sonin.mn
Орос Украин руу довтлоод гурван долоо хонож байгаа ч тус улсын ард түмэн, Зэвсэгт хүчин Оросын эсрэг тууштай эсэргүүцэл үзүүлсээр байна. Энэ бол тэдний хувьд төлөвлөгдөөгүй зүйл байсан юм. Украинчууд одоохондоо Оросын армийн олон удаагийн довтолгоог эсэргүүцэж байгаа ч цэргийн түрэмгийлэлд дарагдах нь цаг хугацааны асуудал гэж олон шинжээч, стратегичид үзжээ.
Харин дайны дараа чухам юу болох нь үнэхээр олны анхаарлыг татаж байгаа бөгөөд төдий чинээгээр тааварлан хэлэхэд бэрх байгаа юм. Өрнөж байгаа дүр зургаас харвал уг дайн улам сунжрах хандлагатай. Хүмүүс Орос Улс цэргээ бүрэн татаж, Украины тусгаар тогтнолыг хэвээр үлдээж, Европын холбоо тэргүүтэй улсууд Орос руу чиглэсэн эдийн засгийн хоригуудаа цуцалж бүх зүйл амар амгалан болоосой гэж хүсэж байгаа ч тийм зүйл тохиолдох ямар ч боломж харагдахгүй байгааг судлаачид онцолжээ.
 
Хоёр улсын хооронд өрнөсөн дайн юунд хүргэж болохыг судлаачид өөр өөрсдийн өнцгөөс бичжээ. Тэдний бичсэнээр олон улсын шинжээчид дайныг маш нухацтай ажиглаж байгаа бөгөөд хоёр талаас явуулж буй мэдээллийн дайны уршгаар цагийн байдлын нарийвчилсан мэдээлэл олзворлоход хүндрэл учирч байгааг дурдсан. Мөн үүссэн нөхцөл байдлууд хурдацтай өөрчлөгдөж байгаа нь цаашид юу болохыг таамаглахад гол бэрхшээл болоод байгаа аж.
 
 
Ямартаа ч Ерөнхийлөгч Владимир Путин барууны талыг баримтлагч одоогийн Украины Засгийн газрыг бүрэн таслан зогсоож, Европын холбоо, НАТО-д элсэх гэсэн зорилгыг үгүй хийхэд чиглэж байна. Мөн Оросын талыг баримтлагч дэглэм тогтоохыг хүсэж байгаа, уг зорилгодоо хүрэхийн тулд бүх арга хэмжээг авах нь тодорхой болсон гэдгийг онцолжээ.
 
 
 
Үүнээс нэгэн асуулт урган гарч байгаа нь Зеленскийгийн дараа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой адил Орос Улсад үнэнч удирдагчаар хэн сонгогдох вэ. Шинжээчдийн үзэж байгаагаар Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг олж, эргэн томилох асуудал яригдаж магадгүй гэж үзэж байна. Түүний Оросын талын сонирхлыг хэт дагасан бодлогыг Украинчууд эсэргүүцэн 2014 онд эрх чөлөөний хувьсгал буюу Майданы хувьсгал хийж, засгийн эрхээс унагасан түүхтэй. Ямар ч гэсэн ойрын гурван сарын дотор Оросын арми Украины засгийн эрхийг бүрэн унагаж, нийслэл Киев хотод өөрсдийн “утсан хүүхэлдэйн” 3асгийн газрыг байгуулах нь тодорхой болсон. Ямартаа ч тус Засгийн газрын тэргүүнээр Виктор Янукович сонгогдох өндөр магадлалтай. Мөн газар нутгийн ихэнх хэсгийг өөрсдийн мэдэлд оруулахын тулд Оросын арми илүү шийдэмгий шийдвэр гаргах нь тодорхой болсон гэжээ.
 
Еврази группийн ТУЗ-ын дарга Клиф Купчан өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ одоогийн Украины Засгийн газар Польштой хиллэдэг Львов хот руу нүүж магадгүй бөгөөд тус хот барууны хүчтэй дэмжлэг авдаг гол түшиц газар болох магадлалтай гэв. Мөн түүний мэдэгдсэнээр НАТО зүүн хилийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Украины баруун хил дагуух хотуудад цэрэг зэвсгийн үлэмж хэмжээний тусламж үзүүлэх болно. Энэ нь Украины зүүн хэсэгт ялангуяа агаарын орон зайд Орос НАТО-гийн цэргийн хүчний томоохон мөргөлдөөн үүсгэж болзошгүй гэдгийг онцолжээ.
 
Олон улсын судалгааны "Рэнд" корпорацын батлан хамгаалахын ахлах шинжээч Скотт Бостон өнгөрсөн Баасан гарагт “СNBC” телевизэд ярилцлага өгөхдөө Оросуудад байлдааны асар их хүч үлдсэн бөгөөд бид зөвхөн мөсөн уулын орой хэсгийг л харж байна. Тиймээс цаашдаа мөргөлдөөн улам хурцадна гэсэн.
 
Оросын талыг баримтлагч ямар ч Засгийн газар шинээр гарч ирсэн бай Украины ард түмэн үргэлж эсэргүүцсээр байх нь тодорхой. Энэ нь тус улсыг урт удаан хугацаанд иргэний бослого, хөдөлгөөн өрнөсөн, Европ тивийг халуун цэг болгон хувиргана. Ерөнхийдөө Путин дайнд ялах ч Украины ард түмэнд энх тайвныг хэрхэн авчрах нь эргэлзээтэй гэж ойлгож болно. Энэ тухай олон улсын судалгааны “Blue asset” төвийн захирал Тим Ааш хэлэхдээ “Украины ард түмэн эрх чөлөөт нийгэмд 30 жил амьдарсан. Үүнийг Путин ойлгох хэрэгтэй. ЗХУ-ын НКВД (Зөвлөлтийн хууль сахиулах байгууллага) байгууллагын энгийн иргэдийн бослогыг дарсан 1945, 1956, 1968 он биш, энэ бол 2022 он. Хүчирхийлэл үйлдэхийг хэн ч үл тэвчинэ” гэжээ.
 
Энэ дайн удаан үргэлжилбэл Орос Улс Украинд хэдэн тэрбумаар тоологдох долларын хохирол учруулна. НАТО-гийн стратеги, аюулгүй байдлын төвийн мэргэжилтэн Барри Павелийн онцолсноор Орос ялалтад хүрэх авч, маш их үнэт зүйлсээ золиосонд алдана. Босогчдын тэмцэл байнга гарна, үүнийг нь НАТО дэмжсэнээр хурцадмал нөхцөл байдал, иргэний дайн ч гарч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Москва маш их нөөц хөрөнгө, хүчээ энэ дайнд алдах магадлалтай. Яг л 1979 онд Афганистанд явагдсан 10 жил үргэлжилсэн нэр хүндгүй, өртөг өндөртэй нөхцөл байдалтай адил зүйл тохиолдоно. Афганистаны дайнд Оросууд 15,000 цэргээ алдсан.
Одоогоор НАТО Орос-Украины дайнд хөндлөнгөөс шууд оролцохоос аль болох зайлсхийж байна. Үүнийгээ тайлбарлахдаа Москватай шууд зөрчилдөөнд орохоос сэргийлсэн алхам гэж тэд үзэж байгаа юм. Үнэндээ НАТО Украинд цэргийн ажиллагаа явуулбал тооцоолж баршгүй гарз хохиролтой учирна гэдгээ мэдэж байгаа. Сүүлийн үед НАТО-гийн байр сууриа бэхжүүлж буй Польш, Румын болон Балтын тэнгисийн орнуудын удирдлагууд өөрийн нутаг дэвсгэрт дайны гал нэвтэрч болзошгүйд маш ихээр болгоомжилж байна. Тиймдээ ч Украины Засгийн газартай уулзалт зохион байгуулахаар болсон.
 
Ямартай ч Орос ялалт байгуулбал Зүүн Европт шинэ “хоёр туйлт” орчин бий болно. Өөрөөр хэлбэл яг л Хүйтэн дайны үеийнхтэй төстэй хоёр геополитикийн блок буюу НАТО-гийн гишүүн орнуудын цэрэгжсэн хилийн хамгаалалт, нөгөө талд нь Оросын улс төрийн нөлөөнд байгаа Украин, Беларусь, Молдав улс байх болно. Еврази группийн захирал Иан Бремэр цахим хуудсандаа “НАТО Украин руу цэргүүдээ илгээх нь тун эрсдэлтэй. Тэр ч байтугай Украины агаарын хилийн дээгүүр НАТО-гийн онгоцыг нисгэхгүй байх ёстой. Учир нь бид Дэлхийн III дайн үүсэж болох тун эгзэгтэй мөчид амьдарч байна” гэсэн юм. Харин ингэхийн оронд Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэх, Оросын армийн байршил, зэвсэг, хүн хүчний талаарх бодит мэдээллээр хангах, Оросын эсрэг тавих хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэх зэргээр тэмцэх нь бидний хувьд хийж чадах шаардлагатай арга хэмжээ юм. Бидний шууд бус дайралтын хариуд Оросууд мөн шууд бус халдлага хийнэ. Энэ нь дата сүлжээ, кибер аюулгүй байдлыг алдагдуулах, НАТО-гийн гишүүн орнууд руу чиглэсэн хөдөө аж ахуйн болон газар тариалангийн бараа бүтээгдэхүүний хориг байж болох юм. Бреммерийн үзэж байгаагаар бидний явуулж буй тус бодлогын үр дүнд Орос НАТО-руу чиглэсэн цэргийн шууд ажиллагаа явуулахгүй. Ер нь НАТО цөмийн гүрний эсрэг шууд цохилт өгөхгүй гэж тэр бээр байр сууриа тодорхой илэрхийлсэн.
 
 
Германы Маршаллын сангийн Варшав дахь төлөөлөгчийн газрын захирал Михайл Брановский ОХУ-ын талаар өмнөх долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Путин бидэнд ойлгомжтойгоор тайлбарласан. Тэр Киев дэх Засгийн газрын эрхийг бүрэн түдгэлзүүлнэ. Үүнд хөндлөнгөөс НАТО-гийн гишүүн орнууд оролцож болохгүйг сануулсан. Дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Бидэнд буцах зам гэж үгүй. Бид геополитикийн цоо шинэ эринд амьдарч байна. Энэ дайн урт удаан үргэлжилж болзошгүй. Энэ нь магадгүй Дэлхийн II дайнаас хойших Европт өрнөх хамгийн том сорилт болно гэсэн. Үүнээс үзэхэд тэд үүсэж болох нөхцөл байдлыг сайтар судалж тус дайныг эхлүүлсэн нь харагдаж байна. Тиймээс Оросуудын хүсэж буй ялалтыг тэдэнд өгч болох юм. Гэхдээ энэ бол жинхэнэ ялалт биш гэдгийг Москва сайтар ухамсарласан гэж найдъя” хэмээжээ.
 
 
 
Шинжээчдийн үзэж байгаагаар мэдээж үүссэн нөхцөл байдлыг хамгийн сайнаар эргүүлэх ганц арга зам нь Оросууд цэргээ эргүүлэн татах. Гэвч тийм зүйл тохиолдохгүй гэдэг нь ойлгомжтой. НАТО-гийн зүгээс зөвхөн Украины Зэвсэгт хүчнийг сайжруулж, чадавхжуулах л бодлого баримтална. ИнгэснээрУкраинчууд өөрсдөө цэрэг, иргэнийхээ тусламжтай Москвагаас ирж буй дайралтыг зогсоох боломжтой гэж үзэж байна.
 
 
 
Атлантын консулын стратегич Павел Энгелкегийн үзэж байгаагаар Украины энгийн иргэдийн Оросын эсрэг явуулж буй үйл ажиллагааг улам дэмжих хэрэгтэй. Энэ нь цаашлаад Орос Киевийн эрх мэдлийг булаан авсан ч ард түмний эсэргүүцэлтэй удаан тулалдах боломжит нөхцөлийг бүрдүүлж өгөх юм.
 
 
Чухамдаа Орос Украиныг эзлэн түрэмгийлснийхээ төлөө асар их төлбөр төлөх болно гэдгээ ойлгож байгаа бөгөөд Украинд эдийн засгийн уналт, дипломат харилцаа болоод тээвэр, ложистикийн урт удаан зардал ихтэй гацаа үүсэх төлөвтэй тулгарна гэж шинжээчид хэлэв. Гэсэн хэдий ч Украин бүрэн эрхт ардчилсан орон хэвээр үлдэж. НАТО, Европын холбоо руу тэмүүлсэн ард түмнийх нь хүсэл эрмэлзлийн гал унтрахгүй гэж нэмж анхааруулав.
 
 
 
Одоогоор хоёр талаас олон мянган хүний амь насыг авч одоод байгаа энэ дайны дараа Украин Улс Оросын улс төрийн шийдвэрийг дагадаг орон боллоо ч гэсэн нэгэн том асуудалтай нүүр тулна. Энэ нь Орос болон Украины ард түмний тодорхойгүй ирээдүй юм. Өөрөөр хэлбэл, Орос Украины ард түмэнд амар тайван, баян чинээлэг, эдийн засгийн өрсөлдөх чадвар өндөртэй тийм ирээдүйг бэлэглэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс инфляцын цохилтоос болж туйлдсан ард түмэн Оросын талыг баримтлагч Засгийн газартаа тэмүүлэх үү, эсвэл түүнээс бүрмөсөн холдох уу гэдгийг бид харах л үлдлээ” гэж тэр бээр маш чухал асуудлыг хөндөж ярьжээ. Үнэхээр Путин Украины ард түмэнд сайн сайхан ирээдүй бэлэглэж чадах уу.
 
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин