sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.07/ хуралдаж, нэг асуудал хэлэлцлээ. 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан. Газрын тухай ерөнхий хуулиас гадна Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэх газар чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэх юм. 
 
Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн.  Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруух зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэв.
 
Мөн уг мэдээллийн үеэр ипотекийн зээлийг 2023 оны 01 сарын 01-нээс эргэн төлөх асуудал дээр шийдвэр гарсан уу? гэдэг асуултанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Ипотекийн зээлтэй асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ  7 хоногт батлагдана. Одоо явж байгаа ажлын хэсгийн хэлбэрээр бол 2023 оны 07 сарын 01-нийг хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь буюу дахин хагас жилийн хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хувилбар яригдаж байгаа. Энэ тохиолдолд шинэ зээлдэгч хамрагдахгүй. Эргэн төлөлтөөс л шинэ зээлдэгчийн асуудал яригдана." гэлээ.