sonin.mn
Ажил булаадаг автомат. Нэг мод таривал нэг насны буян, хоёрыг таривал хоёр насны буян гээд ярьдаг л юм билээ. Би модгүй газрын хүн, тэгээд ч нас дээр гарсан над буяны хэрэг байлгүй яахав. Хотод компанитай нутгийн нэг хүү нутагтаа мод тарина гэж бүр хэдэн жилийн өмнөөс ярьдаг байснаа Ерөнхийлөгчийн уриа ч ташуур болсон биз өнгөрсөн хавар мэргэжлийн хүмүүс дагуулаад унаа хөсөгтэй нутгаа зорилоо гэж дуулдав. Тэр удаад холбоо барьж чадсангүй, тэгээд ч эхэлж газраа сонгож бэлтгэл хангаад модоо намар суулгах сураг сонсч тайвшрав. Сая харин хүсэл биелэж би нутагтаа мод тариад, тарих ч гэж дээ оролцоод ирлээ гэвэл нэрд цэвэр юмуу даа. Зурагтаар харж байхад том дарга нар мод тарьж байгаа газар очоод ганц нэг хүрз шороо хаяж байдгийн л жишиг юм болсон. Хүргэн бид хоёр уул нь ажлын хувцас, бэлтгэлтэй очсон байхгүй юу. Олзбаатар захирал намайг юманд гар хүргүүлсэнгүй. Хотоос очсон залуус мотор асааж хүчирхэг пүршин өрмөөр хэдхэн сүг сүг хийлгээд угсраа олон нүх бэлэн болгочих юм. Миний нэмэрлэсэн юм хүүхдүүдийн цуглуулж өгсөн хагас сая төгрөг л шилжүүлсэн, эрхбиш хэдэн мод болоо л байлгүй. Энд ахмад нь манай бэр багш Дарьсүрэн бид хоёр байж.
 
Биднийг урьж эхний мод руу шороо хийлгэсний дараа тэнд хийх ажил арван минут үргэлжилсэн байх. Тэр хэдэн хормын төлөө хүргэний ажлыг нь алдуулж унаа машин хөлөглөж нутгаа зорихын хэрэг байж уу гэх хөнгөн гуниг төрөх ч нутгийнхаа ногоон хувьсгалын бамбарыг асаалцсан хувьтайдаа бахархахаас өөр яахсан билээ. Олзбаатар захирал биднийг мордохын өмнө та манайхаар ороод гарахгүй юу гэдэг юм байна. Ажилчдын байрлах гэр лүү зүглэтэл наашаа гээд дүнхгэр том машины хаалга нээж өгөхөд. Ор дэр, ханын сав суулга, гал тогоо, тэр ч байтугай ариун цэврийн байгууламжтай явуулын тохилог сууцны босго алхсанаа мэдрэв. Гэрийн эзэгтэй Дэлгэрмаа бүсгүй ч идээ ундаа болон угтаж гал тогооны гэрээс хоол зөөлгөж биднийг дайлах зуур хээр газар мод тарих ажлыг Монголдоо анх автоматжуулж байгаа “Синус Дочи” компанийг зоримог туршилтын талаар яриа өрнөв.
 
Олзоо инженер анх нутагтаа мод тариад сайхан ногоон төгөл дунд алхаж яваагаар зүүдэлсэн цагаас энэ их ажлын санаа төрснөө хуучилж байна. Аав ээж нь цуварч мөнх бусыг үзсэний дараа эцэг өвгөд ихэс дээдсийн нутгаа ногоон баян бүрд болгох зориг санаанд шуударсан гэнэ. Өнгөрсөн хавар хааш хаашаа жаран метр талбайг хашиж аваад захаар нь шар хуайс эгнүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Хашаанаас зүүн тийш 200-гаад метрийн зайд худаг гаргасан, холоос манааны шовгор гэмээр цэнхэр өнгийн өндөр гозгор юм харагдсан нь тэр байж. Дотор нь жижиг мотор, бас худгаас ус татаж гадагш дамжуулах автомат байрладаг гэнэ. Хашаан дотор тод ногоон өнгийн контейнер дээр хэдэн том дөрвөлжин хуванцар цагаан сав эгнүүлсэн  нь худгаас ус хураах сан юмсанж. Санд ус дүүрмэгц автомат зогсоно. Өглөө 4-5 цаг, оройн 7-8 цагийн үед моднууд автоматаар услагдана. Ус дундрах хэмжээгээр автомат нь усаа шахсаар л байдаг. Худгийн гаднах жижиг танкерт бас ус дүүргэж түүгээр малаа усалдаг. Өвлийн горимд шилжихэд автомат усалгаа зогсч худаг малын унданд зориулагдах товчдоо ийм зохион байгуулалттайг бидэнд тайлбарлав. Эхлээд тал хээр газар ургадаг амь бөхтэй мод суулгаж туршихаар завдаж байтал мод үрслүүлгийн аж ахуйд ажилладаг нэг анд нь ирж хөрс шинжлээд сумын зүүн дорхи Хонин цагааны энгэр энэ газар ойр зуурын ямар ч төрлийн мод суулгаж болно гэж хэлсэн нь эдний хамт олныг зоригжуулсан гэнэ.
 
Улиас, хайлаас, за мэдээж шар хуайс, монос, чацаргана, хус мод ч ургуулж туршина, энэ удаа бид 250 мод суулгалаа гэж бидний араас Олзоо инженер  дуулгасан. Энэ нь зэхсэн талбайг модоор бараг дүүргэж жаахан л зай үлдсэнийг их ажлын ард хариуцаж үлдсэн Шижирбаяр дүү утсаар мэдээлэв. Яг одоо бол цэнэг усалгаа хийж дуусаад өвлийн горимдоо шилжиж байгаа гэж тэр хэлсэн.
 
Товчоор хэлбэл, энэ систем Монголд байхгүй, хүний гар хүрэхгүй, худаг асаах, ус шахах элдэв ажилд санаа зовохгүй, бүх ажиллагаа автоматаар явна гээд бодохуй дор  хөдөө нутагт ногоон хувьсгалтай зэрэгцэж техникийн хувьсгал хэрэгжиж байна гэж хэлэхэд дэвэргэсэн болохгүй болов уу гэх баттай итгэл төрөв. Автоматаар мод ургуулах төсөл нь одоогоор бас л санаанд нь хүрээгүйг ч инженер нуусангүй. Утасны сүлжээтэй бол түүгээр удирдаж автомат удирдлага хангагдах учиртай атал одоогоор сүлжээгүйн улмаас нарны панел ашиглаж байгаа гэнэ. Харин энд Юнитель сүлжээ барьдаг учраас контейнер дээрээ антен зоох бодолтой байгаа гэв. Бидний зорилго бол зөвхөн энэ жаахан талбайд мод тариад зогсох биш жил жилд талбайгаа тэлээд явахаар Шар худгийн голын энэ хөндий тэр аяараа моджино гэсэн үг. Бас доошоогоо  модны чөлөөнд хиймэл нуур байгуулна. Манай нутгаар усны шувуу дайрч өнгөрөхдөө замын шалбаагт шавааралдаж харагддаг, түүнийг болиулъя. Ус нь цэвэр байх ёстойн улмаас тэнд бас автомат ажиллуулах хэрэгтэй болно гээд инженер маань яриагаа улам хүч нэмж. Компанийхан маань наашаа ирэх дуртай байгаа шүү. Тиймээс зав чөлөөгөөр нь сумынхаа нутгийн байгалийн сайхныг үзүүлж түүх дурсгалын газраар бага сага аялуулаад амжсан. Манай залуус энэ удаа хэний ч хэлээгүй байхад өөрсдөөсөө  мөнгө төгрөг гаргаж энд тарих суулгац нилээнийг авчирсан харагдсан, нийтдээ манайх үрсэлгээнд дөрвөн сая гаруй төгрөг зараад байна гэж хэлэв.
 
Залуус үнэхээр сэтгэл гаргаж сайхан ажиллаж их юм бүтээсэнд ард үлдсэн дүү нар их баяртай байгаа бололтой. Тэгэхдээ энэ бол том хариуцлага гэдгийг Олзоо захирал бидний нүдэн дээр дүү нартаа нухацтай анхааруулж, мэргэжлийн хүмүүс энд ямар юмыг яаж орхисон яг л тэр байдлаар нь огт гар хүрэлгүй хадгалж бас хааяа ч гэсэн арчиж цэвэрлэж гэрийнхээ эд хогшил шиг гамнаж байх учиртайг сануулж хэлэхэд дүү нар нь идэвхийлэн сонсч байв. Цаашид ч их ажлынхаа алхам бүрийг зураг хөргөөр архивлаж үлдээх бодолтой гэнэ. Хожмын үр хойч энэ их ажлын түүхийг мэдэхгүйн улмаас анхны л байгалиас заяасан маягийн ойлголт авахаас болгоомжилж хойт үеийнхэнд түүх үлдээхийн чухал, төрөлх нутгийнхаа байгалийг харж хамгаалах арчилж тордохын эрхмийг ойлгуулж мэдрүүлэх үүднээс нэгэн ёсны  амьд лаборатори болгож үлдээх бодолтой гэж захирлын хэлснийг дурьдахад бас илүүдэхгүй. Тэгээд мод тарьж байгаа маань хүмүүнлэг талаасаа өөрсдийн эцэг эх, өвөг дээдэстээ зориулсан өргөлийн суварга босгож байгаа гэж ойлгож болно. Одоо бид суурийг нь тавьчихлаа гэж хэлээд захирал баясангуй инээмсэглэж зогсов. Бид ч явахаар завдаж үүд рүү дөхтөл жижигхэн түгшүүр угтах нь тэр. Мод тарьж байгаа талбайд оготны нүх энд тэндгүй, мэрэгчид бас л биднээс дутуугүй баяр хөөртэй бужигналдаж харагдсан. Гэтэл оготно гуай хэдийн ажилдаа орж гадаа ил орхисон  суулгацны заримаас мэрж холтолж бүр нарийн мөчрүүдийг зулгааж аваад тал тал тийш зууж одож байна гэнэ. Яахав захирлаа энэ дайснуудыг гэсэн чинь Олзоо биднийг дагуулж талбай руу дөхөж очсоноо энд тэнд хос хосоор нь хавсарч босгосон жижиг шилэн хавтангуудыг зааж эд л уг нь хөрсөнд жижиг чичиргээ өгч энэ дайснуудыг дайжуулах учиртай юм даа, үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхамд шилжинэ дээ гээд юу ч болоогүй янзтай өгүүлж билээ. Үнэхээр ч алгын чинээ тэр жижигхэн автоматууд эзнийхээ хүлээлтийг хөсөрдүүлсэнгүйд урамтай байгааг илтгэх мэт талбайд тэгэж бужигналдаад байх оготно харьцангуй цөөрсөн гэж мэдээлэв. Барагтайд дийлддэггүй сүрэглэсэн “дайсныг” ингэж буулгаж авна гэхэд итгэл муутай байсан хуучинсаг үзэлтэн өвгөн би олзуурхан сэтгэл баясахын зэрэгцээ нутагт маань ингэж автоматууд ажил орлох эрин эхэлснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэв.    
 
Алсдаа арлын орон ч алгаа тосно биз. Түүх бүтээж байгаа хүний хувийн амьдралыг сөхөх бас сонирхол татдаг учраас бид яриагаа энэ зүг түр хандуулж амжсанаа дуулгая. Олзоо хүү сумандаа бага анги, хотод ирж аравдугаар анги төгсч барилгын ТМС-д орсон юм байна. Энэ бол байдаг л асуудал. ТМС-ээ онц төгссөн гэнэ. Тохой зэрэгцэн суусан нөхдөөсөө хол тасарсан намтар харин эндээс сөхөгдөх бололтой. Төгсөгчийн бүтээлээрээ бусдаас тасархай харагдаж л дээ. Бүтээл нь юу байсан гээ, сургууль дээр хичээл эхлэх, завсарлах хонх цохидог доо. Хүн л юм болсон хойно жижүүрүүд заримдаа тав арван минутаар урьд хойно хонх дарах алийг тэр гэхэв. Тэгвэл автоматаар яг л цагт нь хонх цохих зохицуулалтыг оюутан Олзбаатар бүтээлээрээ сэдсэн хэрэг. Үүнтэй эн зэрэгцэм бүтээл барилгын ТМС-ийн төгсөлтийн түүхэнд урьд өмнө тохиож байсангүй. Хурал тарсан дараа оюутан Олзбаатарыг захирал өрөөндөө дуудаж хажуудаа урьж суулгаад баяр хүргэж их л баяр хөөртэй хэдэн үг сольсноо “За хүү минь чи дээшээ сургуульд сурах уу, эсвэл аль нэг бүтээж туурвих сонирхсон газраа очиж ажиллах уу? Юу ч л гэсэн чи ингээд барилга дээр гаргачих хүн биш байна, саналаа хэл” гэсэн гэнэ. Тэр удаа жаал хүү юу ч хэлж чадаагүй ч сайхан сэтгэлт захирлынхаа хөөцөлдлөгөөр Холбооны яамны үйлдвэрлэл шинжилгээний институтын зохион бүтээх товчооны ажилтан болжээ. Овоо төгссөн ирээдүйтэй хүүхдээ өөр тийш өгөхгүй, эндээ авч үлдэнэ гэж Барилгын яамныхан бас үг хэл хийсэн ч миний аз таарч тэр товчооны босго алхсан даа гэж Олзоо инженер хуучлана.
 
 Цааш нь ярихдаа мундаг инженерүүдийн гар дээр очиж нухлуулсан маань миний амьдралд эргэлт авчирсан. Тусгай мэргэжлээр дөнгөж төгссөн шинэ пацаан ороод ирэхэд инженерүүд анх гайхалгүй яахав дээ. Чи юу хийж чаддаг вэ гэхэд нь айлуудын зурагт, хөргөгч, магнитофон гээд ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ноцолдох дуртайгаа хэлж тэдэнд эрхбиш жаахан итгэл төрүүлсэн юм байх. Тэгээд л тэднийг дагалдаж мод төмөр будаг шунх юу байдаг тэр бүхэнтэй хутгалдаж бүр гальваник туршилтаар метал бүрж эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн өсгөгч, анхны хөдөлгөөнт холбоог Төв аймгийн гурван суманд туршсан. Олон нийтийн газар дуугаргах хөгжмийн өсгөгч, телефон аппарат, хөдөө орон нутагт хэрэглэгдэх техникийн олон шийдлүүдийг хэрэгжүүлсэн. Сонирхолтой ч гэж жигтэйхэн, нойр хоолоо хугаслах бол юу ч биш болсон доо. Инженерүүд ч үнэлж эхлэв. Будгаа хийнэ, төмрөө ч хийнэ, нимгэн төмөр, мод, токарь, презер, никельдэх гальваник өнгөлгөө гээд оролцохгүй юмгүй. Монголд анх никельдсэн нь тэр байх. Дараа нь полистрол, полиэтилен материалуудаар хэвэнд цутгаж эхэлсэн. ТМС төгссөн залуус 350-400 төгрөгийн цалин авч байхад би инженерийн цалин 750 төгрөг авч байлаа шүү дээ. Хоёр жилийн дараа МОНЕЛ үүсч манайхан тэр рүү хошуурсан. Би ч  бас тэнд нэг жил ажиллаад авсан шүү. Саяхан мобийнхонтай уулзахдаа би танай ууган ажилтан гэсэнд тэд гайхаж л байна лээ. Анх 27 настайдаа тэнд орсон, түүнээс хойш өнөөдөр гэхэд тэднийтэй 27 жил хамтарч ажиллаад явж байна, сонин байгаа биз гэлээ. Энэ яриаг улам амттай болгох үүднээс цөөн асуултаар түүнийг жаахан уяв.
 
-ШУТИС-т хэдийд нь орж амжсан билээ?
 
- Тэр үед миний хобби цахилгаан техниктэй жаахан ноцолдох байж. Айлуудын өнгөтэй өнгөгүй зурагт, хөргөгч, магнетофон, приставк юу тааралдсанаа нухаад суудаг байлаа. Тэгээд 1993 онд радио электроник болон гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийн засвар үйлчилгээ эрхэлдэг ”Цахилал” хувиараа эрхлэх аж ахуйг үүсгэн байгуулж ажилласан. Тэгсний дараа ШУТИС-т орж байгаа юм. Тэндхийн Эрчим хүчний инженерийн их  сургуулийг хөргөлт дулааны инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Ингээд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлага дээрээ суурилан аж ахуйнхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлж 1998 онд одоогийн энэ “Синус-Дочи” ХХК-ийг үүсгэн байгуулсан даа. Манайх хөргөлт, халаалт, агааржуулалтын системийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, одоо бол салбарынхаа хошуу өлгөх компаниудын нэг болоод байна.
 
 -Мобийнхонтой зууралдаад байдгийн учир чинь юу вэ?
 
-Анхныхаа кондейшинг тэнд тавьсан л даа. Одоо Мобайлын таван компани манайхтай байнгын гэрээтэй. Үүрэн холбоо, бүх банкууд, за тэгээд дата төвүүд нэгэн адил. Том оврын байгууламжийн хөргөлтийн 60 хувь нь мобайлын систем. Өндөр үнэтэй материалуудыг өөрсдөө хийж шинэ цех нээж байгаа. Моторын эд анги нийлүүлнэ. Солонгосоос манай руу анх орж ирж байсан Эксель шиг биш арай дөнгүүр юм хийчих санаатай, хийж ч байгаа. Бенз моторуудад орох эд анги гээд 30 мянган ам. доллараар гардаг юмнуудыг ердөө зургаан мянгаар гаргаж өгч болж байна. Чанарын хувьд ямар ч ялгаагүй. Илүү ч хийж болох  талтай.
 
-Өөр сонин юу байна даа?
 
-Гар утасны сүлжээнүүдийн цамхаг гээд уул толгодын оройгоор юм босгоод  байгаа биз дээ. Түүний чинь хөргөлт гээд цахилгаан их иддэг. Үүнийг л тог ашиглахгүй болгох бүтээл дээр ажиллаж байгаа юм шүү дээ. Анхны бүтээл нь гараад ирсэн, Мобикомд туршаад амжилттай болсон. Эднийх чинь цахилгаан хэрэглээнийхээ 70 хувийг зөвхөн тэр хөргөх системд зарцуулдаг байхгүй юу. Ингээд зөвхөн Мобиком төдийгүй төрийн холбоо, Монголд байгаа бүх дата төвүүдэд нэгэн адил ашиглагдана. Тэр ч байтугай япончууд мэдээлэл авсан дороо манай бүтээлүүдийг бүгдийг авна гээд мэдэгдээд байгаа юм. Дэврүүхэн хэлэхэд манай хүүхдүүд одоо юун цалин, зүгээр л гаднаас ороод ирсэн баахан мөнгөний тоо хараад бүртгээд сууж байх нь байна шүү дээ гэж хэлээд захирал инээсэнд бид алга ташиж бүгд хэсэг зуур хөгжилдөв.
 
-Хүүхдүүдийн урам зориг ч жигтэйхэн сэргэсэн, шинэ албаныхан маань одоо ер нь Вензээс дутахааргүй чанарын үзүүлэлттэй эд ангиуд гаргах уриатай бужигнаж байгаа гээд л бод доо, чанар голлоно гэсэн үг гэснээр тэр их дуулиантай чихэнд чимэгтэй сонин дуулгасан яриа өндөрлөв.
 
Ахмад сэтгүүлч, МУСГЗ Лувсандоогийн Гүнсэн
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин