ажлаа хийхгүй байна л гэж дүгнэж байна. Яагаад гэхээр энэ үйл явдал миний тоолсноор бол таван удаа давтагдсан. Монгол улсын иргэд хаана жагсахыг зааж байдаг, иргэд нь сошиалдаа ямар постер оруулахыг зааж байдаг, тэгээд энэ үйл ажиллагаанд нь татвар төлөгчдийн мөнгөөр цалингаа тавьдаг үндэсний телевиз нь очоод оролцчихдог, ОХУ-ын элчингээс гарч байгаа мэдэгдлийг шууд дамжуулаад сууж байдаг. Хоёр удаагийн дайн дэмжсэн жагсаалд зөвшөөрөл олгож байдаг. Азизов гэж хүн өөрөө зөвшөөрөл олгосон хотын даргад баярлалаа гэж хэлээд зогсчихдог нөхцөл байдалтай байна. Ийм байхад энэ хүн явахгүй шүү дээ. Энэ хүн чинь бүр дархлагдчихсан. Засгийн Газар, Ерөнхийлөгчтэй нягт холбоотой гэдгээ Ерөнхийлөгчийн тангараг өргөх болон улсын баяр наадмын үеэр Их тэнгэрт болсон хүлээн авалт дээр очиж баталгаажуулчихсан хүн.
 
Гэтэл ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг бүх улсуудаас Оросын элчин сайдууд нь гарчихсан, хөөгөөд явуулчихсан. Гэтэл бид нар тус улсын ЭСЯ-ных нь гадаа байгаа самбарыг ч буулгахгүй, ийм л байдалтай байж байгаа шүү дээ. 
 
“No war” хөдөлгөөн өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Олон ч үйл явдал боллоо. Орос элчингийн гадаа жагсах болгондоо л цагдаа нартай тулгарч байна. Одоо хамтран зүтгэгчид чинь хөдөлгөөндөө оролцох боломжгүй болж байх шиг байна. Цаашдаа энэ хөдөлгөөн хэрхэн өрнөх вэ? Та үргэлжлүүлээд явах уу? 
 
Манай залуучуудыг яллачихсан энэ хэрэг дээр нэг аюултай юм нь яг өнгөрсөн жилийн үйл явдал давтагдах гэж байгаа юм. Э.Одбаярыг  Эрүүгийн хэргийн 10.3.14 гэдэг заалтаар яллачихсан байж байх үеднь тэрээр “Цахим үндэстэн” шоуг цар тахлын хууль зөрчиж, олон хүнийг цуглуулж битгий хийгээч ээ гэдэг шаардлага хүргүүлсний төлөө хорьчихсон. Одоо энэ хүмүүс дээр ийм шүүхийн яллах дүгнэлттэй яваа. Өөрөөр хэлбэл “No war” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх гээд БЗД-т амьдардаг нэг нь ОХУ-ын элчингийн гадаа ирэхэд л хоригдох нөхцөл байдал үүсгэчихнэ. Энэ агуулгаар бол шүүхийн дээрх шийдвэр бол “No war” хөдөлгөөний эсрэг чиглэсэн улс төрийн хилс хэрэг. Гэхдээ энэ хөдөлгөөн бол зогсохгүй ээ. Бид үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл эх дэлхий энх тайван байх ёстой, бид хүн алахыг тэвчдэггүй, хүн алахыг хэвийн гэж үздэггүй. Энэ бол гэмт хэрэг гэж үздэг. Энэ бол аймшигтай гэж боддог. Мөн бид Монголыг тусгаар тогтнолтой улс байгаасай гэж хүсдэг. Ийм учраас бид энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. 
 
Та Э.Одбаяр тэргүүтэй энэ хөдөлгөөнийхөө залуустайгаа анх хэрхэн яаж нэгдэж байсан юм бэ? 
 
Э.Одбаяр бид хоёр Байгалийн түүхийн музейг нураахын эсрэг хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үгүй ядах нь ээ нүүрэн талын фасадыг нь авч үлдье гээд 53 өдөр энэ хөдөлгөөнийг өрнүүлсний эцэст  Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, БСШУ-ны сайд асан Ё.Баатарбилэг, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар байгалийн түүхийн музейг нураах 400 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөнөөс гаргахыг баталсан байдаг. 12 сарын 6-ний өдөр Байгалийн түүхийн музейг нураасан. Тэр үед Монгол улсын Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх Москвагийн Эрмитажийг үзээд ямар гайхамшигтай юм бэ гээд гайхаж байхад энд өөрийнхөө соёлын өвийг нурааж байсан. Ийм хоржоонтой хэрэг болсон.
 
Мөн Хэлмэгдэгсдийн музей болон төв шуудангийн урд талд байгаа 61 дүгээр байрны ханан дээр байсан “Цагаан морин жилийн гараа” гэдэг мозайкийг битгий нураагаач ээ, хувийн өмчид өгсөн байж болно, гэхдээ нийслэл өөрийн түүх, соёлын дурсгалт өвүүдээ хадгалж, хамгаалж үлдэхийн төлөө дорвитой ажил хийгээч ээ, гадны улсын тусламж дэмжлэгийг аваач ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байсан. Даан ч бүгдийг нь нураасан. Тэр мозайкийг ч хуулж авсан. Тэгээд буцааж яаж наах юм, хаана наах юм, хэн авсан юм гэдэг дээр нийслэл тайлбар өгдөггүй. Аймшигтай. 1991 онд хийгдсэн энэ мозайкыг маш олон хүний хандив, тусламжаар барьсан юм байна лээ. Ийм бүтээл 4000 жил хадгалагдах боломжтой байдаг. Нийслэлийн соёлын өвүүд дээр маш их ийм зөрчилтэй хэргүүд гардаг. Бид нар үүнийг л эсэргүүцэж байсан. Мөн 3 тэрбум төгрөгөөр Засгийн Газрын ордны урд талын саадыг нурааж барьсан усан оргилуурыг эсэргүүцсэн. Одоогийн Шадар сайд, тухайн үед хотын дарга байсан С.Амарсайхан гэж хүн зөрсөөр байгаад зөөврийн устай оргилуураа 3 тэрбум төгрөгөөр барьсан. Үүнээс л бидний тэмцэл эхэлсэн.
 
Ярилцсан Ч.Явуухүү