sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 27-28-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсэн бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Мөн хоёр улсын төлөөлөгчид 16 баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хоёр тал “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
 
Цар тахал бүрэн намжаагүй байгаа хэдий ч 2022 онд Монгол, Хятадын төр, засгийн тэргүүн нар, парламентын удирдлага болон сайд нарын түвшинд айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ болсоор байгаа нь хоёр улсын харилцаа өндөр түвшинд хэвээр хадгалагдаж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрсээр байгааг харуулж байна. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь улс төрийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой болсныг ажиглагчид, судлаачид онцолжээ. 
 
Юуны түрүүнд, ХКН-ын XX их хурал болж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ши Жиньпин 3 дахь удаагаа сонгогдож, намын Улс төрийн товчооны Байнгын хороо ба Төв хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш улсад айлчилж байгаа гэдгээрээ онцлог. Үүний зэрэгцээ геополитикийн сөргөлдөөн ширүүссэн, дэлхийн даяар логистикийн сүлжээнд саатал гарсан гэх мэт шалтгаанаар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удаашралтай, улс орнуудын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхжил суларсан нь Монгол-Хятадын эдийн засгийн харилцаанд ч нөлөөлж, зогсонги байдал үүсгээд байгаа билээ.
 
Ийм байдлыг арилгах үүднээс хөрш улсдаа айлчлах нь улс төрийн болоод эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулан онцолвоос, ХКН-ын XX их хурлын дараа Бээжинд гадаадын 5 орны төрийн тэргүүн айлчилсан бол Хятадын хөрш орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ.
 
Дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжсоноор  улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам бэхжиж, хоёр тал олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжсээр ирснийг айлчлалын үр дүнгийн тухай Хамтарсан мэдэгдлийн агуулгаас харж болно. Тухайлбал, Монгол Улс “Нэг Хятад”-ын байр сууриндаа тууштай зогсож, Хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэмжихээ илэрхийлсэн бол Хятад улс Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэллээ. Ер нь бол, хоёр улсын улс төр, боловсрол, шинжлэх ухаан, соёл хүмүүнлэг гээд худалдаа-эдийн засгаас бусад салбарт учирч буй бэрхшээл гэхээр зүйл үндсэндээ алга.
 
Худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт ба төмөр зам
 
Харин тодорхой объектив хүчин зүйлүүдийн нөлөөгөөр худалдаа-эдийн засгийн харилцаа хүрч болох түвшнээс доогуур байгаа нь үнэн. 
 
Хоёр тал цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсоноо Хамтарсан мэдэгдэлд дурджээ.
 
Таван жилийн өмнө хоёр орны засгийн газраас худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг тавьж байсан нь хэдийнэ хэрэгжсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэх том зорилтыг дэвшүүллээ. Үүнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын хилийн боомтуудыг холбосон төмөр зам нэн чухал үүрэгтэй, учир нь, хоёр талын худалдаанд ашигт малтмалын экспорт, ялангуяа нүүрсний нийлүүлэлт хамгийн их жин дардаг.   
 
Энэ онд монголчууд Хятадын хилийн боомтууд руу чиглэсэн хоёр төмөр замыг богино хугацаанд ашиглалтанд оруулсан бөгөөд одоо тэдгээрийг Хятадын төмөр замтай хэрхэн хурдан холбох вэ гэдэг нь гол асуудал болоод байна.
 
Энэ тухайд Хамтарсан мэдэгдлийн 11-р зүйлд “улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ” гэж дурдсан байна. Мөн хоёр улсын төмөр замын холболтын цэгийг тодорхой болгох асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И нар ярилцлаа. Энэ үеэр Хятадын тал мэдэгдэхдээ “Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцана" гэсэн хариу өгчээ. Одоогийн байдлаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан төмөр зам Хятадын Ганцмод боомтод, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Хятадын Мандалд боомтод тус тус тулж очоод байгаа юм.
 
Гэхдээ нэг зүйлийг дурдахад, төмөр замуудын холболтын цэгийг тохироод, төмөр замыг холбосноор асуудал шийдэгдэхгүй. Учир нь, 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т  нэмэлт өөрчлөлт оруулах, 2014 оны “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятад улсын парламент соёрхон батлах шаардлагатай болоод байгаа ажээ. Мөн нүүрс шилжүүлэн ачих, буулгах байгууламжуудыг богино хугацаанд барьснаар засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд барьсан шинэ төмөр замууд үр өгөөжөө өгч эхэлнэ.
 
Ингэснээр 2023 онд экспортын хэмжээ 11 тэрбум доллароос давна гэсэн тооцоо бий бөгөөд эл тохиолдолд хоёр талын экспорт-импортын хэмжээ ганцхан жилийн дотор 20 тэрбум доллароос давах бүрэн боломжтой.  Юутай ч, цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд нэн чухал шаардлагатай төмөр замуудыг Хятадын боомтуудтай холбох ажлыг яаравчилъя гэж талууд тохиролцсон нь айлчлалын бодит үр дүн мөн. 
 
Мөн Хятадад нийлүүлж буй нүүрсний хэмжээг 40-70 саяд хүргэе гэсэн саналыг манай тал гаргасныг Хятадын тал дэмжиж, Монголын нийлүүлж чадах боломжийн хэмжээгээр нүүрс худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  Хятад улс хүлэмжийн хийг бууруулах үүргийг хүлээж, нүүрсний хэрэглээгээ танах бодлого баримталж байгаа хэдий ч Монголын нүүрсийг багагүй хэмжээгээр импортлох сонирхолтой байгаа нь бидний хувьд том боломж бөгөөд үүнийг ашиглахад шинэ төмөр замууд зайлшгүй чухал. Өмнө нь, 10-аад жилийн өмнө Хятадын тал “20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс худалдан авахад бэлэн” гэдгээ мэдэгдэж байсан боловч төмөр замгүйгээс болоод нүүрсний экспорт дорвитой нэмэгдээгүй болой.  
 
Бусад онцлох асуудал
 
Цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  айлчлалын явцад хэд хэдэн том төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцлоо.  Үүнд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр зам доогуур нүхэн гарцуудыг барихад 30 сая доллар, Хүүхэд залуучуудын спорт цогцолбор, Үндэсний урлагийн их театрын барилгуудыг барихад 800 сая юаны буцалтгүй тусламжийг Хятадын талаас үзүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх тал дээр асар их туршлага хуримтлуулсан Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжихээ илэрхийлсэн нь ногоон хөгжлийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгөх нь дамжиггүй.
 
/Зураг дээр: 5-6 мянган хүний багтаамжтай цогцолбор/
 
Түүнчлэн Хамтарсан мэдэгдлийн 14-р зүйлд “ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна” гэж заажээ. Ер нь бол, хийн хоолойн асуудлаар Хятадын хэвлэлүүдэд бараг бичдэггүй, Хятадын төр засгийн түвшинд ч ямар нэгэн мэдэгдэл хийдэггүй, хүлээзнэж харзнасан байдалтай байсаар ирсэн тул энд дурдсан “идэвхтэй урагшлуулна” гэдэг үгийг онцлууштай содон санагдав. Өөрөөр хэлбэл, хийн хоолой барих төслийг Хятадын тал тууштай дэмжих нь гэсэн ойлголт төрлөө. 
 
Эцэст нь дүгнэхэд, Ерөнхийлөгч бол улсынхаа гол дипломатч нь байдаг бөгөөд тухайн улсын гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд дипломат арга замаар дэмжлэг үзүүлж байдаг. Эдийн засгийн агуулгаар нь харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлал нь засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэмжлэг үзүүлсэн айлчлал болсныг дурдах нь зүйтэй. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт тогтвортой жигд хөгжиж байгааг харууллаа.  Одоо талууд айлчлалын үеэр хийсэн тохиролцоонуудаа бодит ажил хэрэг болгох л үлджээ. 
 
Б.Адьяахүү