sonin.mn
ТЕХРАН. /IRNA/. Афганистаны засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн төрийн зарим байгууллагыг татан буулгажээ.
 
“The Khaama Press” агентлагийн мэдээлснээр, талибууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний эвлэрлийн дээд зөвлөл болон Үндэсний ассамблейг /парламент/, мөн хүний эрхийн комисс, Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс, парламентын хоёр танхимын нарийн бичгийн дарга нарын газрыг татан буулгажээ. Татан буулгах тухай баримт бичигт талибуудын байгуулсан Засгийн газрын тэргүүн Мохаммад Хасан Ахундагийн гарын үсэг байгаа бол энэ шийдвэрийг “Талибан”-ы дээд удирдагч мулла Хайбатулла Ахунзада гаргасан байна.
 
Үүний сацуу талибууд Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хараат бус комиссыг татан буулгаагүй байна.
 
"Хашт-э субх" сонинд мэдээлснээр, төрийн байгууллагуудыг татан буулгах шийдвэр нь төсөв бүрдүүлэх, батлах ажилтай холбоотой байж магадгүй байна. Энэ ажлын явцад төрийн аппаратыг шинэчлэх, тэр дундаа санхүүжилт шаардлагатай хэд хэдэн байгууллагыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Албан тушаалтнууд, төрийн ажилтнуудын цомхотголд бусад байгууллагууд ч өртсөн бололтой гэж тус сонинд бичсэн байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг