sonin.mn
ВАШИНГТОН. /RT. Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн "зүүн жигүүр" буюу "Бухарестийн ес" бүлгийн удирдагч нартай утсаар ярилаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар хэлэлцээ хийснийхээ дараа, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа дээрх орнуудын удирдагч нартай ярилцсан байна.
“Бухарестийн ес” бүлгийн удирдагч нартай хийсэн Ерөнхийлөгчийн яриа зүүн эргийн цагаар 15 цаг 17 минутаас 15 цаг 57 минут хүртэл үргэлжилсэн” гэж Цагаан ордон мэдээлжээ.
 
“Бухарестийн ес”-д Болгар, Чех, Литва, Латви, Эстони, Унгар, Польш, Румын болон Словак улс багтдаг байна.
Чухам ямар асуудлуудын талаар ярилцсаныг мэдээлээгүй байна. Ж.Байден холбоотнууддаа В.Путинтэй хийсэн цахим уулзалтынхаа талаар мэдээлж, аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаар тэдний байр суурийг сонсохын сацуу АНУ Атлантын далайг дамнасан эв нэгдлийг хадгалахын төлөө байгаа гэдгийг онцлон тэмдэглэнэ гэж тус улсын засаг захиргаа өмнө нь мэдээлж байв.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын цахим хэлэлцээ 12 дугаар сарын 7-нд болж, хоёр цаг орчим үргэлжилсэн билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг