sonin.mn
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах 2022 оны гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээ долдугаар сарын 28-ны өдөр болжээ.  Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаад дараах таван хүнд тус өргөмжлөлийг хүртээсэн байна. Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулжээ. 
 
“Defacto” хүрээлэнгийн захирал Д.Жаргалсайхан 
 
Д.Жаргалсайхан нь долоо хоног тутмын “Defacto gazette”сонин болон телевизийн нэвтрүүлэг эрхлэн явуулдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхтэй сурталчлан таниулж ирсэн. Үүгээрээ Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлж хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа билээ. 
 
“Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн захирал асан Н.Энхбат
 
Н.Энхбат нь Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” буюу одоогийн “Чингис хаан” нисэх буудлыг барих төслийн захирлаар 2008 оны 12 дугаар сард томилогдсон юм. Тэрбээр тус нисэх буудал ашиглалтад орох хүртэл 13 жил хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох тус төслийг амжилттай дуусгахад хувь нэмрээ оруулсан юм. 
 
“Sankou tech” компанийн захирал Ч.Цэндээхүү  
 
Ч.Цэндээхүү нь Сайтама мужийн “Санко сэйки” компанид 3 жилийн хугацаанд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2005 оноос “Sankou tech” компанийн захирлаар ажиллаж өндөр чанартай, нарийн ажиллагаатай эд ангийг Япон Улсад нийлүүлж байгаагаараа Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм. 
 
“Sankou Marketing” компанийн захирал Г.Нямдэлгэр 
 
Г.Нямдэлгэр нь Монгол Улсын Их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Япон хэлний багш болон ЖАЙКА-д орчуулагчаар ажиллаж байсан. 2008 онд “Sankou Marketing” компанийн захирлаар томилогдож Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна. 
 
“Мон шибасаки” компанийн захирал Д.Долгормаа 
 
Д.Долгормаа нь Сайтама муж дахь “Шибасаки” үйлдвэрт 3 жил ур чадварын дадлагажигчаар ажиллан туршлага хурилтлуулж, 2005 онд “Мон шибасаки” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрбээр авто машины хөдөлгүүр, тоормосны эд ангийг үйлдвэрлэж Японд экспортлох бизнесээрээ дамжуулан Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.