sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины телевизийн “Гроші”, “В тренде” нэвтрүүлэг, Freedom ТВ, оросын нийгмийн зүтгэлтэн Марк Фейгин, украины сэтгүүлч Марк Захарович, шинжээч Александр Алесин, Валерий Рябых, цэргийн зүтгэлтэн Сергей Череватый,  украины улс төрч Давид Арахамия нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украин дахь дайны фронт дээр Орос ялагдах тусам ОХУ нь хуучин СССР-ийн орон зайд нөлөөгөө алдаж, ОДКБ эвсэл дэх холбоотнуудаасаа дэмжлэг хүлээх нь бүү хэл доромжлол амсаж байгаа нь Ереванд явагдсан ОДКБ-гийн дээд түвшний уулзалтаас харагдсан. Арменыг, залгуулаад Казахстаныг цээрлүүлэх, тийшээ цэргийн тусгай ажиллагаа явуулахыг уриалсан ТВ-ийн нэвтрүүлэг Орост түгээмэлжив. Оросын нэртэй сэтгүүлч хөтлөгч Соловьев Казахстаны нацистуудыг идэвхтэй эрэн сурвалжилж байгаа ба ОХУ-ын бас нэг хөрш нь Оросын аюул дор орж ирсэнийг тэрээр илтгэнэ.
Украины эсрэг Путины цэргийн кампани дампуурах тусам Оросын ба эрх баригчдынх нь нэр хүнд унаж, 2-3-хан өдөрт Украиныг эзэлнэ гэсэн нь 10 дахь сардаа үргэлжилсэн бүтэлгүй дайнаар солигдож, насанд хүрсэн, ид ажиллах нийт 100 мянга орчим идэр эрсээ үхүүлж, 200 мянгыг нь үүрдийн тахир дутуу эрэмдэг болгосны хариуцлага, ялыг Орост ил далд шүүн ярилцдаг болжээ. “55:27”- Левада төв гэх санал асуулгын агентлагийн мэдээгээр оросын оршин суугчдын 55% Украин дахь дайнаа зогсоож, хэлэлцээ хийхийн төлөө, харин 27% нь дайныг үргэлжлүүлэхийн төлөө гарчээ. Анх удаа Кремлийн эрх баригчдыг ард иргэд нь сөрсөн дүн гарч, Путиныг шооконд оруулав.
 
Оросын арми аугаа хүчтэй, арвин баялаг туршлагатай, дэлхийд “номер 1” гэдэг үлгэрт итгэх явдал Орост эрс багаслаа. Гэтэл Оросын албан ёсны суртал нэвтрүүлэгчид Украиныг үзэн ядахын сацуу Казахстан, Армен гэсэн дайснуудтай болж аваад тэднийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжлон, бүр байлдаж устгахыг уриалах нь нэн инээдэмтэй ба эмгэнэлтэй. Кремлийн хамгийн ойрын холбоотнууд нь хүртэл Украины эсрэг халдан түрэмгийлсэн, Украины нутаг дэвсгэрээс хүчээр булаан авсныг хүлээн зөвшөөрөхгүй, далдуур Украинтай харилцаагаа барьсаар байна.
 
Одоо Оросын хувьд ганц найдвар, сүүлчийн цөхрөл нь Беларусь болж хувирчээ. Тус улсын ард иргэдийг айдсаар барьж буй, Гадаад хэргийн сайд нь гэв гэнэт өөрийн бус үхлээр үхчихсэн, Батька гэгчийг дараагийн бай болгочихсон, цэргийн шинжээч Александр Алесины Freedom ТВ-ээр ярьснаар Батька Лукашенкогийн хувь заяа нэгэнтээ шийдэгдсэн, Кремльд тусгай төлөвлөгөө бий, ФСБ тусгай операц явуулах аж. Гэвч энэ улс Украины нутаг дэвсгэрээс Оросын хүчээр булаан авсныг хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр, цэргээ Украины эсрэг шууд байлдуулахгүй, харин сум галт хэрэгслээр байлдаж буй оросын цэргийг хангаж,  нутаг дэвсгэрээ Орост ашиглуулсаар өнөө хүрчээ. Батька гэгчийн үндсэн үүрэг нь украины армийн ихээхэн хүчийг фронтоос татуулж, Украин-Беларусийн хил дээр барьж байх, мөн улс орноо Польш, Литва, Латвид даралт шахалт үзүүлэн дарамтлах талбар болгох аж. 
 
Белоруссын сөрөг хүчний зүтгэлтэн Франак Вячоркагийн ярьснаар Беларусьт оросын 10-11 мянган цэрэг таран байрлаж, хээрийн сургууль тогтмол хийж, хэзээ мөдгүй Беларусийн нутаг дэвсгэрээс Балтийн орнууд руу халдан түрэмгийлэхээс зэхэж байгаа ба Беларусийн зэвсэгт хүчний ихээхэн хүнд техникийг Орос авч Украины эсрэг дайндаа оролцуулсан, дайнд сүйдсэн эвдэрсэн хүнд техникүүдээ Беларусьт аваачиж засварлаж бүтэн болгоод эргээд ашигладаг, мөн тэндхийн агаарын цэргийн баазуудаас оросын онгоц, нисдэг тэрэг хөөрч хил даван дайнд ордог, Беларусийн нутаг дэвсгэрээс оросын пуужингууд Украины энгийн тайван хот суурин, иргэний байгууламжууд руу цохилт хийдэг. Энэ бүхэн нь тус улс дайны гэмт хэрэгт хамсан оролцогч болсны гэрч баримт гэжээ. Хэрэв Украиныг бутцохичихсон бол ОХУ цаашаа Европ руу түрэмгийлэхээр байсан. Киевт дэглэм унасан бол Балтийн улсууд руу оросын цэрэг ороход бэлхэн байсан, гэтэл Оросын түрэмгийллийг Украин зогсоосноор барахгүй бутцохих болоод байна хэмээн Франак Вячорка ярьжээ.
 
 
Украины зэвсэгт хүчний дорнод бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый ярьж байна:–Украины Донбасст Орос асар их хүч хаян байлдаж байна. Дайны эхний үед Оросын армийн хамаг шилдэг мэргэжлийн цэрэг тэнд байлдаж байсан бол одоо буу мөрлөж чаддаг эр сүвтэй болгоныг цэрэг гээд тэнд татан байлдуулж байна. Хүлээж байгаа хохирол нь хэрээсээ хэтэрлээ. Оросын түрэмгийлэгчид хүний амийг юман чинээнд бодохгүй хайр найргүй хядуулан байлдсаар байна. Төрөл бүрийн цэрэг, явган цэрэг, танк механикжсан анги салбаруудыг татан авчирсаар, цөхрөлтгүй давшсаар, давшилт болгон нь бөөн гарз хохиролтойгоор эргэж буцаад, эргэж дайраад, 8 дугаар сараас хойш Оросын явуулж байгаа давшилт ийм хэмнэлтэй болжээ. Луганск мужийн эзэлсэн нутагт оросын десантчид цөөн тоотой үлдсэн, тэд арай ядан украины сөрөг атакийг тогтоон барьж, ухрах бэлтгэлээ хийж байна. Донецк мужийн Угледарт оросын тэнгисийн явган цэрэг, Бахмутын районд “зэк”-үүд буюу шинээр дайчлагдагсад, мөн олон улсын хэмжээнд террорист байгууллагаар зарлагдаж буй оросын ЧВК Вагнер гэгчийн хөлсний цэргүүд байлдаж байна. Оросын эзлэн түрэмгийлэгчдийн цорын ганц зорилго нь Украиныг ялахад биш, ердөө л Украины батлан хамгаалах хүчийг сулруулах, туйлдуулах явдал юм. Гэхдээ хамаг шилдэг цэргээ алуулаад дууссан тул хоногтоо шинэ татагдан ирсэн оросын  510 цэргээ алдах нь энүүхэнд боллоо, хоногтоо нэг батальон цэргээ алдаж байна хэмээн Череватый ярьжээ.
 
Тэгвэл 11 дүгээр сарын Оросын хохирлыг дүгнэж украины цэргийн шинжээч Валерий Рябых ярихдаа 7 хоногт дор хаяж нэг хороо цэргээ алдаж байна, 11 дүгээр сард нийт 16970 цэргээ алдлаа, сүүлийн 7 хоногт нь  Бахмут, Лиман, Авдеевкийн районд оросын 3890 цэрэг алагдсан, Кремль энэ их хохирлыг үл тоон, зөвхөн улс төрийн зорилгоор ганц ч атугай ялалт байгуулахаар 70 мянган хүн ам бүхий жижиг Бахмут руу үхэлдэн дайрна, тэгэхдээ Оросын ялалтад итгэж хүлээх орос хүн ч цөөрсөн гэжээ.
 
Одоо чөлөөлөгдөх дараагийн муж нь Запорож болж байна. Өнгөрөгч 7 хоногт тэнд оросын цэргийн 20 орчим баазыг устгажээ. Энэ нь Мелитополь, Полога, Михайловк, Веселод украины арми, партизануудын байгуулсан ялалт бөгөөд нийт 1200 орос цэрэг алагджээ. Ингээд Запорожск-Мелитополийн чиглэлд украины цэргийн давшилтын зурвас бэлэн болжээ. Газрын зурагт Оросын эзэлсэн нутгийг бүхэлд нь нэг өнгөөр үзүүлдэг боловч ганц хоёрхон том хотод цэрэг нь бөөгнөрсөн, иймд Мелитополиос хөөгдвөл нийт Запорож чөлөөлөгдөж байгаа хэрэг болно. 
 
Украин дахь Оросын дайныг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ингэж тодорхойлжээ:– Украины энгийн иргэд, хүн ам, дэд бүтцийн объектуудын эсрэг санаатайгаар дэндүү их харгислал үйлдэж байна. Орос нь мянга мянган энгийн украинчуудыг алж устгалаа. Их бууныхаа бай болгож энгийн иргэд, иргэний дэд бүтцийг харгислан галлаж байна. Оросын энэ атак мянга мянган хүүхдүүдийг үхэлд хүргэж, үй олон  сургууль эмнэлгүүдийг хайр найргүй сүйтгэж сөнөөлөө. ОХУ-тай хил залгаа бүх улс орон Оросын ийм эзэнт гүрний түрэмгийллийг сэтгэл түгшин харж байна. Украин дахь байлдааны ажиллагаа харгис, хөнөөн сүйтгэх дайн болох нь дэлхий дахинд ил боллоо. Ийм дайныг хэн ч тэсэхгүй, бас хүсэхгүй–Остин хэлжээ.
  Дайн сунжрах тусам, үхэл хохирол дагуулах тусам байлдагч хоёр талыг хэлэлцээнд уриалах явдал дэлхийд түгээмэл болж байна. Аюулгүй байдлын баталгаа Оросоор гаргуулж хэлэлцээний ширээнд суулгая гэсэн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны саналд Украины “Ард түмний зарц” намын  парламентын фракцын дарга Давид Арахамия ингэж хариулжээ. Өмнө нь “G20” саммитад Зеленскийн 10 болзол (нөхцөл) гэж хэлснийг товчлон 4 болзол болгож томъёолохдоо:     
1) Орос нь манай орны нутаг дэвсгэрийг орхин гарах;
2) Дайны төлбөр төлөх;
3) Цэргийн бүх гэмт хэрэгтнүүдийг шийтгэх;
4) Цөмийн зэвсгээ сайн дураараа хураалгах гэжээ.
Энэ бүхнийг хийсний дараа бид хэлэлцээний ширээнд суухад бэлэн байна, аюулгүй байдлын баталгааны тухай ярилцахад бэлэн байна–Арахамия тэгж бичжээ. 
 
Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь