sonin.mn
Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн өргөтгөл болох “Нарны хүүхдүүд-3” цэцэрлэг үйл ажиллагаагаа  эхлүүллээ. Нийтдээ 150 ортой тус цэцэрлэгийн төсөвт өртөг нь нэг тэрбум төгрөг. 
 
158-р цэцэрлэгийн хамран сургах тойрог том, хүчин чадал бага тул дэргэдээ гэр цэцэрлэг ажиллуулж байжээ. Хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг гэрт эзэмших нь өвөл даарах, бие засахаас авхуулаад учир дутагдалтай тул Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон улсын жишигт нийцсэн байртай болгох санаачилга гарган “Нямбаатар сан”-гаараа дамжуулан “Нарны хүүхдүүд” төслийнхөө хүрээнд хандиваар тус цэцэрлэгийг барьсан байна. 
 
Тухайн цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулахад таван сарын хугацаа зарцуулжээ. Төсөвт өртөг нэг тэрбум төгрөгт гадна талбайн тохижилт, инженерийн шугамууд зэрэг бүх зардал багтсан онцлогтой. Тодруулж хэлбэл, маш богино хугацаанд бага зардлаар цэцэрлэг байгуулж болох жишиг тогтоолоо гэж болно. 
 
Эл цэцэрлэг “Нямбаатар сан”-гийн улсад хүлээлгэн өгч буй тав дахь цэцэрлэг гэдгийг тодотгох  ёстой. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2013 оноос “Нарны хүүхдүүд” төслийн хүрээнд цэцэрлэг барьж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр “Манай улсад ирж сайн үйлс хийдэг Канадын иргэн Жули Вэлүү гэдэг хүчирхэг, тусч бүсгүйг хүмүүс мэднэ байх. Тэр бүсгүй хандивын аялал зохион байгуулж, хүүхдүүдийн боловсролд анхаарч байгаа нь надад мотивац болсон гэж болно. Ингэж улсын төсөвт дарамт учруулахгүй, төсвөөс хараатаар шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хандиваар цэцэрлэг барьж эхэлсэн” хэмээн ярьсан байдаг. 
 
Анх 2013 онд Улаанчулуутын  хог цэгийн хойно “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийг барьжээ. Ингэснээр хогийн цэг дээрх эмзэг бүлгийн 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон байна. Өдгөө тус цэцэрлэгт жил бүр 50 орчим хүүхэд элсдэг ажээ. 
 
Үүний дараа мөн л Улаанчулуутын хогийн цэгийн урд 150 ортой “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг 2019 онд ашиглалтад оруулсан байна. Энэ мэтээр “Нямбаатар сан” өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт таван цэцэрлэг барьж, ашиглалтад оруулаад байгаа юм.
 
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны өрхийн эмнэлэг байрлаж байсан хуучин байрыг сэргээн засварлаж, 80-р цэцэрлэгийн өргөтгөл болгосноор өдгөө 100 орчим хүүхэд тус өргөтгөлд хичээллэж буй. Энэ мэт түүний хийсэн ажлууд дүүрэгтээ үлгэр жишээ болж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч энэ жишгээр улсын төсөв харалгүй цэцэрлэг байгуулсан сайн жишиг хэд хэд бий.