sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан юм. Иймээс ч СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу өнөөдрөөс /4.30-5.02/ эхлэн гурав хоногийн хугацаанд  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхэлж байна. 
Улмаар нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах учиртай.Тэгвэл өнөөдөр Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаанд нэр дэвшигчдээ тодрууллаа.
 
Харамсалтай нь О.Цогтгэрэл даргатай, М.Тулгат даргатай гэж хуваагдсан хоёр хэсэг учраа олоогүйгээр үл барам нэр дэвшигчдээ тусдаа бүртгэчихлээ.
 
Тодруулбал О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Тулгат даргатай АН-аас АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал нар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргасан юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хоёр тусдаа явагдаж буй бүртгэлд хоёуланд нь бүртгүүлж, холбогдох материалаа өглөө.
Ингэснээр Д.Ганбат л хоёуланд нь ялчихдаггүй юм бол  О.Цогтгэрэл даргатай, М.Тулгат даргатай хоёр Ардчилсан Нам хоёр өөр АН-аас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материал Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх нь тодорхой боллоо.
 
М.Чойжал