sonin.mn
ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний шинэ “омикрон” хувилбар дэлхийн ихэнх оронд хэдийнээ илэрсэн байж болзошгүй болохыг анхааруулжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр олон удаа мутацид орсон уг хувилбарын батлагдсан тохиолдол 77 оронд илрээд байгаа юм. Гэвч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус олон оронд шинэ хувилбарыг хараахан илрүүлээгүй байж магадгүй бөгөөд урьд өмнө нь үзэгдээгүй түвшинд тархаж байж болзошгүй хэмээн мэдээлжээ.
Мөн тэрбээр “омикрон”-ыг “дутуу үнэлж” байж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, шинэ хувилбар хүндээр өвчлүүлдэггүй байсан ч халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдвэл эмнэлгийн ачаалал дахин хэтэрч болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.
 
“Омикрон” хувилбарыг Өмнөд Африкт анх 11 дүгээр сард илрүүлсэн бөгөөд түүнээс хойш тус улсад өвчлөл эрс нэмэгдэх болоод буй юм. Мөн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас өөрийгөө тусгаарлаж байна. Түүнд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа ажээ.
Коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан дэлхийн олон улс орон Өмнөд Африк болон тус улстай хил залгаа оршдог орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон ч ийм арга хэмжээ нь халдварын тархалтыг зогсооход үр нөлөөгөө үзүүлж чадаагүй юм. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, “омикрон” өмнөх хувилбаруудын дэгдэлтийн үеэр үзэгдээгүй түвшнээр тархаж байж болзошгүй байна. 
 
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мөн вакцины хүртээмж тэгш бус байгаад санаа зовниж буйгаа дахин илэрхийлжээ. “Омикрон” хувилбар тархсантай холбогдуулан олон орон иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулах аяныг эрчимжүүлээд байгаа юм.
“Pfizer/BioNTech”-ийн вакцины саяхны судалгаануудаар вакцин анхны вирустэй харьцуулахад “омикрон”-ы эсрэг харьцангуй цөөн саармагжуулах эсрэг биет үүсгэж байгаа ч энэ дутагдлыг гурав дахь буюу нэмэлт тунгаар нөхөх боломжтойг тогтоосон юм.
 
Т.Гебрейесус нэмэлт тун “COVID-19”-ийн тархалтыг зогсооход “чухал үр нөлөө үзүүлж магадгүй” боловч эрэмбэ дараалал ихээхэн ач холбогдолтой болохыг онцолжээ. Түүний ярьснаар, хүндээр өвчлөх, нас барах эрсдэл багатай бүлэгт нэмэлт тунг тарих нь вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас эхний тунгаа ч хийлгээгүй байгаа өндөр эрсдэлтэй хүмүүсийн амь насанд аюул учруулж байна.
“COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрийн вакцины нийлүүлэлт сүүлийн саруудад нэмэгдсэн юм. Гэвч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ оны дундуур үүссэн вакцины хомсдол дахин давтагдах вий гэдэгт санаа зовних болоод байна. Тухайн үед Энэтхэгт өвчлөл эрс нэмэгдсэний улмаас вакцины экспортоо зогсоосон нь вакцины нийлүүлэлтэд ихээхэн нөлөөлсөн юм. Одоогоор ядуу буурай орнуудад эмзэг бүлгийн зарим хүн ам нь вакцины эхний тундаа хараахан хамрагдаагүй хэвээр байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг