sonin.mn
ВЕЛИНГТОН. /Bloomberg/. Шинэ Зеланд улсад хүн амын өсөлт сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрч байгаа нь хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгааг харуулж байна. Мөн тус улсад инфляцийн өсөлтийн хурд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Төв банкнаас бодлогын хүүгээ огцом өсгөхөд хүргэсэн байна.
 
Тодруулбал, 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд тус улсын хүн ам 25 мянга нэг зуугаар нэмэгджээ.Харин өнгөрсөн оны 3 дугаар сараас энэ оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хүн амын тоо 0.4 хувиар өссөн буюу 19 мянга хоёр зуугаар нэмэгдсэн талаар тус улсын Статистикийн газраас мэдээлэв.
 
Энэ нь 1992 онд тус улсын Статистикийн газар хүн амын жилийн өсөлтийн тооцоог гаргаж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
 
Энэ оны 3 дугаар сар хүртэлх 1 жилийн хугацаанд тус улсад төрөлт нас баралтаас 26 мянга дөрвөн зуугаар илүү байсан бол цагаачдын тоо 7300-р буурчээ. Цар тахал гарсан цагаас буюу 2020 оны 3 дугаар сараас гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг бүрэн хориглосноор хүн амын өсөлт мэдэгдэхүйц удааширсан байна. Цагаач ажилчдын хомсдол нь жилийн цалингийн өсөлтийг 3.1 хувьд хүргэсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Улмаар инфляцийг хөөрөгдөж, Төв банк бодлогын хүүгээ огцом өсөгөхөд хүргэжээ. Одоогийн байдлаар тус улсын хүн ам 5.127 саяд хүрээд байна.   
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг