sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт БНАСАУ цэргийн томоохон сургуулилалтаа зогсоохыг АНУ, БНСУ-д уриалаад, ийм өдөөн хатгасан үйлдэл нь Пёньяныг “илүү хүчтэй хариу арга хэмжээнүүд”-ийг авахад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.
 
“АНУ, БНСУ-ын цэргийн тасралтгүй хийгээд бодлогогүй алхмуудын улмаас Солонгосын хойг болон түүний ойр орчмын нөхцөл байдал дахин ноцтой сөргөлдөөний үе шат руу шилжээд байна” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар дамжуулан мэдэгдсэн байна.
 
АНУ, БНСУ даваа гаргаас агаарын хамгийн том сургуулилалтуудынхаа нэгийг эхлүүлсэн бөгөөд үүнд олон зуун байлдааны онгоц оролцож байна. “Баасан гарагт хүртэл үргэлжлэх “Vigilant Storm” сургуулилалтад 240 орчим байлдааны онгоц оролцоно” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээлжээ. Пёньян 2017 оноос хойш анх удаагаа цөмийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй гэж Вашингтон, Сөүл үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан томоохон сургуулилалтаараа дамжуулан Пёньяныг “тогтоон барих” стратегиа үзүүлж байгаа аж. Гэхдээ энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.
 
 
“БНАСАУ тусгаар тогтнол, ард түмнийхээ аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа гадны цэргийн аюул заналаас хамгаалахад шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
 
БНАСАУ хамтарсан сургуулийг Вашингтон, Сөүлийн дайсагнасан бодлогын баталгаа, халдан довтлох бэлтгэл хэмээн зэмлэн буруушаадаг байна. Улмаар тэдгээр сургуулилалтын хариуд пуужин харваж, агаарын цэргийн сургуулилалт хийжээ. Тус улс нь цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнх нь талаар яриа хэлэлцээг сэргээн үргэлжлүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, энэ он гарсаар урьд хожид байгаагүйгээр олон удаа пуужингийн туршилт явуулаад байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг