sonin.mn
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2022.11.01) хуралдаан гишүүдийн 75 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэгэн ноцтой асуудлыг хөндөв. Тодруулбал тэрээр: 
 
 "Нүүрсний хулгай гаарсан. Нүүрсний хулгай дээр оффтек гэрээнүүд орж ирж байгаа. 2,3 тэрбум ам.долларын оффтек гэрээ байгаа. Дахиад 2 гэрээ нууц байгаа. Хэд болох нь мэдэгдэхгүй байгаа. 2,3 тэрбум ам.доллар гэдэг бол бараг 8 их наяд төгрөг. Энэ бол оффтек гэрээни хулгай. Дээрээс нь тээврийн хулгай байна. Боомтын сэргэн мандалт дээр чинь тээврийн хулгай та нарт гай болох нь ээ.Ирэх жил 38 сая тонн нүүрс гаргана гэж байна. Жил бүр өндөр хэмжээний нүүрс тавьчихаад зардлаа нэмдэг тактиктай л даа. Түүнийгээ хэрэгжүүлээд явж байх шиг байна. Нүүрсний тээврийн хулгай чинь улсын орлого бүрдүүлэлт дээр маш том гай болж байна.
 
Нүүрсний тээврийн хулгай нь 7 их наяд төгрөг явж байна. Энэ бол хүүхэд бүрт сар бүр 500 мянган төгрөг олгож болох мөнгө.
 
Цагаан хаднаас Ганц мод орох хүртэл 29 км байгаа. Өмнө нь 5-6 сая төгрөгөөр тээвэр хийгээд болоод байдаг байсан. Гэтэл ид үедээ 120 сая төгрөгийн үнэтэй тээвэр болж хувирсан. Улаанбаатар хотоос, миний сууж байгаа газраас Найрамдал орох хэмжээний газар 120 сая төгрөгөөр гэрээ нүүлгэ гэвэл хэн нүүлгэхэв дээ. Энэ бүх тээврийн үнэ бүгд БНХАУ-ын талд хувиарлагддаг. Тэр их мөнгийг ямар албан тушаалтнууд аваад байгаа нь мэдэгдэхгүй луйвар явж байна.
 
"Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдрийн байдлаар 50 орчим сая төгрөг байгаа. 120 сая төгрөг, 50 сая төгрөгийн дунджаар гаргахаар 7 их наяд төгрөг болж байгаа юм. Энэ 7 их наяд төгрөг "Эрдэнэс Тавантолгой"-н орлого болсон бол улсын төсөв тэр хэмжээгээр нэмэгдэж, 1072 хувьцаа эзэмшиж буй иргэд тэр хэмжээгээр мөнгөтэй болох боломж нэмэгдэх байсан. Харамсалтай нь энэ нүүрсний хулгай өнөөдөр ч явсан хэвээрээ байна. Зарим тохиолдолд чингэлэгт иргэд цаанаас наашаа бараа ачиж оруулдаг. 100 мянган юань буюу 50 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Тээврийн төлбөр нь дахиад л цаанаа төлөгддөг. Тэндээс нь бүгд хувааж авдаг. Боомтын бүх хямрал боомт дээр байгаа мафиас болж байна. Энэ их хулгайн хажуугаар, энэ их орлогод орох байсан мөнгөний хажуугаар, хаагуур нь явсан юм бэ?" гэсэн юм.
 
М.Чой