сонин mn
ВАШИНГТОН. /Anadolu/. Хахир хатуу өвөл, эрчим хүчний хямрал нь Европт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева лхагва гарагт мэдэгджээ.
 
“Зарим орон эдийн засгийн уналтад орох вий, түүнчлэн уналтад орохгүй ч энэ өвөл уналтад орсон мэт нөхцөл байдал үүсэх вий хэмээн болгоомжилж байна. Хэрэв байгаль эх биднийг харж үзэхгүйгээр хахир хатуу өвөл болбол нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй” гэж К.Георгиева ярьсан байна.
 
Дэлхийн эдийн засаг коронавирусний цар тахал, Орос, Украины дайн гэсэн дараалсан хоёр цохилтод нэрвэгдээд байгаа нь эдийн засгийн “аймшигтай” үр дагавруудыг бий болгож, улмаар эдийн засгийн уналттай холбоотой болгоомжлолыг төрүүлж байгааг ОУВС-гийн тэргүүн цохон тэмдэглэжээ. Европын Төв банкны хувьд инфляцтай тэмцэхийн сацуу эдийн засгийг тогтвортой байлгах байр сууриа баримтлахын тулд мөнгөний бодлогын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатай болж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. ОУВС долоодугаар сард дайн болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Еврогийн бүсийн энэ оны өсөлтийн урьдчилсан таамаглалыг 0.2 хувиар бууруулж, 2.6 хувьд, ирэх оныхыг 1.1 хувиар бууруулан 1.2 хувьд тус тус хүргэсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг