sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор “Гэрэгэ Системс” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөлийн гишүүн Н.Энхжаргалыг урьж ярилцлаа.
 
 
 
ТЕХНОЛОГИЙН БАГШИЙН ЦАЛИН, БОЛОВСОН ХҮЧНИЙ ТАЛ ДЭЭР ТӨР ШИЙДЭЛ ОЛОХ ХЭРЭГТЭЙ
 
 
- Манай улсын технологийн хөгжил Солонгос, АНУ-аас олон жилээр хоцрогдсон. Тиймээс  өндөр хөгжилтэй оронд байгаа хүмүүсийн жишээ туршлагыг судалж авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
Монгол Улс дижитал шилжилт, цахим үндэстэнд ач холбогдол өгч байгаа нь сайшаалтай. Болж бүтэхгүй зүйлс ч бий. Гэхдээ шүүмжлээд суух биш шийдэл олохын тулд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт ажиллаж амьдарч буй мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, судлаачид Монгол дахь технологийн салбарын асуудлууд болон бусад орны туршлагаас ярилцаж, зөвлөмж гаргалаа. Гадаад дахь Монголчуудын технологийн чуулга уулзалтаас зөвлөмж гаргаад орхих биш бодит ажил хэрэг болгохын тулд Инновац, цахим бодлогын байнгын хороонд санал тавьснаар биднийг дэмжиж хамтарч ажиллаж эхэлж байна.
Мэдээллийн технологийн салбарт олон асуудал бий. Тэр дундаас хамгийн чухал буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид чуулга уулзалтаараа онцолж авч үзсэн. Төр, хувийн хэвшлээ дэмжинэ гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ төрийн том компаниуд гарч ирээд хувийн хэвшлийн бүрэн хийж чадах ажлуудыг “өмнүүр нь орон” авч хийх хандлага ажиглагдаж байгаа учраас цаашид ямар ажлыг төрийн компани нь хийх үү, алийг нь хувийн хэвшил хийгээд явах уу гэдгийг заагласан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ялангуяа, одоо хэлэлцэж байгаа  Төв, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хуульд саналаа тусгахыг зорьж байна. Мөн төрийн үйлчилгээг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хэрхэн хүргэх, иргэдийн хувийн мэдээллийг хадгалах хамгаалах талаас нь онцгой анхаарахад гадны туршлагыг судлахаас гадна технологийн салбарын хүний нөөцийн асуудалд төвлөрлөө.
 
Технологийн салбарын хүний нөөцийн асуудал хүнд байгааг бүгд мэднэ.  Салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа цөөхөн газар бий. Төрийн өмчит их сургуулиудын дэргэдэх технологийн томоохон сургуулиуд татан буугдаж, бусад сургуулиудтай нэгдсэн. Тиймээс хүний нөөцтэй холбоотой хамгийн эхний шийдэл бол дээд боловсролтой IT-гийн боловсон хүчин бэлтгэх  технологийн сургуулиудаа эргэж сэргээх ажил юм. Дэлхий нийтээр технологийн салбар эрчимтэй хөгжиж, улс орны нүүр царайг тодорхойлж байхад манайх технологийн сургуулиудаа цомхотгон бусад сургуультай нийлүүлсэн нь алдаатай шийдвэр байсан гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тэнхим байх, тусдаа сургууль байх гэдэг огт өөр. Технологийн салбар тэргүүлнэ гэж ярьж байгаа бол тусгай сургуулиудыг байгуулахаас өөр аргагүй. Ирээдүйд хамгийн эрэлттэй байх салбарт хөрөнгө татаж сайн багш, шилдэг техникийг тавих хэрэгтэй. Бүр тодорхой хэлбэл, технологийн чиг баримжаатай төрийн сургуулиудыг сэргээх нь зүйтэй. Хоёрдугаарт, төрөөс тусалж дэмжиж байгаад технологийн чиглэлээр дагнасан хувийн их, дээд сургуулиудыг цаг алдалгүй байгуулаасай. Татварын бодлого, зээл тусламжаар нь дэмжиж хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй. Үүний нэг жишээ бол уул уурхай, инженерингийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Герман-Монголын технологийн сургууль байна. Төр засгийн зүгээс олон улсын байгууллагууд руу хүсэлтээ гаргаад олон улсын технологийн сургуулийг Монголд оруулж ирмээр байна.
 
Хүний нөөц бэлтгэх дараагийн гарц бол МСҮТ. Энгийн код бичих, вэб сайт хийх чадварыг МСҮТ, коллежийн сургалтаар илүү өргөн хүрээнд олон хүн хамруулах нь үр дүнтэй. Дараа нь багшлах боловсон хүчин, ур чадварын асуудал хөндөгдөнө. Их сургуулиудад технологийн багш маш цөөн байна. Цалин багатай учраас ихэнх нь гадагшаа явсан. Өнөөдөр туршлагатай IT мэргэжилтнүүдийн дундаж цалин гурван саяас буухгүй байгаа. Гэтэл докторын зэрэгтэй мөртлөө хоёр сая хүрэхгүй цалингаар багшлах хүн цөөн. Тиймээс үнэхээр технологийн салбарыг чухал гэж үзэж байгаа бол багшийн цалин, боловсон хүчний тал дээр төр шийдэл олох хэрэгтэй. Гадаадын их дээд сургуулиудтай технологийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр гаргаж, олон улсын сайн багш нарыг уриад оюутнууддаа хэдэн семестр ч хамаагүй хичээл заалгаад авч болно.
 
Олон улсын туршлагаас харахад мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж байгаа хүмүүсийг багш болгох хандлага хүчтэй ажиглагдаж байна. IT мэргэжилтнүүдийг заах арга, багшлах чадварын сургалтад суулгаад багш болгоод орон нутаг, МСҮТ-д ажиллах боломжоор хангаж болно. Орон нутгийн хүүхдүүд  хот руу ирж технологийн сургууль, коллежид орсноос Дархан, Эрдэнэтэд суралцах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Харин хөдөө ажиллах багш нарынхаа нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.
 
 
 
ИРГЭДЭД БОГИНО ХУГАЦААНД ЦАХИМ БОЛОВСРОЛ ОЛГОХ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ
 
БЛИЦ:
 
БОЛОВСРОЛ
 
♦ Германы Хайделбергийн их сургууль, бакалавр ба магистр, хөгжлийн эдийн засагч
 
♦ Германы Хайделбергийн их сургуулийн  Ph.D хөтөлбөр
 
МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, бакалавр
 
♦ Гадаад хэл: Орос, Англи, Герман, Франц
 
Ажлын туршлага:
 
2018 оноос: “Гэрэгэ Системс” компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн
 
2010 оноос-“Интерконсалтинг групп” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
 
2008-2010-АНУ болон Монголд олон улсын байгууллагуудад гэрээт зөвлөх
 
2004-2009-М-Си-Эс Групп-ын салбар компаниудад захирал, дэд захирал
 
Гишүүнчлэл
 
2022 оноос-Гадаад дахь Монголчуудын технологийн зөвлөлийн гишүүн
 
2000 оноос-Цахим өртөө холбооны хамтран үүсгэн байгуулагч, УЗ-ийн гишүүн
 
2017 оноос-IWFCI Mongolia
 
\Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа үйлдвэрлэлийн танхим\-ийн ТУЗ-ын гишүүн
 
-Технологийн салбарын бас нэг чухал асуудал нь иргэдийг цахим чадварт сургах боловсрол юм. Эхний ээлжинд манлайлал, илтгэх чадвар зэрэг ерөнхий ур чадварын багш нарыг давтан сургаж иргэдэд цахим боловсрол олгоход дайчилж болно. Үгүй бол технологийн компаниуд маш гоё үйлчилгээ, аппликейшн гаргалаа гэхэд иргэд нь ашиглаж чадахгүй, ойлгохгүй бол яах вэ. Тиймээс иргэдэд богино хугацаанд цахим боловсрол олгох багш нарыг олон зуу, мянгаар бэлтгэх нь зүйтэй. Ингэж байж хэрэглэгчээ цахимд сургах, багш, сургуулиа бэлтгэж авна. Үүнээс гадна хүмүүсийг сургах бэлтгэх олон улсын байгууллагын боломжуудыг ч орхигдуулж болохгүй. Байгууллага ажилтнуудаа солилцооны хөтөлбөрт оруулж эх орноосоо гарч гадаадад сурч хөгжих боломжийг олгох хэрэгтэй. “Гэрэгэ Системс” компанийн хувьд боловсон хүчнээ бэлтгэхэд ямар ч асуудал тулгардаггүй. Дотоод сургалтын системээрээ ямар ч туршлагагүй хүүхдийг жилийн дотор бэлтгээд нэлээд боломжийн хөгжүүлэгч болгоод авчихдаг нь компанийн давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, “Гэрэгэ школ” буюу “Гэрэгэ системс” компанийн өөрийн гэсэн сургалтын арга барилыг бий болгосон гэж хэлж болно. Магадгүй IT компаниуд нийлээд богино хугацааны дундын академитай байх боломж харагдаж байгаа.
 
 
Боловсон хүчин, хүний нөөцийг бий болгох бас нэг шийдэл бий. Технологийн компанид 2-3 жил ажилласан мундаг залуусыг гадны байгууллагууд урьж ажиллуулж байна. Мэдээж тухайн ажилтад санхүүгийн шинэ боломж үүсч байгааг  нь харж дуртай явуулдаг. Харин хэсэг хугацааны дараа шилдэг боловсон хүчнээ буцааж авчрах ажлыг компанийн удирдлагууд хийх ёстой. 2-3 жилд тэр ажилтан маань илүү их туршлагажиж байх хугацаанд бид санхүүгийн хувьд хөл дээрээ зогсч Япон, АНУ-д авдаг цалинг нь сар бүр өгдөггүй юм гэхэд залуучуудаа буцааж авчирч, өөрсдийн салбар компаниуд дээр хувь эзэмшүүлж, тэрхүү урамшуулал, ногдол ашиг нь гадаадад авч байсан цалингаас нь нэг их дутахааргүй байх нөхцлийг бүрдүүлж өгөхөөр ажилладаг. Иймд боломж нь байгаад, залуучууд маань гадаад компаниудын шалгуурт тэнцэж байвал 2-3 жилийн чөлөө өгч явуулаад, харин эргэх холбоотой байх, буцаж ирэхэд нь санхүүгийн таатай нөхцөлтэйгээр угтаж авах тал дээр компанийн хүний нөөц ажиллах бэлтгэлээ хийж байна гэсэн үг.
 
Мөн их, дээд сургууль төгсөөгүй ч авьяасыг нь олж тодруулах хэрэгтэй. Тухайн үед сурах боломж нь байгаагүй ч унаган авьяастай, мэргэжилдээ сонирхолтой, хичээл зүтгэлтэй залуусыг "Гэрэгэ системс" сургаж авч байна. Хүний нөөцийг түлхүү олж авах бас нэг боломж бол жил бүр зохион байгуулдаг технологийн олимпиадад амжилттай оролцсон залуусыг үнэлж ажилд урьдаг. Гэхдээ IT-гийн мэргэжилтнүүдийг мөнгөөр “зодож” авна гэдэг шийдэл биш. Харин ч мэргэжилдээ дуртай боловч мөнгийг чухалчилж үздэггүй  жинхэнэ “мундагууд”  бол технологийн салбарынхан байдаг. Их цалин амлахаас илүү хийсэн бүтээсэн зүйлийг нь үнэлдэг, бүтээгдэхүүн болгож  гаргаж чаддаг, хүнээ хөгжүүлж улам ихийг бүтээх гүүр нь болж чаддаг байх нь ажил олгогчийн давуу тал болдог. 
 
 
 
ТӨР ТЕХНОЛОГИЙН ХУРДЫГ ГҮЙЦЭХГҮЙ АСУУДЛАА IT КОМПАНИУДАД ДААТГАХ ХЭРЭГТЭЙ
 
 
-Дэлхий хурдацтай хөгжиж байна. Төр битгий хэл хувийн хэвшил хөл нийлүүлэхэд хүндрэлтэй боллоо. Манай компанийн иргэдэд хамгийн ихээр танигдсан бүтээгдэхүүн болох “Гэрэгэ Киоск”  гэхэд дөрвөн жилийн дотор долоон хувилбар сольсон байх жишээтэй. Нэг зүйл хийгээд орхихгүйгээр жилийн дотор хоёр удаа системээ шинэчилдэг учраас үргэлж дэлхийн хамгийн сүүлийн үеийн систем рүү киоскоо хөрвүүлж, хөгжүүлж байдаг нь илүү хурдтай,  гацаж доголдохгүй сайжраад байдгийн гол учир юм. Тиймээс бид илүү инновацлаг байж, өөрөө өөртэйгээ уралдаж  ирсэн. Үнэндээ технологийн хурдыг төр гүйцэхгүй. IT салбар зам, барилга биш. Алхам тутамд мөнхийн өөрчлөгдөж байдаг учраас хувийн хэвшилд даатгахаас аргагүй. Төр өөрөө ажил санаачилж тендер зарлах хэрэггүй. Үүнийг олон улсад шийдвэрлэсэн арга бол “хувийн хэвшил санал санаачлага гарга” гэсэн зарчимтай. Үүний нэг жишээ нь манай компанийн ковидын бүртгэлийн систем юм. Хувийн хэвшил төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр шийдлийг нь олж хийгээд, түүнийгээ төрийн байгууллагад танилцуулж өөр өрсөлдөхүйц ижил төстэй систем байгаагүй тул төр шууд гэрээлж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ бол ТХХТ-ын “Unsolicited proposal to government”  буюу төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсад технологийн салбарт түгээмэл болоод буй хамгийн сайн туршлага юм. Өөрөөр хэлбэл, төрд асуудал тулгарангуут хувийн хэвшил маш хурдтайгаар шийдвэрийг нь төрд санал болгож, бусдаас түрүүлж шийдэл гаргаж чадсан учир тухайн ажлыг хэрэгжүүлэх онцгой эрх авах маягаар төсөл хэрэгжүүлэх аргачлал юм. Тэгэхээр цаашид төрд асуудал тулгарлаа гэхэд төрийн өмчит данхар компани байгуулж, асуудлыг шийдэх гэж төрийн мөнгийг үрээд байх биш, олон улсын “Yellow pages” аргачлал буюу хувийн хэвшлийнхэндээ хандаж “Хэнд нь шийдэл байна вэ, хэн нь хамгийн сайнаар энэ асуудлыг шийдэж чадах вэ” гэдгийг харуулсан “Шар Ном”-ын дүрмээр явах нь илүү үр дүнтэй.  Жишээлбэл, наадмын тасалбарыг цахимаар борлуулах ажлыг хэн хамгийн сайн хийж чадах вэ гэхэд “shoppy.mn” л байгаа биз дээ.
 
Энэ жил ямар амар байдлаар бид машины зөвшөөрлөө, наадмын тасалбараа авцгаав даа. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй ТҮЦ  машинуудыг шинэчилье гэвэл Гэрэгэ Киоск-ийг олон жил ажиллууж байгаа “Гэрэгэ Системс”-ээс илүү ТҮЦ машиныг шинэчилж ажиллуулах компани байхгүй л болов уу. Тиймд алив ажил үйлчилгээг төр хувийн хэвшлээр хийлгэхийн тулд төсвөөс мөнгө гаргаж тендер зарлах биш, “аль компани хамгийн сайнаар энэ ажлыг өөрийн зардлаар хийж чадах вэ” гэсэн тендер зарлачих хэрэгтэй. Харин хамгийн сайн мөртлөө төрд  ашигтай шийдлийг санал болгож буй компанийн ажлыг хийж, төртэйгээ ашгаа хуваах гэрээ хийх эрхээ авах хэрэгтэй. Энэ мэтээр төр хурдыг нь гүйцэхгүй, know-how хүрэхгүй зүйлтэйгээ зууралдах биш асуудлаа гаргаад тавьчих. Шийдлийг нь хувийн хэвшил танилцуулна.
 
Төр гуйгаагүй байхад хувийн хэвшил санал гаргана гэдэг хамтын ажиллагааны урьд нь байгаагүй цоо шинэ хэлбэр учир үүнтэй уялдсан эрхзүйн зохицуулалт Монголд дутаад байна. Технологийн компаниудад гоё санаа байгаа ч хэрэгжүүлэх механизм нь алга. Тиймээс дээр дурдсан олон улсад нэвтэрсэн арга аргачлалуудыг, үр дүнтэй туршлагыг авч хэрэглэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.
 
IT салбар улс орон болгонд үеийн үед хамгийн либерал байдаг. Угаас либериал байж хөгждөг онцлогтой салбар. Тэгэхээр хуулиар боомилох биш хувийн хэвшил хөгжих таатай орчныг нь бүрдүүлж, онцлогтой ганц салбарыг боломжоор нь либериал байлгаасай. Технологийн салбар уул уурхай шиг байгалийн баялагаа ашиглая гэсэнгүй. Оюун ухаанаа ажиллуулаад төрийн асуудлыг шийдвэрлэж өгье гэж байгаа юм. Тиймээс либериал байлгах, дэмжихээс гадна төрийн оролцоог аль болох багасгах ёстой.
 
 С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин