sonin.mn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, С.Ганбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг хүргүүлсэн төдийгүй Ерөнхий сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн ажлын явцыг хүргүүлсэн гэж байлаа.
Мөн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвшилцсөнөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон  холбогдох Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд оролцон ажиллаж байна.  Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулж, ажиллах удирдамжийг баталсан. Тус Ажлын дэд хэсэг нь Санхүүгийн асуудал хариуцсан, Хуулийн асуудал хариуцсан, Дэд бүтэц, техникийн хамтарсан хэсгүүдэд хуваагдаж байгаа бөгөөд хэсэг тус бүр удирдамжийн дагуу хариуцсан асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулж байна. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулснаас хойших хугацаанд Оюу толгой төслийн талаарх мэдээллийн зөрүүг арилгах, нэгдсэн ойлголттой болж Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор Ажлын хэсэг нийт зургаан удаа хуралдаж, холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл авсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Рио Тинто, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагатай биечлэн болон цахимаар уулзалт хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авсан. Мөн Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, баяжуулах үйлдвэр бусад үйл ажиллагаатай танилцсан. Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд биечлэн уулзсан. Ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд, 2021 оны 05 сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын Түр хороонд ажлын явцаа тус тус танилцуулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэлдээ онцолсон. 
 
 
Түүнчлэн  Оюу Толгой компанийн Монгол Улсын Засгийн газрын эсрэг Лондон хотын олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Засгийн газраас хариу тайлбар өгөхтэй холбоотой мэдээллийг хүргүүлсэн. Засгийн газар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар хүргүүлэх хуваарьтай байсан бөгөөд хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг энэ хугацаандаа гаргаж арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлсэн гэв. 
Мөн Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулаллтын санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулахдаа Монголын талаас албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлаар Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар Засгийн газар өөрт байгаа мэдээллийг хүргүүлсэн. Энэ мэдээлэл нь цахим сүлжээнд олон нийтэд нээлттэй байгаа эх сурвалжид үндэслэсэн болно. Мөн энэхүү шүүхийн маргааны нэхэмжлэгч тал болох Монгол Улсын Нийслэлийн Прокурорын газрыг Нью-Йорк мужийн шүүхэд төлөөлж буй Кинг & Спалдинг хуулийн фирмд хандаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт уламжилж буй талаар албан бичиг хүргүүлсэн гэдгийг Хууль зүйн сайд мэдээлэлдээ  тодотголоо. 
 
 
Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулаллтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэний санаачлагаар цуцалсан талаар Засгийн газар цахим сүлжээнд олон нийтэд нээлттэй байгаа эх сурвалжаас олж мэдсэн мэдээллийг хүргүүлсэн. Эх сурвалжид Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгч талын төлөөлөгч болох Кинг & Спалдинг хуулийн фирм хүсэлтээрээ татгалзсан гэж дурдсан байсныг онцлон тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай төслийн хүрээнд байгуулагдсан гэрээ хэлцлийг сайжруулан байгуулах, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай болгох зорилгоор хэлэлцээ хийхэд Засгийн газрын Ажлын хэсгийн баримтлах удирдамжийг Засгийн газар баталсан. Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаж байгааг дурдлаа.
Асуулгын хариутай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, С.Одонтуяа, С.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Оюу толгойн ордод ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийн асуудалд анхаарах, татварын маргааныг эцэслэсэн эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн Дубайн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа эсэх, цаашлаад Эрдэнэт ТӨҮГ, Оюу Толгой ХХК-ийн төсөвт төвлөрүүлсэн орлого, нийт олборлосон баяжмалын хэмжээг сонирхож байлаа. 
 
Татварын маргаантай холбоотой асуудал Лондоны арбитрийн шүүх дээр байгаа. Бидний зүгээс 04 дүгээр сарын 30-ны өдөр амжиж, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлээ гаргасныг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариултдаа онцлоод арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа тодохой хугацаанд үе шаттайгаар үргэлжилдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаантай холбоотой асуудлаа түр хойшлуулах саналыг 05 дугаар сарын эхний долоо хоногт тавьсан. Хуулийн зөвлөх фирмээс бид зөвлөгөө авахад нэхэмжлэгчийн хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүй цаашаа үргэлжлүүлэх нь давуу тал болно гэх зөвлөмжийг өгсөн. Энэ хүрээнд бид ажиллаж байна. Арбитрийн маргаан хянан шийдвэрлэх ажил 2023 оны 4,5 дугаар сар хүртэл үргэлжлэх нөхцөл байдалтай байгаа тул Монгол Улсын Засгийн газраас төлүүлэхээр тавьсан акт болох нэг их наяд 24 тэрбум төгрөг төрийн дансанд орж ирснийг ковидын хямралын үед иргэн бүрт 300 мянган төгрөг өгөх байдлаар хуваарилалт хийсэн гэж байлаа.
Мөн тэрбээр, бид Оюу тойлгойн ордын  далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах саналаа Рио Тинтогийн талд тавьсныг  хариултдаа тэмдэглэхийн зэрэгцээ Оюу толгой төсөл 5 сая ам.долларыг нийгмийн хариуцлагын хүрээнд хот байгуулалт болон бусад төсөлд шийдвэрлэж, цаашид нэмэгдүүлэх боломжтой гэдгээ бидэнд танилцуулж байсан гэв. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр монголын тал тодорхой төрлийн татваруудыг тогтворжуулсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож авахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нийт гарч байгаа баялгийн 5 хувьд нь АМНАТ авч байна гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариултдаа онцлоод Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын татварын тухайд тогтворжуулалт байхгүй, өсөн нэмэгдэх татварын тогтолцоотой гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, 2013-2019 оны Эрдэнэт, Оюу толгой үйлдвэрийн бүтээгдэхүүн олборлосон харьцуулалт байдаг. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нийтдээ 4 сая 531.8 мянган тонн баяжмал олборлосноос зэс 1 сая 36,4 мянган тонн,  мөнгө 347.6 мянган тонн, молибден 20.1 мянган тонн байна. Тэгвэл Оюу Толгой ХХК нь нийт 5 сая 305,4 мянган тонн олборлолт хийснээс, зэс 1242.5 мянган тонн, алт 77.1 тонн, мөнгө 239.1 тонн байна. Мөн Оюутолгойн орд АМНАТ -ийн 5 хувийн татвар төлдөг бол Эрдэнэт нийтдээ  20 хувийн татварын орлого төвлөрүүлдэг учир багагүй зөрүү гардаг гэж байлаа. Эрдэнэт ТӨҮГ 2018 онд  601.4 тэрбум төгрөг, 2019 онд 861,8 тэрбум төгрөг, 2020 онд 938,4 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бол Оюу Толгой ХХК 2018 онд 391,4 тэрбум төгрөг, 2019 онд 433 тэрбум төгрөг, 2020 онд 418,3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлснийг Хууль зүйн сайд гишүүдийн өгсөн хариултад дурдсан. 
Ингээд асуулга тавьсан гишүүд үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Оюу толгойн ордын ашиглалтын талаар зөв, буруу гэж олон жил ярьсан. Иймд монголчууд нэг ойлголтой байж, нэг зүгрүү харж, ойлголтын зөрүүгүй болгохын тулд асуулга тавьсныг онцлоод цаашдаа Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын хэсгүүд уг гэрээг сайжруулахад тууштай ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулагдсан 25 гишүүнтэй Түр хороо болон Засгийн газрын Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг онцлон тэмдэглээд өмнө нь уг гэрээг засаж сайжруулах шаардлагатай гэж цөөхөн гишүүд дуугардаг байсан бол одоо гишүүдийн дийлэнх нь ойлгож, үүнийг засахын төлөө ажиллаж байгаа нь сайшаалтай гэж байлаа. 
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол нь Монгол Улсын эрх ашгийг хангахад чиглэсэн төдийгүй үүнийг хэрэгжүүлж ажиллах нь  ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл гэдгийг онцлоод, цаашдаа Дубайн гэрээгээр зохицуулж байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, татварын маргааныг эцэслэх, зээлийн хүүг бууруулах зармын асуудлуудад өргөн цар хүрээгээр ажиллах, УИХ-ын 92 дугаар тогтоолыг тууштай хэрэгжүүлэх чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.