sonin.mn
Цар тахлын үеэс эхлээд манай улсад дотоодын аялал жуулчлал идэвхтэй өрнөсөн. Одоо ч энэ эрчээрээ. Харин үүнтэй зэрэгцээд иргэдээс соёлтой, хоггүй аялахыг зарчмын хувьд шаардана. Урин цаг хэдийнээ ирсэн болохоор амралт зугаалгад хорхойсож гэр бүл, найз нөхдөөрөө хөдөөг зорино, дүрмийн дагуу. Ингэхдээ нүд булааж, сэтгэл сэргээх байгалийн үзэсгэлэнт газрыг онилно биз ээ. Тэгээд хаана буудаллана тэндээ хогоо хаяж, голд машинаа угаачихаад дараагийн хохирогч болох газар руу жолоогоо эргүүлдэг. Үнэхээр настритай гараад хотоос хөдөөг зориход ил задгай хог хараад л урам хуга явдаг. Хор хөнөөлийн талаар яриад ч илүүц биз. Гэхдээ бүгд байгальд дайсагнадаг гэсэн үг биш. Хариуцлагатай, соёлтой аялагчид бий. Хогоо байгальд хаялгүй авч яваад, түүнийгээ цахим хуудсаараа дамжуулан түгээж, бусдадаа уриалдаг ийм хандлага ч тогтоод удаж байна. Цаашид ч энэ ухамсар амь бөхтэй байгаасай гэж хүснэм. Сүүлийн үед Хөвсгөл рүү зарлага ихтэй явснаас Улан-Үдэд очих нь бараг л дүндээ дүн гэж үзэх хандлага ч байна. Дотооддоо үлдэх байсан мөнгө ингэж л гадагшаа урсдаг.
 
Нөгөө талаар чанаргүй үйлчилгээ, тэнгэрт хадсан үнэ хэлэхээр нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс хүссэн газраа майхнаа барьж хоноод, хаа сайгүй хог хаях нь ойлгомжтой шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чөдөр тушаа болдог хүчин зүйлсийн нэг мөнөөс мөн. Бас гадаад орчинд, гаднын жуулчдын нүдээр Монголыг муухай харагдуулдаг.
 
Аялагчид ухамсартай, соёлтой эх оронч сэтгэлгээгээ алдчихгүй байгаасай. Энэ халшрал нь сүүлдээ эмгэнэл болж хувирсан. Нөгөө талаар аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүд ашгаа тэргүүнд эрэмбэлэлгүй, тав тухтай орчин, соёлтой үйлчилгээгээр имижээ бүрдүүлмээр байна. Хоёр талдаа реформ сайн хийвэл гадаад гэлтгүй дотоодод аялагчдаа ч сайн тойглоно. Ер нь аялал зугаалгыг дагаад байгальтайгаа зөв харьцах, харилцан шүтэлцээ, ан амьтнаа энэрэн хайрлах, экологийн тэнцвэрт байдлыг хангах гээд чухал агуулгууд хөндөгддөг. Тиймээс иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлье.
 
Өнөөдөр иргэн гартаа барьсан ундааны саваа хог биш түүхий эд гэж харж хэвшмээр байна. Хог хаягдлаа ангилж ялгаад дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлье. Бас хамтатгаад тогтвортой хөгжил гэж юу болох талаар ойлголтыг ч түлхүү өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн бие биеэсээ харилцан хамааралтай орших болсныг бид ерөөс ухахгүй юм. Бид ганцаархнаа энэ дэлхийд алхах гэж ирээгүй байлтай.
 
Хүний хөл хүрсэн л бол архины шил, нойлын цаас зэрэг ил задгай хог хөглөрч харагддаг энэ дүр зураг ийм л бодол дагуулдаг. Дараа нь байгаль хамгаалагч, холбогдох ажилтнууд хөглөрсөн хогийг түүж, тэр нь машины тэвш дүүргэнэ. Ойр хавьд, бие засах газаргүй, хогийн цэггүй гэдэг үндэслэлээр иргэдийг өмөөрч бас болно. Төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, ухамсар харилцан уялдахгүй, барьцалдахгүй бол горыг нь байгаль л амссаар ирсэн. Бидний хэлж заншсан эх оронч сэтгэлгээ эндээс эхэлнэ шүү. Амин хувийн үзлээсээ салсан цагт л бид хөгжинө.