sonin.mn
Өдгөөгөөс яг хорин жилийн өмнө Зэвсэгт хүчний 81 жилийн ойн баяр ойртсон тэр нэгэн өдөр хүү П.Жаргалангаас “Зүүнбаянгийн дивизэд ажиллаж байсан захирагч, орлогч нар хурандаа Д.Доржготовын өрөөнд цугларах” гэсэн мэдээ сонсож билээ. Тэр үед чухам юу болох гэж байгаа тухай ойлголт байсангүй. Хурандаа Д.Доржготов руу очих замдаа бэлтгэл генерал Т.Баатар, бэлтгэл хурандаа Г.Самдан нартай автобусанд тааралдаж, гурвуул Батлан хамгаалахын Удирдлагын Академи дээр очиж билээ. Тэр үед Д.Доржготов нь Удирдлагын академийн Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа.
 
Биднийг очиход домогт дивизийн маань зарим хороо, ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Б.Хандмаа, И.Төмөрбаатар, С.Баттулга, Д.Энхбаатар, П.Даваачимбуу, Ч.Агваанцэрэн, А.Авганбай, Ё.Ариунболд нарын дайчин нөхөд маань тэнд цуглачихсан байв. Бидний хэдэн нөхдийг уулзуулсан Дивизийн захирагч асан, хурандаа Д.Доржготов “Бид уулздаг өдөртэй болох, цэргийн баяр болон бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг болох” талаар яриа өрнүүлснээр энэ их үйл эхэлсэн юм даа.
 
Зүүнбаян цэргийн хүрээнд ажиллагсад, тэтгэвэрт гарагсдаас тухайн үед нэгтгэл, анги байгууллагыг удирдаж байсан дарга нартаа гаргасан санал хүсэлтийг үндэслэн, бие биеэ дэмжиж, харилцан туслалцаж, хамтран ажиллах хүсэл сонирхлыг эрхэм зорилгоо болгосон нэгэн байгууллагатай болох нь тэр өдрийн ярианы гол сэдэв байлаа. Энэ үед Зүүнбаян цэргийн хүрээнд ганцхан анги үлдэж, бусад нь татан буугдсанаар олон тооны офицер, ажиллагсад нь цэргийн тэтгэвэрт гарсан, ажлаас чөлөөлөгдсөнөөр хаана ч харьяалалгүй, бүртгэлгүй болсон үе байв.
 
Арми даяар онигооны хаан “Ам Хандмаа” гэдгээрээ алдаршсан нөхөр “Хүн болгон 10,000 төгрөг гарга. Цэргийн баяр тэмдэглэе” гэж команд өгснөөр бид “Газар холдинг” компанийн зоогийн газар орж, тэр өдрийн уулзалт-яриа зоог, наадам наргиагаар үргэлжилсэн юмдаг. 
 
Бид ид шуугиж суух үед, хорооны захирагчаар ажиллаж байсан И.Төмөрбаатар “Холбоо” байгуулах тухай яриа үүсгэж, бүх гишүүдийн анхны хурал болтол холбоог тэргүүлэхээр миний нэрийг дэвшүүлж, туслахаар Ё.Ариунболдыг ажиллуулах санал гаргахад, тэнд цугларагсад хашгиралдан босч, түүний саналыг дэмжин алга ташиж, “Удахгүй 70 жилийн ойгоо тэмдэглэх Зүүнбаянгийн цэргийн ангитай холбоо тогтоох, Төрийн бус байгууллага үүсгэх бэлтгэлийг идэвхтэй хангах” гэхчилэн бусад үүрэг даалгаврыг бид хоёрт өгснөөр энэ өдрийн уулзалт өндөрлөсөн дөө. Энэ өдрийн маргаашнаас нь бид “Зүүнбаян холбоо” Төрийн бус байгууллагыг байгуулах бэлтгэл ажлыг хангах салбар ажлын хэсгүүдийг байгуулж, ойр ойрхон Д.Доржготов даргын өрөөнд цугларч, ажлаа явуулдаг байлаа. Шинээр байгуулагдах “Холбоо”-ны удирдлагын баримт бичиг болох “бүх гишүүдийн дагаж мөрдөх дүрмийг” боловсруулах хариуцлагатай үүрэг надад оногдсон. 
 
Монгол Улсын Их хурлаар баталсан “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг судалж, шинээр байгуулагдах Зүүнбаян холбооны үндсэн баримт бичгийг боловсруулах ажилдаа оров. Уг хуулинд “ТББ-ын нэр, хаяг, үүсгэн байгуулсан он, сар, өдөр, зорилго, бүтэц, хяналтын тогтолцоо, Удирдах зөвлөлийн эрх хэмжээ, бүрэлдэхүүний доод, дээд хязгаар, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа, тэдгээрийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар, хуралдааныг хүчинтэйд тооцох ирц, хуралдаанаас шийдвэр гаргах журам, тус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам”-ыг ТББ-ын дүрэмд заавал тусгана, түүнчлэн “ТББ нь өөрийн данс, тамга, тэмдэгтэй байна” хэмээн нарийвчлан заасан байдаг. Ийм бичиг баримт дээр хэзээ ч ажиллаж яваагүй би сандралд орж, тэр үеийн Хууль зүй, Дотоод хэргийн яамны мэргэжилтэн Оюунчимэгтэй уулзаж, зөвлөгөө авсанаар гурван сарын хугацаанд Холбооны дүрмийг боловсруулж, бүх гишүүдийн анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгож билээ.
 
Холбооны гишүүдийн Анхдугаар хуралдаан
 
2002 оны 6 дугаар сарын сүүлчээр Офицеруудын ордны их танхимд холбоог үүсгэн байгуулах асуудлаар гишүүд, дэмжигчдийн анхдугаар хуралдаан болж билээ. Хурлыг хурандаа Г.Самдан бид хоёр даргалан явууллаа. Ойролцоогоор 150 орчим Зүүнбаянчууд ихэд баяр баясгалантай, инээд хөөрөөр дүүрэн чуулан оролцож байсан нь санаанаас гардаггүй юм.
 
Анхны хурлаараа бид хурал удирдах дарга, тэргүүлэгчдийг сонгох, холбооны гишүүдийн дагаж мөрдөх дүрмийг батлах, холбоог удирдах Тэргүүнийг сонгох, нарийн бичиг ба Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, холбоондоо нэр өгөх, хурлаас тогтоол гаргаж, гишүүдээр хэлэлцүүлэн батлуулах, сонгууль явуулах журмыг хэлэлцэх зэрэг дэгтэйгээр хуралдсан юм. Зүүнбаянгийн Дивизийн захирагчаар ажиллаж байсан бүх эрхмүүдийг хурлын тэргүүлэгчдийн байранд урин суулгаж, хуралд оролцогсдын нижигнэсэн алга ташилтаар эхэлж байсан тэр цаг мөч ард хоцроод 20 жилийг өнгөрөөжээ.
 
Хуралд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал С.Баасанхүү оролцож байлаа. Хурлаар хэлэлцэх үндсэн асуудлууд дууссаны дараа олон гишүүн, дэмжигсэд үг хэлж, санал сэтгэгдлээ илэрхийлж байв. Хурлын бүх үйл ажиллагааг баримтжуулсан дүрс бичлэг, анхны хуралдаанаас гарч байсан бүх баримт бичгүүд өдгөө эвлэлийн ажилтан Д.Батжаргал болон Холбооны маань архивт хадгалагдаж байгаа гэж бодож байна. Хурлаар хэлэлцэгдсэн олон асуудлын нэг нь холбооны Тэргүүнийг сонгох ажил байлаа. Олон гишүүн санал гаргасны дараа Д.Доржготов, н.Сүх-Очир нарын нэр тунан үлдэж, санал хураалтын эцсийн дүнгээр Холбооны анхны тэргүүнээр Д.Доржготов сонгогдож билээ. Анхны хуралдаанаас гарсан бүх баримт бичгийг дахин нягталж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажил мөн надад оногдсон.
 
Тэр нь тухайн үеийн Хууль зүй, Дотоод хэргийн яам байсан бөгөөд асуудал хариуцсан ажилтантай хэд хэдэн удаа уулзаж, зөвлөгөө авч байсан болохоор “Саарал шинелээ тайлсан буурал хурандаа минь суу, суу” гээд л элэгсэг дотно харьцаж, холбооны бүх гишүүдийн анхны хурлаар батлагдсан баримт бичгийг уриалгахан хүлээн авсан бөгөөд хэсэг хугацааны дараа “Зүүнбаян холбоо” ТББ-ыг маань улсын бүртгэлд хамруулж, албан ёсоор баталгаажуулсан “Гэрчилгээ”-г надад гардуулж билээ. Ийнхүү миний бие хариуцсан ажил үүргээ амжилттай биелүүлж, гишүүд дэмжигчдийнхээ талархлыг хүлээж байлаа. Шинээр байгуулах ТББ-Холбоондоо “Зүүнбаян” хэмээх нэр өгөх саналыг би гаргаж, хуралд оролцогсод нэгэн дуугаар дэмжиж байсныг батлах олон ахмад дайчид энх тунх амьдарч байна. Харин холбооныхоо хаягийг Д.Доржготов даргын албан өрөө байхаар тэрхүү бичиг баримтад тусгасан юм даг.
 
“Зүүнбаян” холбоог үүсгэсэн он, сар, өдрийг би гишүүд, дэмжигчдийн анхдугаар хурал хийсэн өдөр байх нь зүйтэй гэж үздэг. Тэр өдөр нь 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байсан юм. Холбооны анхдугаар хурал чухам хэдийд, ямар бэлтгэл ажлыг ханган, хэрхэн зохион байгуулагдсан талаар 2005 онд миний бичиж үлдээсэн дурсамж мөн холбооны архивт байдаг байх.
 
Нас өндөр болж, нүдний хараа сулрах зэрэг бусад шалтгаанаа хойш тавьж, өвгөн би энэхүү дурсамжийг домогт Зүүнбаян холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан чадан ядан бичлээ. Ахмад, залуу үеийнхний хэлхээ холбоог бэхжүүлэх, бие биеэ хүндэтгэх, үүх түүхээ мэдэх, үндэсний өв соёлоороо бахархах үзэл бодлыг төлөвшүүлэхэд “Зүүнбаян” холбооны ахмадууд үлгэрлэн байгаасай гэж хүсч, энэхүү бяцхан дурсамжийг үлдээж байгаа минь энэ ээ.
 
Зүүнбаянгийн дивизийн хүчирхэг хөдөлгөөн дунд ажиллаж амьдарч ирсэн та бид нар өмнийн их шаргал говь Зүүнбаян нутгаараа их бахархдаг хүмүүс. Ингэхлээр “Зүүнбаян” холбоогоо бэхжүүлэхэд гишүүн бүр идэвх чармайлтаар дүүрэн ажиллаасай гэж залбиран явдаг хүний нэг болж дээ, би…
 
Энэхүү холбоог анх байгуулахад Анхдугаар хуралдааныг даргалан удирдаж явуулсан, ТББ-ын дүрмийг боловсруулсан, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, албан ёсоор улсын бүртгэлд баталсан гэрчилгээг авчирч, холбооны Тэргүүнд гардуулсан, холбоондоо нэр өгсөн, холбооны “Сүлд дуу”-г тогтоолгож өгсөн зэрэг үүрэг гүйцэтгэснээрээ өвгөн би бахархаж суудаг юм даа.
 
1980-аад оны эхээр зохиогдсон домогт “Их говийн гарнизон” дуу нь “Зүүнбаян” холбооны сүлд дуу болсон түүхтэй. Энэ дууг улс төрийн ажилтан Аюурзана баян хуур хөгжмөө эгшиглүүлэн хуралд оролцогсдыг уриалан ая дуугаа өргөж байж билээ. Гишүүдийн хүндэтгэн дуулах энэхүү дууны нэгэн бадгийг дурсамждаа оруулъя.
 
Ая. МУАЖ, УГЗ П.Хаянхярваа Үг. МУГЖ Г.Жанчив
 
Их говийн гарнизон
Тэнгэрийн хаяатай айлсан буусан
Таван эрдэнийн дуртмал өлгий
Тэмээний хэвтэр шиг дулаахан
Тэнэгэрхэн говьдоо хайрын заяатай
Энх төрийн сүлдээ тэргүүндээ дээдлээд
Эх орны манаанд жагсаж явна аа
Илчит нараа алган дээрээ өргөөд
Их говийн гарнизон дуулж явна аа
 
САЙН ХҮНИЙ МӨР БАЛАРДАГГҮЙ, САЙХАН ҮЙЛСТНИЙ НЭР ДАРАГДДАГГҮЙ
 
“Зүүнбаян” холбоог амьдруулахад зүрх сэтгэлээ зориулсан манлайлагчдаа дурсахгүй байхын аргагүй. Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах оргил үе нь 1970-аад он байлаа. Энэ үед армийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, шинэ ангиуд байгуулагдаж байсан үе.
 
“Зүүнбаян” холбоонд гишүүнчлэлтэй ахмадууд нь Зүүнбаянгийн Мотобуудлагын дивизийг өргөтгөн байгуулах их ажилд гар бие оролцсон, хийж бүтээсэн ажил үйлсээрээ алдаршиж явсан гавьяатнууд билээ. Бие бүрэлдэхүүний тоо болон зэвсэг техник ихээр нэмэгдэж, олон зуун цэрэг дайчид даавуун асар майханд жилийн дөрвөн улиралд амьдарч, өдий төдий техник ил задгай байрлаж, офицер ажиллагсдын орон сууцны асуудал ч хүнд байсан үе санаанаас гардаггүй юм. Хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан ч Дивизийн удирдлага дайчин шийдэмгий ажиллаж, их зүйлсийг бүтээж, тухайн үедээ түмэн олны хүндэтгэлийг хүлээсэн цэргийн том гарнизоныг цогцлоон байгуулсан түүхтэй. Түүх багаддаггүй бөгөөд түүхийг хүмүүс л үлдээдэг. Ач буян нь үл мартагдаж, эргэн дурсагдах хүний нэг бол Алтай нутгийн буурал генерал Тавхайн Баатар мөнөөс мөн. “Зүүнбаян” холбоог санаачлагчдын нэг, миний эрхэм худ Т.Баатарыг Зүүнбаянчууд сайн мэдэх учир магтаалаа багасгаад, түүнд домогт 6 дугаар Мотобуудлагын дивиз үүсэн байгуулагдсаны түүхэн 90 жил, “Зүүнбаян” холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, урт нас, удаан жаргалыг бэлгэдэн бичиж буй дурсамждаа оруулав.
 
“Зүүнбаян” холбооны анхны тэргүүн /2002-2010/, хурандаа Д.Доржготовыг Зүүнбаянгийн Мотобуудлагын дивизийн захирагчаар ажиллаж байхад орлогчоор нь, “Зүүнбаян” холбоог байгуулах их ажилд, анхны өдрөөс нь эхлэн санаа сэтгэл нийлэн ажилласан хүний нэг нь би байлаа. Тиймээс би энэ хүнийг “Дарга” гэж хүндэлсээр өдийг хүрчээ.
 
Д.Доржготов дарга бол хэнтэй ч маш энгийн нөхөрсөг дотно харьцдаг, хүнлэг сайхан сэтгэлтэй, зарчимч, төлөв даруу, шулуун шударга, эгэл жирийн Монгол эрийн бүхий л сайн сайхан шинж төрхийг агуулсан хүн байсан даа. Энэ хүний талаар хэн нэгэн хүн муу үг хэлж, гомдол гоморхол гаргаж байгааг би огт сонсоогүй. Харин ч манай дарга ингэж, тэгэж тус болсон гэсэн магтаалын үгийг л олонтоо сонссон доо, хөөрхий.
 
“Зүүнбаян” холбоог удирдан бэхжүүлэхэд /2010-2014/ хүчин зүтгэж явсан генерал Б.Шагдар нь арми даяар “Шакий генерал” хэмээн нэр алдар нь цууриатсан эрхэм билээ. Зүүнбаянд дивизийн штабт хамт ажиллаж байсан он жилүүд бидний хувьд сайхан дурсамж болж үлдсэн. Хамт ажиллахад гар нийлэмжтэй, цэргийн хэргийн ялангуяа оператив тактикийн өндөр мэдлэгтэй, хийж бүтээхийн төлөө шинийг эрэлхийлдэг, Зүүнбаян дивизийн унаган хүү, эрхэм генералаа бид бүхэн хүндэтгэж явдаг аа. Би гэдэг хүн сургуулийн төв полигонд буун дуу нижигнүүлсэн, “Шакий” маань сахилгагүй цэргийн хойноос хөөцөлдөж явсан он жилүүд, одоо ч нүдэнд харагдаж байна. Түүхт ойн баярын мэндийг эрхэм хүндэт генералдаа хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
“Зүүнбаян” холбооны одоогийн тэргүүн, генерал С.Баасанхүү нь наадамчин олны дунд “Морины Баасанхүү” гэдгээрээ алдаршсан нэгэн. “Бие багатай ч бэлчээр томтой” энэ эрхмийг тэртээх 1970-аад оноос хойш таних юм. Бидний үед “Цэргийн үндсэн хөдөлмөр бол сургалт” гэсэн уриатай байв. Тиймээ… Байлдааны бэлтгэл сургуулиар амжилт нэр нь цууриатаж, салааны захирагчаас Дивизийн захирагч, БХЯ-ны Төрийн нарийн бичиг, Дэд сайдын албанд хүртэл дэвшсэн хүн бол С.Баасанхүү юм.
 
Энэ эрхэмд гишүүд итгэл үзүүлэн холбооны Тэргүүний “жолоог” атгуулан, тэрээр чадварлаг удирдан залж явна. Эрхэм хүндэт генерал С.Баасанхүү маань улсын наадмын төв комиссын гишүүнээр олон жил ажилласан хүн. Гурван Баяны хөндий үзэсгэлэнт сайхан Зүүнбаян нутагт холбооныхоо 20 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааг дэнж хотойтол сайхан зохион байгуулах, цаашид ч холбооны үйл ажиллагааг улам өргөжүүлж, дэлгэрүүлэх өндөр ур чадвар эрхэм Тэргүүнд маань бий. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
Холбооны тэргүүнээр ажилласан, ажиллаж буй дээрх гурван хүнийг Арми даяар сайн мэднэ. Тухайн үедээ эд нар маань цэргийн том зүтгэлтнүүд байсан төдийгүй ажилсаг, нөхөрсөг, сайхан хамт олныг бүрдүүлж чаддаг, сайн зохион байгуулагч, хамт ажиллагсдынхаа ар гэр, ахуй амьдралын талаар үргэлж санаа тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг, гишүүд бидэнд нөмөр нөөлөгтэй байсан нь “Зүүнбаян” холбоог ийнхүү 20 жил оршин тогтноход томоохон нөлөө үзүүлсэн гэж би үнэлж бахархаж явдаг даа.
 
“Гэрийн эзний нэрээр бууж, гэрийн эзэгтэйн нүүрээр буцдаг” гэж манай нутгийнхан ярьцгаадаг. Тэгэхлээр холбоог нэр хүндтэй эрхмүүд удирдаж явсан нь армид одоо ажиллаж байгаа Төрийн бус байгууллагуудын дотроос шилдгийн шилдгээр тодорч яригдахад нөлөөлсөн биз ээ.
 
“Зүүнбаян” холбоог үүсгэн байгуулах эрхэм зорилгын төлөө санаа сэтгэл нийлэн зүтгэж явсан дайчин нөхөд Д.Доржготов, Г.Самдан, П.Жамц, Д.Бадам-Очир, ёстой л “гутлаа элэгдтэл гүйсэн” Ё.Ариунболд, Н.Эрдэнэчимэг, Б.Долгор, хувиасаа ихээхэн мөнгөн тусламж үзүүлж, шинээр байгуулагдсан холбоог санхүүжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан Д.Бат-Энх, Д.Батжаргал нараа магтан дурсахгүй байхын аргагүй гавьяатай хүмүүс билээ.
 
“Үндэс нь сайн бол үр жимс нь урган дэлгэрдэг”-ийн адилаар холбооны маань үйл ажиллагаа өргөжин дэлгэрч, холбооны гишүүд дүрмээр өгөх татвараасаа гадна олон арван хүн мөнгөн хандив өргөж, холбооныхоо санхүүгийн чадавхийг сайжруулахад тусалсан байдаг. Бид холбооныхоо ач буянаар жилд 2-3 удаа уулзаж, наргиж нааддаг нь хэвшил болжээ. “Зүүнбаянгаа бид мартахгүй” түүхэн уулзалтууд, сэтгэлд уяатай Зүүнбаян нутагтаа олон удаа очсон аялал, жаргал зовлон тохиолдсон үеийн дэмжлэг, тусламж зэрэг олон арга хэмжээнд манайхан сэтгэл хангалуун явдаг болов уу гэж бодож байна. Энд нэгэн тоо баримтыг нэмж дурдахад, сүүлийн 10 жилийн тайлангаас харахад 80 нас хүрсэн 16 хүнд 1 сая 280 мянган төгрөг, 70 настан 92 хүнд 6 сая 440 мянган төгрөг, 53 хүнд 6 сая 83 мянган төгрөгний буцалтгүй тусламжийг “Зүүнбаян” холбоо данснаасаа гаргаж, гишүүддээ олгосон байна. БХЯ-ны амралт сувилал, түүний харьяа ангиуд, ялангуяа ҮБХИС-ийн орон байр, хоол хүнс, техник хэрэгслийг бид олон жил хэрэглэж, санаа сэтгэлээ сэргээлээ. Ингээд эргэцүүлэн бодоход та, бид ямар их аз тавилангаар “цэргийн хүн” болж төрөө вэ гэсэн бодол төрдөг юм.
 
“Зүүнбаян” холбооны бас нэгэн эрхэм хүндтэй хүн бол холбоо оршин тогтнож ирсэн 20 жилийн 10 гаруй жилд нь холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Баатар юм. С.Баатар нь эрхэлсэн ажилдаа чамбай, хариуцлагатай, хар үгээр зүйрлэхэд “хий багатай эр” юм. Холбооны дотоод журам, гишүүдийн судалгаа бүртгэл, ажил албаны төлөвлөгөө, бусад санхүүгийн баримт бичгүүд энэ хүний гарт найдвартай хадгалагдаж байдагт талархаж явдаг ба холбооны ажлаар туршлагажсан дайчин нөхөр С.Баатарт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Холбооны удирдлагын зүгээс гишүүдийнхээ санал, хүсэлтийг жилд хоёроос доошгүй сонсож, мэдээлэл авдаг ажлын арга барил тогтсон хэвшил болжээ. Би л хувьдаа холбооны үйл ажиллагаанд “Хангалттай” гэсэн үнэлгээг өгч чадна.
 
2022 оны 2 дугаар сард болсон бүх гишүүдийн золголт уулзалтын үеэр Тэргүүн С.Баасанхүүгээс 20 жилийн ойгоор түүхэн альбом гаргах гэж байгаа талаар сонсоод өвгөн би дурсамжаа бичиж өгөх бодол санаа төрж, бичиж эхэлсэн юм. Дурсамждаа “Зүүнбаян” холбоо оршин тогтносон 20 жилийн бүх үйл явдлыг тусгах зорилго би тавиагүй. Харин холбоог байгуулахад ямар их ажил өрнөсөн талаар цухас ч гэсэн дурдлаа. “Зүүнбаян” холбоонд өнөөдрийн байдлаар 162 хүн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагаагаа явуулсаар их ойтойгоо золгох гэж байгаа баярт мөч ойртож байна. Их говийн гарнизонд алба хааж явсан дайчин нөхөд та бүхэндээ “Зүүнбаян” холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Чөлөөнд байгаа хурандаа, Суурь овогт  Данзангийн Пүрэвсүрэн