sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс америкийн цэргийн шинжээч Филип Василевскийн (Philip Wasielewski) ярьснаас сэдэвлэн Украины жанжин штаб, оросын  цэргийн зарим шинжээчдийн мэдээнээс түүвэрлэн хөрвүүлэн сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Мотив, мотивация гэсэн орчуулмааргүй үг байна. Учир шалтгаан гэж буулгадаг. Гэхдээ Украины дайн дээр тэр чигээр нь авчихмаар. Украинчуудын мотивация нь эх орноо хамгаалах, газар нутгаа хамгаалах. Харин тийшээ дайлж орсон оросуудын мотивация нь харийн нутгийг эзлэн авч ОХУ-д хүчээр нэгтгэж, ОХУ-ын нутаг дэвсгэрийг тэлэх. Эх орны сөөм, алга дарам газрын төлөө украины зэвсэгт хүчин 6 дахь сардаа байлдаж байна. Харин Украиныг буулгаж, эзэлж авч Оросын дагуул болгох гэсэн оросын цэрэг нь мотивацаа хүлээн зөвшөөрч чадахгүй, юуны төлөө хэний төлөө Украины шороон дээр үхдэл болох ёстой вэ гэсэн асуултыг Кремль рүү тавьдаг болоод байна. 
 
Оросын бие бүрэлдэхүүн маш их хохирч хорогдлоо. Хуурай замын цэргийнхээ 30 хувийг үр дүнгүй ашиглаад дуусгажээ. 1700 танкаа устгуулсан дайн үүнийг илтгэнэ. Фронтын авиац гэж салшгүй төрөл мэргэжлийн цэрэг нь алга боллоо. 450 нисэх онгоц, нисдэг тэргээ сөнөөлгөөд одоо зориглон нисэх нисэгч олдохоо болилоо. 
 
 
Серби ардын цэцэн үг байна: Дайнд улс төрчид сум, баячууд хүнс, харин ядуус хөвгүүдээ өгдөг. Дайн дуусдаг, улс төрчид гар барин мэдчилнэ, баячууд хүнснийхээ үнийг нэмнэ, харин ядуус хөвгүүдийнхээ шарилын эрэлд гарна.
 
Украин дахь Оросын дайн өнөөдөр сербийн үлгэрийг санагдуулна.    Оросын өдөөсөн дайны золиос нь оросууд өөрсдөө л боллоо. Филип Василевски ингэж ярьжээ: Донбасст үргэлжилж буй дайндаа Орос тактикийн зарим нэг ялалт, харин суртал нэвтрүүлгийн маш том ялалт байгууллаа. Харамсалтай нь стратегийн ялалт ганцыг ч байгуулж чадаагүй байж байгаад давших хүчнээ барчихлаа. Давшилтад оруулах цэрэг маш ихээр дутав.
 
Ялж чадаагүйн гол шалтгаан нь түрэмгийлэгч армийнх нь байдал төрх юм. Оросын арми дотроо гурван төрлийн “арми”-аас бүрдэж байна. Нэгдүгээрх нь элит буюу десанчид, тэнгисийн явган цэрэг, тусгай хүчин, хувийн цэргийн компаниуд юм. Эд бол сайн дураараа бүрдсэн, байнгын бэлэн байдалтай, одоо ч давших эрмэлзэлтэй. Гэтэл элит арми нь асар их хохирол амссан, хохирлыг нөхөхийн тулд дахин шинээр бүрдүүлж бүтэн жил сургуулилах ёстой, гэтэл бүх зүйлийг “0”-оос эхлэхтэй адил украины фронт дээр үй олноороо хохирч сүйрсэн дүнтэй байна.  
 
Филип Василевскийн үзэж байгаагаар оросын армийн хоёрдахь хэсэг нь буюу “хоёрдугаар арми” нь байнгын цэрэг буюу гэрээт ба хугацаат цэрэг. Татлагаар аваачсан хугацаат цэрэг байхгүй гэж Орос өөрөө няцааж байгаа ч Украинд очсон нь их байна. Тэд бол фронтод сэтгэл зүйн бэлтгэлгүй, бүх шатанд командлал нь сул дорой,  ложистик гэж бараг байхгүй. Их бууны ангиуд нь Кремлийг баярлуулахаар байлдаж байгаа гэж ярьдаг ч мэргэжлийн түвшинд украины ангиудаас илүү гарч чадахгүй нь харагдсан. Тооны хувьд хохирлын үлэмж хэсгийг оросын энэ хоёрдахь “арми” өөртөө хүлээнэ. Ихэнхи нь явган цэрэг тул украины галд өртөх нь илүү. Агаараас эсэргүүцэх, танк, их бууны ангид нь оросууд, давшдаг явган цэрэг нь буриад, дагестан, хакас, алтай, тува, халимаг, мордов зэрэг жижиг үндэстнүүд байдаг ба оросууд нь бага үрэгдэж, жижиг үндэстэн нь олноороо алуулжээ. Донбасст ялалтыг үүрсэн хэмээн Орост энэ хоёрдахь армийг үздэг ч тэр “тооны ялалт” болохоос “чанарын ялалт” биш ажээ. 
 
Оросын армийн гуравдахь “анги салбарууд”-ыг туслах хүчин гэж нэрлэдэг. Оросын армийн ар талд хангалт үйлчилгээ, хамгаалалт, залхан цээрлүүлэлт хариуцдаг ангиудыг тэгж нэрлэнэ. ДНР, ЛНР гэдэг тоглоомын хоёр улсын үндсэн иргэд, дээр нь Рамзан Кадыровт үнэнч чеченийн отрядуудаас бүрддэг. Тоглоомын хоёр БНУ-ын цэрэг гэж их бууны зууш, амьд бамбай, зарлагын материал, тэднийг Донбасст нь маш сайн ашиглаж, тэд ч маш ихээр хохирч үрэгдэж байна. Тэдний ихэнхи нь албадлагаар цэрэг явсан, цэргийн бэлтгэл сургуулилалт хийгээгүй, зэвсэглэл муутай, ихэнхи нь II  дайны үеийн винтовоор байлдаж буй, давших байлдаанд нэмэргүй, гэхдээ байлдахаас татгалзвал чеченийн залхаан цээрлүүлэгчдийн “заградотряд”-ын отолт, харгислал ард нь хүлээж байдаг, чечениүд нь Эх орны дайны үеийн НКВД-гийн (ДЯЯ) цэргийн ангиудын үүрэгтэй байна. 
 
 
Филип Василевскийн энэ яриа үнэний ортойгоор барахгүй бараг үнэн болж таарсан. Орос маягийн ротаци–эзэлж авсан нутгийнхаа украин иргэдийг (65 хүртэл насны бүх эрчүүд) албадан, хуу дайчлан байлдуулах, оросын орон нутгийн шоронгуудын ялтангуудыг ялаас чөлөөлөх, сарын 130 мянган рублиэр цалинжуулах нэрээр цэрэгт татаж Украин руу илгээх гэх мэт аргаар хиар цохиулсан армиа Орос нөхөж байгаа нь америк судлаачийн хэлсэн үнэнийг батлаж байна. 
 
Оросын дайны арга тактик тодорхой харагдаж байна. Украины хотуудыг эзлэн авмагц суртал ухуулгын асар их ажил явуулна. Киевт дургүй хүмүүсийн эрэлд гарна, эсвэл гудамжнаас, ажлын байрнаас нь шууд баривчлан авч явж цэрэгт албадан элсүүлээд, сургуулилгүй фронт руу илгээнэ. Гэвч Оросын төлөө, Путины төлөө явж амиа өргөх солиотон тун цөөхөн, бараг олдохгүй. Ёстой аргацаан окопны мухарт амиа хаацайлан хэвтэцгээнэ.
 
Юуны төлөө, ямар ирээдүйн төлөө төрөлх Украинаасаа салан тусгаарлах гэв, ингэж хядуулахын төлөө юу, оросын их бууны зууш болохын төлөө юу? Тэдний хувьд дайн л хурдхан дуусаасай гэсэн хүслээ нууна. Аймхай хулчгар, бас оросын суртал нэвтрүүлэгт 8 жил тархиа угаалгасандаа гутарч үхнэ. 
 
Дээрх гурван төрлийн армиас гадна “отказники” буюу оргон зайлагчдын томхон арми байна. Тэднийг баривчлан “ЛНР”-т подвалд хорьж байгаа, маш олуулаа болсон гэсэн мэдээ Current Time-сайтад тавигджээ.
 
Орос нь албан ёсоор Украинд дайн зарлаад, албан ёсоор бүх ард түмнээ дайнд уриалаад, бүх нийтийн дайчилгаа явуулбал Украиныг сөхрүүлнэ гэсэн хийрхэл Донбасст хэргээр дэгдээсэн. Москвад ч тэгж ярьдаг улс төрчид бий. Гэвч Кремль түүнд нь хүч зориг хүрэхгүй, цэргийн тусгай ажиллагааныхаа ажиллах газар зүйг тэлэх тухай хий ярина. Хэрэв дайн зарлаад бүх нийтийн дайчилгаа явуулна гэвэл ОХУ өөрөө элдэв эрсдэлд өртөх нь мэдээж. Албан ёсоор “түрэмгийлэгч” гэдэг хаяг Орост очно, НҮБ-д тэгж томъёолж албажуулна, ОХУ-д өөрт нь иргэд маш олон асуулт тавина. Бүх нийтийн цэрэг татлага явуулахгүй мэргэжлийн цэргийн хүчээр “Цэргийн тусгай ажиллагаа” явуулаад бүтэлгүйтлээ гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн хэрэг болно, оросын ард түмэн тэгж асуух болно.
 
Бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгааны оронд сайн дурын дайчдын батальонууд байгуулж Украины фронт руу илгээхийг Кремль бүс нутгууддаа үүрэг болгож эхэллээ. Ажилгүйчүүдээ фронтод уриалдаг боллоо. Ажил олгодог байгууллагууд 300 мянган рублиэр цалинжуулан Украинд очиж байлдах (ажлын байр) санал улайм цайм тавьж байна. Хоригдол ялтангууд түрүүчээсээ цэргийн ангиудад хуваарилагдлаа. Tэднийгээ эмхэлж цэргийн анги болгохын тулд оперативын пауз авна гэдэг жүжиг дэглэнэ. Пауз авснаа дараа нь гэнэт хол давших мэтээр сурталдана.  
 
Ийм хөгийн байдалд Оросын арми орчихсон байхад Оросын ба Кремлийн суртал ухуулагчид бүр ч ихээр уриалан дуудаж, бүтэхгүй ялалтаараа ард түмнээ гэгээрүүлнэ. Игорь Коротченко гэдэг нөхөр Оросын ТВ-ийн “60 минут”-аар ингэж ярив. Украины зэвсэгт хүчин Херсон дахь оросын байрлалыг галлаж байгаа юм биш, Орос руу галлаж байгаа юм. Яагаад гэвэл Херсон муж гэдэг чинь – энэ бол Орос мэдэв үү. Запорож муж – энэ бол Орос, Харьков муж – энэ бол Орос, Одесса, Николаев – энэ бүгд Орос, тэд бидэн рүү галлаж байна, мэдэв үү!
 
 
Баруунаас зэвсэг нийлүүлдэгийг нь одоо шийдчих, энэ бол хамгийн радикал, энгийн арга. Баруун талд байгаа төмөр замын дэд бүтцийн гол гол объектуудыг нь л сөнөөчих. Тэгвэл Польш, Румынээс цэргийн тээвэр ирэхгүй болно. Днепр мөрөн дээрх гүүрүүдийг устгах цаг нэгэнтээ болсон баймаар юм. Херсон, Шинэ Каховка руу өгч байгаа цохилт болгоных нь тоолонд Днепр дээрх гүүрүүдийг устгаад бай. Юунд нь нэрлэхэх вэ? Яагаад алгуурлана вэ? Энэ бол байлдааны хууль ёсны бай шүү дээ. Киевт доншуучлан ирээд байгаа барууны гийчид бүр эрээ цээрээ алдаж гүйцжээ. Тэд нэгдүгээрт айж эмээх ёстой. Хоёрдугаарт тэд Киевт агаараар ч, төмөр замаар ч ирэх бодит боломжоо алдах ёстой. Иймд өргөн хүрээтэй онилсон пуужингийн цохилтоо үргэлжлүүлбэл украины эрх баригчдыг бууж өгөхөд хүргэж магадгүй хэмээн оросын армийн хурандаа, оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгч  Коротченко минчийтлээ уурлан хашгична. 
 
Оросын зохиолч Борис Акунин ингэж хэлэв: -Украиныг ялахын төлөө ерөөсөө хамаагаа алджээ. Гэхдээ хэзээ ч ялахгүй. Ухрах газаргүй болчихсон учраас ерөөсөө украинчуудыг тайван байлгахгүй, хэвийн амьдруулахгүй гэсэндээ л Украины эсрэг дайтаж байна. Олон улсын эрх зүйн ийм нэр томъёо өгч болно. “Пуужингийн геноцид”, “Пуужингийн террор”, “Залхаан цээрлүүлэх акц”, “Украинчуудыг тайван амьдруулахгүй гэсэн сэтгэл зүйн террор” буюу Дэлхийн II дайны үед нацистын германы хэрэглэж байсан арга гэжээ.
 
Англи, Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь