sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвараас сэргийлэх нэмэлт тунг "Спутник Лайт" вакцинаар хийлгэжээ. Тэрбээр энэ тухайгаа Н.Ф.Гамелеян нэрэмжит Тархвар судлал, микробиологийн төвийн орлогч дарга Денис Логуновтой ням гарагт уулзахдаа мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр Оросын удирдагч мөн тун удахгүй практикт нэвтрүүлэх "SARS-CoV-2"-ын эсрэг хамрын цацлага хэлбэрээр бүтээж буй вакцины туршилтад сайн дураараа оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  
 
"Өнөөдөр би таны зөвлөснөөр, танай хамт олны зөвлөснөөр "Спутник Лайт" вакцинаар дахин нэг тарилга хийлгэлээ, үүнийг хэдийнэ дахин вакцинжуулалт гэж нэрлэх болсон" гэж В.Путин хэлсэн байна. Түүний хэлснээр, тэрбээр уулзалт эхлэхээс хоёр цагийн өмнө нэмэлт тунг хийлгэжээ.
 
В.Путиний хэлснээр, өнөөдрийг хүртэл Орос улсад 50 сая гаруй, дэлхийн улс орнуудад 120 сая хүн "Спутник Лайт" вакцинд хамрагджээ. Энэ бол вакцины үр дүнтэй байдлын талаар "дүн шинжилгээ хийхэд маш сайн материал юм" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн хавар хоёр тунт “Спутник V” вакциныг хийлгэсэн юм. Вакцин коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурошкогийн мэдээлснээр, “COVID-19”-өөр хүнд өвдсөн хүмүүсийн 0.03 хувь нь вакцинд хамрагдсан хүмүүс байгаа бол эмнэлгүүдэд байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг