sonin.mn
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэр эдийн засаг тэр дундаа боомтын тээвэрлэлттэй холбоотой чухал шийдвэрүүд гарсан. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнийн байр, суурийг сонирхлоо.
 
-Айлчлалын хүрээнд Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн боомтыг төмөр замаар холбож, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Монгол Улсын экспортын гол худалдан авагч нь БНХАУ. Тэгэхээр тус улстай хийж буй хэлэлцээрийн үр дүнд боомтуудаа нээж байгаа нь манай улсын эдийн засгийн зогсонги байдлыг сэргээж, идэвхжүүлэх чухал ач холбогдолтой. Нөгөө талаас ганц хоёрхон боомтоос хамааралтай болсон энэ үед экспортоо улам нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Энэ бол эдийн засаг, бизнесээ идэвхжүүлэх арга хэмжээ. Мөн боомтын чадавхаа сайжруулж, нэвтрэлтийг хурдасгах нь үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Яагаад гэвэл төмөр замын цагаас шалтгаалаад нэвтрэлтийн чадамж бага байдаг. Аль болох боомтын нэвтрэлт хурдан байх тусам экспорт, импортын хэмжээ, үр ашиг нь нэмэгдэх боломжийг бий болгоно гэсэн үг. 
 
-БНХАУ-ын далайн боомтоос Монголыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааг тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэх тал дээр санал солилцсон. Үүнээс ямар үр дүн гараасай гэж харж байна?
 
-Монголын өргөн хэрэглээний барааны 80-90 орчим хувийг импортоор авдаг. Импортын барааны үнийн өсөлтөд тээвэр, логистикийн үнэ багагүй нөлөөлж байна. Тэгэхээр тээврийн нэвтрэлтээс гадна үнэ ханшийг хямд байлгахад төмөр замаар явж буй галт тэрэгний тоо, тээвэрлэлтийн нөхцөл байдал чухал үүрэг гүйцэтгэдэг учраас аль болох тоо хурдыг нэмэгдүүлбэл нэгж бүтээгдэхүүнд нөлөөлөх тээвэр логистикийн зардлыг бууруулах хүчин зүйл болдог. Импортын барааны хувьд ялангуяа, цар тахлын оргил үед хил, гааль хаагдсанаас шалтгаалж, бараа бүтээгдэхүүн валютын ханш нэмэгдэж, инфляц өндөр болсон. Үүнийг хязгаарлахад тээвэр логистикийн зардлыг хямдруулах нь чухал. 
 
-Хоёр сайдын хэлэлцээрт яригдалгүй өнгөрсөн гэж үзэж байгаа асуудал байна уу?
 
-Айлчлалын үеэр зарим чухал асуудал хөндөгдөлгүй орхигдлоо. Урд хилийн боомтуудаас гадна Европын орнуудын гадаад худалдааны боомтуудын асуудлыг хөндсөн бол Хятадын эдийн засгаас хамааралтай байдлыг сааруулахад дөхөм болох байсан болов уу. Европтой худалдаа хийдэг компаниудын хувьд баруун аймгуудын урд хөрштэй хиллэж байгаа боомтуудыг нээсэн бол илүү үр дүн гарах байсан гэж дүгнэж байгаа. Мөн Хятадын газар нутгаар дамжуулан бусад улс руу тээвэрлэх асуудлыг зохицуулсан бол чухал байсан. Жишээлбэл, махан дээр авч үзэхэд монгол махыг Азийн бусад улс руу тээвэрлэх гэхээр заавал урд хөршийн газар нутгаар дамжуулах шаардлага үүсдэг. Гэтэл ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнээ улс дамнан тээвэрлэхийг хятадууд зөвшөөрдөггүй. Үүнээс болж Вьетнам, Энэтхэг болон Арабын улсууд руу эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа асуудлыг хөндөх байлаа. Мөн цаашид Америк, Япон, Солонгос гэсэн гуравдагч оронтой хэлэлцээр хийх давуу тал, шаардлага ч үүсээд байна. 
 
-Хилийн боомт төмөр замтай холбогдсоноор автотээврийн жолооч нарын ажлын байр, орлогод сөрөг нөлөө үзүүлэх үү?
 
-Төмөр замаар тээвэр хийлээ гээд автотээвэр зогсохгүй. Яагаад гэхээр хоёр сайдын уулзалтаар Монголын нүүрсийг их хэмжээгээр тогтмол авдаг болъё гээд зөвшөөрлөө. Тэгэхээр тээвэрлэлтийн хэмжээ хэд дахин нэмэгдэх боломж үүсэж байгаа учраас төмөр зам, авто зам хоёулаа ашиглагдана. Иймээс жолооч нарын орлого буурах, ажлын байр алдагдах эрсдэл гарахгүй. Нөгөө талдаа авто замын тээвэр нь олон улсын стандартын замаар хийхгүй байгаагаас байгаль орчинд багагүй сөрөг нөлөө үзүүлдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа, говийн хөрс маш эмзэг тул нөхөн сэргээлт хийхэд багагүй хугацаа шаарддаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт ч нэмэгдэж байна. Тээвэрлэлт хөгжсөнөөр энэ сөрөг нөлөө буурах сайн талтай. 
 
 
 
 
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин