sonin.mn

Улсын Их Хуралд сонгогдоод олигтой өөрчлөлт хийх санаачилга гаргаагүйгээр барахгүй, энэ миний байх газар биш байна, хувийн хэвшилдээ буцаж, чаддаг юмаа хийгээд, нийгэмд сайнаар нөлөөлөх минь гээд явж одсон хүн одоо чухам эрх мэдэлгүй л бол юуг ч хийж чадахгүй болсноо гэнэт ойлгоод, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хэрэг үү?! Хоосон цэцэрхэж, уяруулж чаддагт нь хүмүүс хууртаад байх шиг. Эхнэрийнх нь зургийг хараад л, сайхан тэргүүн хатагтайтай болох нь гэж уянгалаад байгаагаас харахад л манайхны улс төрийн боловсрол хэчнээн доод түвшинд очсон нь ядах юмгүй ойлгогдоно.

Зүгээр л нэр дэвшүүлсэн "Зөв ХҮН-Электорат" эвслийг нь л хар! Цэвэр Барууны үзэлтэй, Баабар, Элбэгдорж мэтийн неолибералууд, тэдний Дори-Идэр дүү нар болох Доржханд тэргүүтэй ХҮН-чүүдийн эвсэл, товчхондоо Барууны нэртэй, гадны хөрөнгө, эрх мэдлийг Монголд хадгалах, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой, эх оронч, үндэсний үзлийн үнэр ч байхгүй тархи угаарчдын цуглуулга!

Тэр бээр Баруунд талтай, барууны неолиберал үзэл онолыг баримталдаг, энэ нь үг яриа, үйл хөдлөлд нь байнга илэрдэг, товчхондоо "Нээлттэй нийгэм"-ээ Монголын эрх ашгаас дээгүүр тавьж чадах л хүн! Энэ нэн шинэ либерал үзлийн хор уршгийг өнгөрсөн 30 жилд бид хангалттай амсаж, хохирсон. Дахиад тэр үзэл сурталд хууртах эрх, алдах зүйл бидэнд байхгүй болсныг дээр дооргүй ухаарцгаая! За, тэр Хүк, Хуяг, Эрдэнэ л гэнэ, хэнд хамаатайв?! Нохой долоо! Ичих булчирхайгүй улсаа самрагч, эрх мэдлийн төлөө эрээ цээргүй зүтгэгч, эрх ашгийн төлөө сүнсээ худалдахаас сийхгүй, өрөвдмөөр амьтсын цуглуулга! Хэнийг сонговол тэгээд шинэ сонголт болох вэ гэж та асуух нь зүй! Одоогийн нөхцөлд, одоогийн Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн хүрээнд шинэ хүн сонгох, шинэчлэл хийх боломжгүй! Товчхондоо тогтолцоогоо өөрчлөхгүйгээр ямар ч ахиц дэвшил гарахгүй. Үүнийг бас амтай болгон л улиглаж байгаа! Тэгээд тогтолцооны өөрчлөлт гэж чухам юуг хэлээд байна вэ?! Тодорхой хэлбэл, Монголд формацийн онолд дурдагддаг, нийгмийн бараг бүх хэлбэр, тогтолцоо туршигдлаа. Одоо өөрийнхөө хөрсөнд бууж, өөрсдийн толгойгоор, өөрсдөдөө тохирсон, Монголын уламжлалт төрийг буй болгох хэрэгтэй! Түүнийг ардчилсан, социалист, үндэсний... гэж элдэв нэр хаяг зүүх хэрэггүй! Өөрсдийн замаа бид өөрсдөө олж, өөрсдийн хувь заяаныхаа эзэн байх учиртай! Үгүй бол бусдын толгойгоор явсаар ирсэн улигт замналаа л давтана.

 

Язгуурын монгол сэтгэлгээгээ сэргээж, их эзэн Чингис хааныхаа төрийн үндсийг сэргээхээс манай улсын мандал бадрал эхэлнэ. 13 зуунд нам гэж байгаагүйг санацгаа! Нийт, улсын иргэд нэг хүн мэт, нэгдмэл үзэл санаатай, нэг удирдагчтай байж, улсаа засаад зогсохгүй дэлхийн талыг засан тохинуулж байснаа санагтун! Удирдагч гэхээр л ганцхан дарангуйлагч сонгох нь гэж шууд ойлгоод, Казахстан, Хятад, Хойд Солонгос, Орос гээд далийгаад явчихдагаа болиорой! Тэр үед ганц Чингис хаан бүхнийг мэдэж байгаагүй, Их Засаг Хууль (одоогийн Үндсэн Хууль), Их Хурилдай (АИХ)-түүгээр аян дайн, гадаад улстай явуулах бодлого, хааныг сонгох гэх мэт улс орны томоохон асуудлыг шийддэг, Сэцдийн Зөвлөл (одоогийн УИХ буюу байнгын ажиллагаатай парламент)-өөр хууль цаазыг тогтоодог, Улсын дээд заргач (Шүүх засаглал) гээд аливаа төр улсад байдаг бүх л хүрээлэн, эрх мэдлийн хуваарилалт байсан. Хайрцгаасаа гарч сэтгэцгээ! Ардчилал бидэнд шинэ зүйл биш, бидний дээдсийн бүтээж, хүн төрөлхтөнд дархалж өгсөн зүйл. Түүнд сайн зүйл ч бий, муу нь ч бий. Олон ургалч үзэл гээд л шуурцгаасан, гэтэл яав, олон толгойтой могойн зовлонд унасан, хүний эрх, эрх чөлөө гээд л давхисан, яасан, үүргээ мартсан дур зоргоор авирлал гаарсан, үндэсний нэгдмэл байдал алдагдсан. Чөлөөт зах зээл гээд л давхилдсан, яасан, хамаг баялгаа гаднынханд тавьж туусан, тэдний угаадсыг долоогчдыг л баяжуулсан, байгаль орчноо сүйтгүүлсэн. Үүнээс цааш бичихээс ч залхаж байна! Одоо аль ч намыг дэмжих, нэр дэвшигчдийг нь дагаж давхих, тэднээс болоод хоорондоо алалцах шаардлага бидэнд байхгүй! Ардчилал аюулд учирлаа л гэнэ, учирна л биз! Тэр хоосон, хулхи цэцэг чинь одоо бидний сэтгэлийг татахаа байсан. Монголоо л аварцгаа! Ер нь цагийн байдлыг зөв үнэлдэг, алсын хараатай эрх баригчид, эрүүл саруул ухаантай иргэд байсан бол өнгөрсөн 2 жилд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг дараалан хийх шаардлага огт байгаагүй, ирэх 2-3 жилд ч хийх шаардлага огт харагдахгүй байна. Нэг хэсэг идээчин уугаачдыг нөгөө хэдээр нь солиод, юуны нэмэртэй гэж?! Ирэх 2 жилд төрийн тогтолцоогоо өөрсдийн "монголжин дураар" (Аргун хаанаас Сайхан Филлипт бичсэн захидалд бий.) шинээр цогцлоох  ажлыг дээр дооргүй сэтгэж, хийх хэрэгтэй! Тэр болтол элдэв үзэн ядалт, хэрүүл тэмцлээ хойш тавьж, уужуухан амьсгаа аваад, хэтийн төлөвлөгөөгөө 300-500-1000 жилээр гаргах хэрэгтэй! Гадны, эсвэл олигархуудын захиалгаар биш, нийт иргэн, улсын эрх ашгийг бүрэн дүүрэн хангахуйц Үндсэн Хуулийг цоо шинээр бичиж, хэлэлцүүлэх нь эхний гарц! Түүнээс одоо байгаа Үндсэн хуулийн суурь дэвсгэр дээр хэчнээн нэр цэвэр, шинэ хүн сонгоод, эсвэл хэн нэгэн аугаа удирдагчийг хүлээгээд юу ч өөрчлөгдөхгүй. (Цагийн шаардлагаар үндэсний удирдагч төрвөл сайн л хэрэг биз.)

Үндэсний орь хүсэл, үнэт зүйлсээ тодорхойлж, түүнийгээ баталгаажуулсан, жинхэнэ монголжин дурын Үндсэн Хуулиа хэлэлцэж, батлахаас л тэр суурь тогтолцоог өөрчлөх, Монголын гасланг төгсгөх, энх шударга цаг эхэлнэ! Шийдэл нь энэ.

(Тэгээд, эсгий туургатан улс энх шударга болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, 9 хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан цолыг өргөв. МНТ. 202) 

 

Л.Мөнхтөр