sonin.mn
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал хатагтай Одри Азулейн Монгол Улсад хийсэн ажлын айчлалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мандхай-тай ярилцлаа.
 
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Үндэсний их баяр наадмын өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, үр дүнгийн талаар ярилцлагаа эхлэх үү?
 
– Тэгье. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.  
 
Хамгийн сүүлд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Ирина Бокова манай улсад 2011 онд айлчилж байсан. Энэ удаагийн айлчлал 11 жилийн дараа, мөн Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын түвшинд манай улсад 1971 оноос хойш нийт 5 удаа айлчилж байсан түүхтэй.   
 
Айлчлалын хүрээнд Ерөнхий захирал Одри Азулейг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нар Ерөнхий захирал Одри Азулейтэй тус тус уулзаж, хариуцсан салбарынхаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
 
Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Энэ айлчлал Монгол Улс ЮНЕСКО-той хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
 
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын ач холбогдол, манай улстай хөгжүүлж буй харилцааны талаар сонирхуулна уу.
 
– Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор ЮНЕСКО-д элсэх эрхтэй болж, улмаар 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тус байгууллагын 108 дахь гишүүнээр элссэн. Тухайн үед БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу Гадаад явдлын яамны (ГЯЯ) Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол гарын үсэг зурж, ЮНЕСКО-гийн гишүүн болж байсан түүхтэй.
 
ЮНЕСКО нь улс үндэстнийг том жижиг, нийгмийн хэв маяг, арьс өнгө, хүйс, хэл, соёл, шашин шүтэг, гарал үүслээр үл ялгаварлан адил тэгш хандан үйл ажиллагаагаа явуулах үндсэн зарчим дээр суурилдаг байгууллагуудын нэг юм. Манай улс гишүүн болсон үеэсээ эхлэн ЮНЕСКО-той ойр дотно хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.
 
ЮНЕСКО манай улсын орчин цагийн шинжлэх ухааны суурь мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх, соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудын нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин, зоригжуулж ирснийг тэмдэглэх нь зүйтэй.
 
Монгол улс ЮНЕСКО-гийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлж хэрэгжүүлэх, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс (МҮК)-ыг 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ГЯЯ-ны дэргэд байгуулсан. Тус комиссын анхны даргаар Соёлын яамны коллегийн гишүүн, Урлаг судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нарыг томилсон байдаг. Одоогоор манай улс ЮНЕСКО-гийн хөтөлбөр, конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 7 үндэсний хороотой. Мөн Дэлхийн өвийн жагсаалтад нийт 5 өв, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 8 газар нутаг, Баримтат өвийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 4 баримтат өв, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 15 өвийг тус тус бүртгүүлээд байна.
 
Саяхан буюу энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл нуурын шим мандлын нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ийнхүү ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус цогцолборт газрын хадгалалт, хамгаалалтад анхаарах төдийгүй тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Ерөнхий захирал О.Азулей Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардуулсан.
 
ЮНЕСКО-гийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны, мөн нэгдэн орсон конвенцуудын хүрээнд бид тус байгууллагатай байгалийн болон нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, соёл, боловсрол, мэдээлэл, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, салбар салбарын олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж, нөөц байгааг онцолж хэлмээр байна.  
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей нар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар Та дээр дурьдсан. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү.
 
–Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хооронд сүүлд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг 2016-2021 оны хооронд хэрэгжиж дууссан. Энэ удаа Монгол, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий захирал Одри Азулей нар гарын үсэг зурж, ирэх 6 жилд хамтран ажиллах тухай санамж бичгийг байгууллаа.
 
Шинэчлэн байгуулж буй Харилцан ойлголцлын Санамж бичигт ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны 5 үндсэн чиглэл болох боловсрол, байгалийн болон нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллийн салбарт техникийн туслалцаа үзүүлэх, бодлогын зөвлөгөө өгөх, яриа хэлцэл хийх, чадавхыг бэхжүүлэх, стандарт болон жишиг тогтоох, шилдэг туршлага, мэдлэгийн дамжуулалтыг хүний эрх болон хэрэгцээнд тулгуурлан хүртээмжтэй, тэгш байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан.
 
 
Тухайлбал, ЮНЕСКО-гийн Цахим шилжилтийг дэмжих төвийг Монгол Улсад байгуулах, сургалт-эрдэм шинжилгээ -үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хангахад чиглэсэн судалгааны их сургуулийг хөгжүүлэх, оюутан залуучуудад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх таатай орчин, ажил мэргэжлийн болон инновацын төвүүдийг бий болгох, нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх үндэсний чадавхыг сайжруулах, шинжлэх ухааны салбарын судалгааны лаборатори нээхэд чиглэсэн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын биет ба биет бус өвийг хамгаалах, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх, соёлд суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал зорилтууд багтсан.
 
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн айлчлал Үндэсний их баяр наадмын үеэр таарсан нь тохиолдлын зүйл биш байх, тийм үү?
 
– Ерөнхий захирал Одри Азулейг бид Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан, мөн Үндэсний их баяр наадмыг танилцуулах үүднээс тусгайлан энэ үеийг тааруулж урьсан. Ерөнхий захирал бидний энэхүү саналыг хүлээн авч, ач холбогдол өгч, маш шахуу олон ажлынхаа хажуугаар манай Үндэсний их баяр наадмыг өөрийн биеэр ирж үзэж сонирхож, манай үндэсний онцлог, зан заншил, нүүдэлчдийн онцлог соёлтой танилцсанд бид баяртай байгаа.
 
Учир нь манай Үндэсний их баяр наадам маань 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Энэ утгаараа агуулгын хувьд илүү утга учиртай айлчлал болсон болов уу.   
 
Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хүрээнд Ерөнхий захирал ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Орхоны хөндийн соёлын дурсгалт газраар зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл ажиллагаатай танилцсан. Тэрээр Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин сумын нутгийн иргэд, тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал солилцсон.  
 
Мөн 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцсан.
 
ЮНЕСКО дахь манай улсын оролцооны талаар мэдээлэл өгнө үү. Мөн цаашдын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ямар боломжууд байна вэ?
 
 –Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, гишүүн улсын хувьд үүргээ идэвхтэй биелүүлэх, өөрийн оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.    
 
Манай улс өмнө нь ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 1983-1987, 2007-2011 онд тус тус сонгогдон ажилласан. Одоогоор манай улс ЮНЕСКО-гийн 2021-2025 оны Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн гишүүн, 2021-2025 оны Статистикийн хүрээлэнгийн удирдах Зөвлөлийн гишүүн, 2022-2023 оны Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих Засгийн газар хоорондын хорооны Дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна.
 
Харилцаа, хамтын ажиллагааг цаашид агуулга хэлбэрээр өргөжүүлэх, хамтран ажиллах өргөн боломжууд бий гэж харж байгаа. Мөн шинэчлэн байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх олон ажлууд бий. Монгол, ЮНЕСКО-гийн хооронд хөгжүүлж буй боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааныхаа дараагийн алхам, зорилтуудаа тодорхойлж, эдгээрийг цаашид ажил хэрэг болгоход тал талдаа анхаарч ажиллана. Үүнд мөн салбар хоорондын уялдаа, харилцаа холбоо чухал юм.