sonin.mn
ВАШИНГТОН. /Bloomberg/. ОХУ-аас Европ руу хий дамжуулах хоолой тавих “Умардын урсгал-2” төслийн эсрэг АНУ шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, хий дамжуулах хоолой тавих ажилд оролцож буй нэг компани, хоёр хөлөг онгоцыг хоригийн жагсаалтад оруулах аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский урьд нь “Умардын урсгал-2” төслийн эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ-ын эрх баригчдад уриалсан юм. Украины удирдагчийн хэлснээр, "Европ хийн шантаажинд орохыг" үүрд зогсоох ёстой. Тэрбээр мөн “Умардын урсгал-2” төслийг зогсоох үндэсний батлан ​​хамгаалахын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд талархал илэрхийлжээ.
АНУ-ын засаг захиргаа дээрх төсөлд хориг тавихаас татгалзсан бөгөөд одоогийн удирдагч Жо Байденыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хязгаарлалт хэрэгжихгүй гэж 10 дугаар сард мэдээлж байсан юм.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг