sonin.mn
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ 11 цаг 10 минутад 81,0 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан маргааш болно. Коронавируст халдварын дэгдэлт эрчимтэй өсөж буй энэ үед салбарын сайдын мэдээлэл сонсох, тулгамдаж буй бэрхшээлийг арилгах, шаардлагатай бол Байнгын хорооноос Засгийн газар болон Улсын онцгой комисст чиглэл, зөвлөмж хүргүүлэх зорилгоор уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг танилцуулав.
Ингээд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
 
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга авч, саналаа хэлсэний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг КОВИД-19 цар тахлын хүнд үед бүх нийтийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналыг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь бус тодорхой хугацаанд 100 хувь олгодог байх зохицуулалтыг хийх. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.32, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг долоон чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр тусгав.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа үг хэлж, : "Нэгэнт олон нийт маань, байнгын хорооны гишүүд маань, УИХ-ын гишүүд маань цаг үеийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа юм, Засгийн Газрын зүгээс ямар  арга хэмжээ авч байгаа юм гэдэг мэдээллийг сонссон учраас би энэ боломжийг ашиглаад эрүүл мэндийн салбарынхандаа, онцгой байдлынхандаа, энд алба хааж байгаа бүх хүмүүст, мөн олон нийтдээ хандаж нэг уриалга хэлэх гэсэн юм аа. За энэ бол Засгийн Газраас авч хэрэгжүүлж байгаа бүх ажил бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа УИХ-ын гишүүдийн хувьд ч гэсэн энэ бол та бүхний төлөө хийгдэж байгаа ажил. Бидний төлөө хийгдэж байгаа ажил. Бидний хайртай хүмүүсийн төлөө хийгдэж байгаа ажил шүү гэдгийг онцгойлон хэлье.
 
Магадгүй таны ойрын хэн нэгэн өвдөөгүй бол, хайртай хүмүүс чинь энэ өвчнөөр өвчилж нас бараагүй бол ямар нэгэн айдасгүй байгаад байх шиг байна. Сошиал орчинд ч гэсэн байна. Олон нийтээрээ өвдчихсөн, хамаатнуудаараа өвдчихсөн, бурхны оронд явсан нэгэнтэйгээ салах ёс хийж чадахгүй ийм хэмжээнд энэ аюул бидний дэргэд байгаа. Энэ бол тахал.
 
Магадгүй Энэтхэг улсад болж байгаа нөхцөл байдлыг та бүхэн харж байгаа байх. Би ямар нэгэн байдлаар хэн нэгнийг айлгах гэж энэ бүхнийг хэлээгүй. Засгийн газрын зүгээс, УИХ-ын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч байгаа энэ цаг мөчид иргэн та эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлээч ээ. Магадгүй энэ хөл хорио таны төлөө хийгдэж байгаа шүү гэдгийг хэлэхийг хүссэн юм. Нөгөө талаар эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа гэдэг үгийг бид байнга хэлж байх ёстой. Бидний төлөө ажиллаж байгаа. Хэдийгээр тэд маань дайчилгааны хүнд нөхцөлд ажиллаж байгаа боловч тэд үүргээ биелүүлж байгаа шүү гэдгийг хэлье. Та бүхэндээ баярлалаа. Өрхийн эмнэлэгтээ баярлалаа. Бидэнд мэдээлэл өгч байгаад. Мөн эмч, онцгой байдал, цагдаагийнхандаа баярлалаа гэдгээ хэлье. Бид хэн нэгэндээ сэтгэлийн дэм өгөх ёстой. Та бүхний хүчээр эрүүл байгаа шүү гэдгээ бас хэлж байх ёстой шүү.
 
Мөн 2 дахь тунгаа хийлгэсэн ч маскаа авах ёсгүй шүү. С.Энхболд сайд маань энэ үгийг хэлээсэй гэж хүсэж байлаа. Хэдийгээр өөрөө хамгаалагдчихсан ч гэсэн та халдвар тээгч болно. Тийм учраас олон нийт  маань би 2 дахь тунгаа хийлгэчихсэн. Би хөдөлгөөнд оролцож болно, би ингэж болно гэхээсээ илүүтэйгээр би халдвар авчраад хэн нэгэн хайртай хүндээ өгчихөж магадгүй шүү гэдгийг сэрэмжлээрэй гэж хүсэж байна. Ингээд энэ бүхнийг бид даваад гарна. Түрүүн Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрчим буурах хандлага ажиглагдаж байна гэж. Тэгвэл өвчилж байгаа, халдвар тархаж байгаа энэ байдал маань бас тодорхой хэмжээнд багасч байгаа. Энэ хөл хориог үр дүнтэй болгохын тулд иргэн таны оролцоо чухал шүү гэдгийг би онцолж хэлэх гэсэн юм. Вакцины хангамж хангалттай байгаа юм байна. Монгол Улсын Засгийн Газраас мөнгө төгрөгийг нь шийдчихсэн байгаа юм байна. Эрүүл мэндийн ажилчид маань, сайн дурынхан маань бүгд ажиллаж байгаа юм байна. Таны төлөө хийгдэж байгаа ажил. Та хамгийн гол нь эрүүл байхын тулд, хайртай хүмүүсээ өөрөөсөө холдуулахгүйн тулд энэ хөл хорионд идэвхитэй оролцож, гэртээ байгаарай. Бид гурил байвал талхаа зуураад идчихэж болно." гэв.