sonin.mn
Монгол, Эстонийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Чойжин ламын сүм музейн “Мандала-нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Эстонийн Тарту хотноо энэ сарын 20-нд нээлээ.
Ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг Монгол Улсаас Эстони Улсыг хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар, Тарту их сургуулийн Ректор Томас Ассер нарнээж үг хэлэв. Нээлтэд  Эстонийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Мати Мурд, Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Лийзи Каринди, Эстонийн Цахим засаглалын академийн захирал Ханнес Асток болон монгол судлаач нар оролцов.
 
 
Энэ үеэр Дорно дахин судлалын төвийн судлаач Март Лаанемец “Буддын урлагийн бэлгэ тэмдэг”, Швейцарийн Бернийн их сургуулийн Шашин судлалын хүрээлэнгийн доктор Б.Мөнгөнчимэг “Цам бүжгийн шинэ уламжлал” сэдвээр илтгэл тавьж, Эстонийн урлаг судлаач, Ориент Эстони төвийн захирал Петер Ваахи өөрийн бүтээсэн “Чингис хааны нутгаар” баримтат киног толилуулав.
 
 
Монгол, Эстонийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхэд талууд чухал ач холбогдол өгч, хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтыг энэ оны есдүгээр сард НҮБ-ын 76 дугаар Ерөнхий Ассамблейн үеэр, Парламентын найрамдлын бүлгийн уулзалтыг тавдугаар сард, Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалтыг долоодугаар сард зохион байгуулсан юм.