sonin.mn
М.Тулгат даргатай Ардчилсан Намын "4:11" уулзалт болж, 5-р сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчийн 2021 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг АН-ын даргаар бүртгээгүй Улсын Дээд Шүүхийн шийдвэрийн талаар тайлбар тус тус хийв.
Мэдээллийн эхэнд Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны X.Алтанxуяг:  “Цар тахлын хүнд үед Ардчилсан Нам хэд хэдэн цахим сонгуулийг амжилттай зохион байгуулж чадлаа. 4-р сарын 30-нд Монгол Улсын Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль эхэлнэ. Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа тус өдөр 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Санал хураалт тавдугаар сарын 1-ний 09:00-22:00 цаг хүртэл явуулахаар товыг зарлаад байна.
 
Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:
 
Нэр дэвшигчийн маягт
Ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар
Татварын ерөнхий газрын тодорхойлолт
Иргэний үнэмлэхийн хуулбар
Нэр дэвшигчийн намтар
Төрсний гэрчилгээ
Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт
Харьяат иргэний газрын лавлагаа
Ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
Хөрөнгө орлогын мэдүүлгийн урьдчилсан байдлаар бичгээр өгөх
Зураг 2%
Иргэний үнэмлэхний хуулбар
Сонгуулийн зардалд зарцуулсан мөнгөний баримт 
Зээл төлбөртэй холбоотой бичиг зэргийг шаардана" гэв. 
 
Мөн энэ үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ч.Өнөрбаяр:  “Намын даргыг дээд шүүх бүртгэх бичилт хийх, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг СЕХ бүртгэх гэдэг нь хуульзүйн 2 өөр асуудал. Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэдэг нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу явагддаг процесс. Сонгуулийн Ерөнхий Хороо хандсан болгоныг, нам болж тоглосон болгоныг бүртгэдэг байж болохгүй. СЕХ гэдэг нь өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиас давсан шийдвэр гаргаж болохгүй. Бас нэг буруу ойлголт яваад байгаа нь АН-ыг бүлэг төлөөлөх юм шиг. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар намын бүлэг намыг төлөөлөх эрх байдаггүй л дээ. Тэгэхээр бүлэг төлөөлөөд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Бүлэг гэдэг нь УИХ дээр АН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг, цөөнх болсон тохиолдолд сөрөг хүчний байр суурьнаас ажилладаг ийм л төрийн бүтэц болохоос биш шууд утгаараа намын бүтэц биш юм. Тэгэхээр Сонгуулийн Ерөнхий Хороо үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд юу гэж заасан бэ гэхээр УИХ-д суудалтай нам, эвсэл нэр дэвшүүлнэ гэж байгаа. АН УИХ-д суудалтай юу? Суудалтай. АН байгаа юу? Байгаа. Дотоод маргаантай холбоотой асуудлууд хуулийн дагуу шийдэгдээд, хурал нь зарлагдаад явчих байх. Харин хувь хүмүүсийн маргаан, зөрчил бол хэзээ ч арилахгүй шүү дээ. Энэ бол АН-д байдаг л зүйл. Нэг асуудлаар энэ зөв, ингэх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс зөндөө бий шүү дээ. Үүнийг зөрчил, хагарал гэж харах юм бол өнөөдөр Монгол улсад зөрчилгүй, хагаралгүй нам нэг ч байхгүй л дээ. Би нэг л юманд итгэж байна.
 
 
 
Монгол бол хуулийн засаглалтай улс. Сайн ч, муу ч төртэй. Өнөөдөр бид нар хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Би СЕХ-г төлөөлж ярих нь зохисгүй байх. Гэхдээ СЕХ хуулиа дээдэлж ажиллана гэдэг итгэж байгаа. Үндсэн хууль дээр тодорхой байхад СЕХ яагаад түүнийг үгүйсгэх ёстой гэж. СЕХ өнөөдөр намуудын бүртгэлийг шийддэг байгууллага биш. 
 
 
 
Зөвхөн Монгол Улсын төрийн сонгууль буюу Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийг Монгол улсад мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй газар шүү дээ. Тэр зарчмаар л ажиллах байх гэж бодож байна” хэмээсэн юм.
 
 
М.Чойжал