sonin.mn
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал тэрээр: "Өнөөдрөөс эхлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гарч байгаа нүүрсний бүх мэдээллийг ил тод болгож, олборлогч байгууллага болон олборлож байгаа, ачигдаж байгаа, зарагдсан нүүрсний мэдээллийг цахимаар мэдээллээд явах бүрэн боломжтой боллоо. Мөн оффтек гэрээ 4 байна.
 
Тавантолгой төмөр зам, Богдхан төмөр замтай холбоотой, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, газрын тос дамжуулах хоолойн төсөлтэй холбоотой байгуулсан 4 гэрээ байна. Эдгээр 4 гэрээний 2 нь ил тод болоогүй байгаа. Нэг нь маш нууц, нөгөө нь нууцын зэрэглэлтэй учраас ил тод болгоогүй байна.
 
Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбоогүй ч урьдчилгаа төлбөрөө аваад, нүүрсээ дараа нь нийлүүлэх нөхцөлтэй 4 гэрээ байна. Одоогийн байдлаар 45 сая ам.доллар дээрх 4 компаниас авсан байна. Гэрээтээр ажилладаг компаниудад төлбөрийг нь мөнгөөр л хийнэ. Нүүрсээр өгөхгүй. Үүн дээр ямар нэгэн байдлаар тохиролцдог зүйл байна. Үүнийг зогсоогоод цаашдаа төлбөрийг зөвхөн мөнгөөр өгдөг болгоно. 2022 оны 10-р сарын 06-ны өдрийн вальютын урсгалыг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоол гарч, үүний дагуу ажиллаж эхэлсэн. Тухайн үед 202 машинаар 19,8 мянган тонн нүүрс гаргаж байсан байна. Үүнийг нэмэгдүүлж 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 833 тээврийн хэрэгслээр 92,2 мянган тонн нүүрс гаргалаа. Амаргүй байна.
 
Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 81,8 сая ам.долларын үнэлгээтэй, 804,2 мянган тонн нүүрсийг уурхайгаас ачуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт 20,6 сая ам.доллар дансанд орж ирээд байна. Өмнөх удирдлагууд вальютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр арай сул ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Нүүрсний хулгай гэдэг дээр мэдээлэл хаалттай байх тусам олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Үүнийг ил тод болгосноор олон нийт хянаад эхэлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Тээвэрлэлт нэмээд эхлэхээр олборлолт, ачилтыг нэмэгдүүлэх асуудал үүсэж байна. Тийм учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах зүйлс байна." гэв.
 
М.Чой