sonin.mn
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай хэлэлцээ хийж, Японы парламентын хоёр танхимын тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, Япон Улсын Эзэн хаан Нарухитод бараалхав. Хоёр тал айлчлалын үр дүнгийн талаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
 
 
Манай улс 1990 онд нийгмийн ардчилсан тогтолцоо,  зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн тэр цагаас хойш япончууд биднийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ Япон улс бол бидэнтэй нийтлэг үнэт зүйлстэй, бүс нутаг дахь дотно түнш, гуравдагч хөрш билээ.
 
 
Энэ удаагийн айлчлал нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын дүгнэн хэлснээр “хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирэх 10 жилийн замын зураглалыг тодорхойлж, харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой үйл явдал боллоо”.
 
Шинэ шатанд гэснийг тодруулбал, хоёр улс 1998 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсээр ирсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх шинэ шат руу ахилаа. Өөрөөр хэлбэл, Япон улс нь манай улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцаа бүхий анхны улс болж байна.  
 
Ташрамд дурдахад, манай улс одоогийн байдлаар БНХАУ, ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, гуравдагч хөршүүд болох АНУ, БНЭУ, БНСУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа билээ.
 
Дээр дурдсан Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд ойрын 10 жилийн хугацаанд хоёр тал 1. Улс төр, аюулгүй байдал 2. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа 3. “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо 4.Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн хаан Нарухитод бараалхав. 
 
Хоёр талын хооронд болж буй дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжсоноор  улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам бэхжиж, хоёр улс олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжсээр ирснийг айлчлалын үр дүнгийн тухай Хамтарсан мэдэгдлээс харж болно. Тодруулбал, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд уялдаа холбоотой ажиллахаа харилцан нотолсон ба Японы тал Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн Япон Улс “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг, Монгол Улс цөмийн зэвсгийг хураах асуудлаарх “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г дэмжихээ тус тус илэрхийллээ.
 
Эдийн засгийн харилцааг идэвхжүүлнэ
 
Ерөнхийд нь харвал, хоёр улсын улс төр, боловсрол, соёл хүмүүнлэг гээд худалдаа-эдийн засгаас бусад салбарт учирч буй бэрхшээл гэхээр зүйл үндсэндээ алга. Харин тодорхой объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр, тухайлбал, Монгол Улс далайд гарцгүй зэргээс шалтгаалан  худалдаа-эдийн засгийн харилцаа бусад салбарынхтай харьцуулахад хүрч болох түвшнээс доогуур, хангалтгүй байгаа нь үнэн. 
 
Тухайлбал, улс орнуудаас анх удаа манай тал Япон улстай 2016 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг /Чөлөөт худалдааны гэрээ/ байгуулснаар хоёр улсын худалдааны эргэлт өссөн боловч Монголоос Япон руу чиглэсэн экспортын хэмжээ ба Японоос импортолж буй барааны хооронд  1:25 гэсэн зөрүү үүсжээ.  
 
Иймээс нэгэнт бий болсон улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Чөлөөт худалдааны гэрээний Эдийн үр өгөөжийг дээшлүүлэх асуудлыг талууд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцлээ. Тухайлбал, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 10 жилийн дунд хугацааны төлөвлөгөөг тохирсноор Япон, Монголын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой шийдлүүдийг гаргалаа. Айлчлалын явцад Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Монголын бизнес эрхлэгчид Японы компаниудтай 6 томоохон гэрээнд гарын үсэг зурлаа.  
 
Цаашид нүүрс-химийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх чиглэлээр томоохон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхлүүлэхээр талууд тохиролцов. Тодруулбал, нүүрснээс  устөрөгч, түлш, хий, дизель түлш болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг гаргаж авах хамтарсан судалгаа хийнэ.
 
Хоёр орны эдийн засгийн харилцаанд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн /ЖАИКА/ шугамаар 1991 оноос хойш Улаанбаатар хотын IV цахилгаан станцын техникийн шинэчлэл, 2014 оноос тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна.
 
Элчин сайд М.Такаока Улаанбаатарын IV цахилгаан станцад. 2017 оны 1 дүгээр сар. 
 
Энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын цэнэг хураагуур суурилуулах, Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
 
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн салбарт, тэр дундаа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Мөн Монгол-Японы бизнесийн уулзалтын үеэр Японоос хөрөнгө оруулалт татахад таатай хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцэж, Монголд хөрөнгөө оруулсан Японы бизнес эрхлэгчдийг хохироож байсан зохисгүй үйлдлүүдийг шалгаж, тэдний гомдлыг барагдуулах талаар ярилцсан ба энэ үеэр Монголын Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлжээ.
 
Бусад асуудал
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Японы засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлж, бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь хоёр улсын ногоон хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх нь лавтай.
 
Мөн Японы тал хоёр орны харилцааг “хүн төвтэй харилцаа” хэмээн тодорхойлоод, хүний нөөцөө чадавхжуулахад нь Монголд дэмжлэг үзүүлэх, “1000 инженер” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх, байгаль орчны чиглэлд 20 мянган сургагч багш бэлтгэж өгөх гэх мэт тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
 
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол, Япон хоёр улс дараагийн хагас зуун жилд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн үйл явдал боллоо.  
 
Б.Адьяахүү